Баялагт өмсүүлэх “малгай”

Монголын эдийн засгийн гол тулгуур болоод буй уул уурхайн салбарын харилцааг иж бүрнээр нь зохицуулах хуулийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан боловсруулж байна. Шинэ хуулиар уул уурхай хэмээх том салбарыг хөлнөөс нь толгой хүртэл нь “замчлах”-аар зориг шулууджээ.

Ашигт малтмалыг геологийн зураглал хийхээс эхлээд уурхайг хаах хүртэлх харилцааг энэ хуулиар зохицуулна. Үүгээр зогсохгүй хаалтын дараах мониторинг хийхийг ч үүнд даатгах нь. Өөрөөр хэлбэл, хог хаягдал, нөхөн сэргээсэн талбай нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй болтол Уул уурхайн тухай хууль үйлчилнэ гэсэн үг.

Геологийн зураглал хийхэд ашигт малтмалын орд илрэх шинж тэмдэг мэдэгдвэл өрөмдөж, нарийвчилсан хайгуул хийдэг. Ингээд уурхайн ам нээж, эрдэс түүхий эд олборлоно. Түүнийгээ түүхийгээр нь буюу хүдрээр нь, эсвэл баяжуулж борлуулдаг. Нөөцийг нь олборлож дууссаны дараа уурхайг хаана, эвдэрсэн газрыг нөхөн сэргээнэ. Энэ харилцааг Уул уурхайн тухай хуулиар зохицуулах нь.

Ашигт малтмал олборлож, баяжуулснаас үүдсэн хаягдал, байгалийн эвдрэл хүн, амьтан, орчиндоо сөргөөр нөлөөлөхгүй байх ёстой. Үүнийг бас энэ эрх зүйн баримт бичгээр хянана. Газрын хэвлийн нөөцийг сорчлох биш, бүрэн олборлох шаардлагатай. Уг хуулийн дагуу байгалийн нөөцийг бүрэн ашиглах шаардлага үүсэх нь. Үүнээс гадна уурхайн аюулгүй байдал, уурхайчин, хамааралтай хүмүүстэй холбоотой харилцааг зохицуулах юм.

Эрдэс түүхий эд олборлох, баяжуулахдаа химийн хүнд элемент хэрэглэнэ, газрын гүнд ажиллана, хүнд машин механизм ашиглана. Иймээс аюулгүй ажиллагаа хамгаас чухал. Мөн тайлагналын ил тод байдал, орон нутгийн иргэдтэй харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл уул уурхайн салбарт нэн хамаатай.

Үүнийг ч Уул уурхайн тухай хууль зохицуулах юм. Татварын ерөнхий хууль хэмээх нэршил бидэнд нэгэнт танил болжээ. Тэгвэл уг хууль уул уурхайн салбарыг зохицуулах бусад эрх зүйн баримт бичгийнхээ “малгай” нь байх юмсанж.

Үзэл баримтлалыг батлахдаа Уул уурхайн тухай хуультай болох гурван практик шаардлага байгааг онцгойлжээ.

Нэгдүгээрт, Ашигт малтмалын болон Газрын хэвлийн тухай хуульд уурхайн амьдралын мөчлөгтэй холбоотой харилцааг иж бүрнээр нь тусгаагүй, зарим заалт нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай төдийлөн уялдахгүй байгаа аж. Мөн Ашигт малтмалын тухай хууль нь “тусгай зөвшөөрөл”-тэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэжээ. Иймээс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой харилцааг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа гэнэ.

Хоёрдугаарт, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос ашиглалт хүртэлх үе шатанд буй авлигын үндсэн шалтгаан уул уурхайн салбарын хууль, эрх зүйн баримт бичгүүд нь хэт ерөнхий буюу тухайлсан заалтыг нь нарийвчлан тусгаагүйгээс үүдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн авлигын эрсдэлийн судалгаагаар аливаа зохицуулалтад тавих шаардлага нь тодорхойгүй гэж дүгнэсэн байна.

Тиймээс манай улс байгалийн баялгийн засаглалын индексийн “хангалтгүй” гэсэн ангилалд багтаж яваа аж. Гуравдугаарт, байгаль орчны хууль тогтоомж болон Ашигт малтмал, Түгээмэл тархацтай ашигт малтмал, Цөмийн энергийн тухай хуулиар уул уурхайн салбарыг зохицуулж байгаа ч хоорондын уялдаа, хэрэгжүүлэх механизм нь хангалтгүй байгаа гэнэ.

Тухайлбал, уурхайн хаалттай холбоотой зохицуулалтыг Ашигт малтмал, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд ялгаатай байдлаар тусгажээ. Үүнийг нэг мөр болгох юм байна.

Шинэ эрх зүйн баримт бичиг батлахын оронд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад болох биш үү. Уул уурхайн хуулийн төслийг боловсруулж байгаатай холбоотойгоор ийм асуулт ургана. Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш 200 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

“Уул уурхайн салбарт ямар нэгэн эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай болбол Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Энэ нь хууль эрх зүйн орчин нь тогтворгүй мэт сэтгэгдэл хөрөнгө оруулагчдад төрүүлж байна. Тиймээс шинэ хууль боловсруулах нь зөв гэж шийдсэн” гэсэн тайлбарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан өглөө.

Улмаар “Ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын хандлагад нийцүүлснээр салбарын талаарх олон нийтийн ойлголт, итгэл нэмэгдэнэ. Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн аргаар зүй зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчдын харилцаа сайжирна.

Нийгэм, эдийн засагт оруулах үр өгөөж нэмэгдэх, төр, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, орон нутаг, иргэдийн харилцаа оновчтой зохицуулалттай болох зэрэг эерэг үр дагавартай” гэж үзэл баримтлалдаа тусгажээ. Уул уурхайг бүрэн зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлснээр энэ салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ гэж тус яамныхан мөн тооцож буй юм.

Хуулийн төсөлд уурхай, уулын үйлдвэрлэлийг улсын хэмжээний буюу томоохон, бүс нутгийн хэмжээний буюу дунд зэргийн, орон нутгийн хэмжээний буюу бага хүчин чадлын, бичил уурхай гэж ангилахаар тусгажээ. “Уурхай, баяжуулах үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад үзүүлэх төрийн үйлчилгээг хялбарчлахаар ийм ангилал гаргахаар санаачилсан” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар ярилаа.

“Оюутолгой”-г хайрга олборлодог компанитай харьцуулж, адил шаардлага тавих нь зохимжгүй аж. Том компаниуд техник, эдийн засгийн үндэслэлээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах бол жижиг нь хариуцсан нэгжээрээ хянуулаад үйл ажиллагаа явуулах боломжийг шинэ хуулиар нээх гэнэ. Мөн тэрбээр “Хуулийн төслийг боловсруулахдаа “Татвар хураамж, тусгай зөвшөөрлийн тоог нэмэхгүй байх бодлого баримталсан. Үүгээр зогсохгүй төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагуудад шилжүүлэх заалт тусгасан” гэв.

Тухайлбал, баяжуулах үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооныхон хянаад, шалгуур хангасан тохиолдолд өгөх боломжтой юм байна. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч баяжуулах үйлдвэр байгуулах эрхтэй байдаг бол ийм лицензгүй компани ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр баяжуула хүйлдвэрлэл эрхэлж байгаа гэнэ.

Уул уурхайн хуулийн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмал, Газрын хэвлийн, Байгаль орчны багц, Эрүүгийн хууль, Зөрчлийн, Түгээмэл тархацтай ашигт малтмал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.

Одоогоор хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан зохион байгуулж байгаа аж. “Эрдэнэт үйлдвэр”, нүүрсний уурхайнуудын ажилчид гэх мэтээр салбарынхандаа танилцуулж, санаа бодлыг сонсчээ. Тэр хэрээр “малгай” хуулийн ус шавхагдаж байгаа болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)