Барьцаа

Орооцолдсон, барьцаалсан улс төр өрнөж байна. Ерөнхий сайд гурван сайдаа ажлаас нь чөлөөлөх санал тавьж, УИХ дахь бүлэг нь даруй хүлээн авав. Улмаар Гүйцэтгэх зөвлөлийнхөө хурлыг зарлаад байтал АН-ын дарга З.Энхболд хойшлуулж орхижээ. Уг нь үүгээр шинэ сайд томилох, эсэхийг хэлэлцэх байсан аж. Тэр зөвхөн Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг хойшлуулаад зогссонгүй, УИХ-ын чуулганы хуралдааныг түр завсарлуулах шийдвэр гаргах нь тэр. Өнөөх л АН-ынхны зөрчил үргэлжилж буй юм. Болж өнгөрсөн үйл явцын орооцолдоог тайлах гээд үзье.

ЯАГААД ОДОО ГЭЖ

МАХН-аас Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гарахаа илэрхийлэхэд л “Шударга ёс” эвсэл задрах нь тодорхой болсон. Улмаар МҮАН-ынхан сонгуулиар АН-ыг дэмжихээ мэдэгдлээ. Тэр үеэс л МАХН-ын гишүүн сайд нарыг чөлөөлж, өөрсдөө дангаараа Засгийн газраа бүрдүүлнэ гэх мэдээлэл гарсан юмдаг. Эвсэл задарсан тавдугаар сарын эхээр биш, яагаад одоо энэ яриа ажил хэрэг болсон нь сонин.

Тухайн үед “Эвсэл задарсан учраас Засгийн газар огцрох уу” гэдэг асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Эвсэл задарсан ч намуудтай хийсэн гэрээ хэвээр учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай” гэсэн хариулт өгч байлаа. Тэр үед З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарыг “хөөх” шаардлагагүй байв. Гэвч үүний дараа сонгуулийн тойрог, мандат хуваарилахад З.Энхболд дарга ганцаарчилсан тоглолт хийж, гишүүдийнхээ дургүйг хүргэжээ. АН-ын дарга болсноосоо хойш энэ эрхэм хүч түрэх, “дарангуйлах” бодлого баримталж буй. Тиймээс гишүүд нь “хариу цохилт” өгөхөөр төлөвлөж эхэлсэн бололтой. Тэд намын даргаасаа тусдаа, Ерөнхий сайдын, эсвэл Б.Гарамгайбаатар даргын өрөөнд сүүлийн үед байсхийгээд цуглах болсны үр дүн нь МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх саналаар илрэв. З.Энхболд сүүлийн хэдэн сар МАХН-ын дарга Н.Энхбаяртай найзархаж, наймаа тохиролцоо хийх болсон. Тэр бүхнийг нь баллаж, байдалд оруулахыг Бүлгийн гишүүд нь хүсэв бололтой.

Төрийн ажил тэдний эрх ашиг, харилцан барьцсан улс төр дунд алдагдаж байна. Хаврын чуулганаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлээс эхлээд батлах учиртай олон чухал хууль бий. Тэгээд ч зургадугаар сарын 23-нд сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх учраас төрийн ажилд санаа тавих хүн олдох болов уу даа.

Ийм алхам хийхэд хүргэсэн өөр нэг шалтгаан Ерөнхий сайдад бий. Оффшор данстай улстөрчдийн нэрийг олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум зарлахад аль аль намынх нь улстөрчид багтсан байсан. Гэвч сүүлдээ зөвхөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг онилов. УИХ-ын болон АН-ын дарга З.Энхболд телевизэд ярилцлага өгөхдөө “Оффшор данстай хүмүүсийг, С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй. Үүнийг хуульчлах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн. Улмаар гурван жилийн өмнө Ж.Батзандан гишүүний өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гэнэт л энэ долоо хоногт хэлэлцэн батлахаар болов. С.Баярцогт Ч.Сайханбилэг хоёр үй зайгүй найз. Тиймээс найзыг нь боорлож, нэр дэвшүүлэхгүй хэмээн “хавчсаны” хариуг З.Энхболдод өгч буй хэрэг. Нутагтаа хийсэн ажилтай, нэр хүндтэй учраас С.Баярцогтыг Сэлэнгийн АН-ын хороо дэмжиж, “Нэр дэвших, үгүйг ганц хүн биш, анхан шатны байгууллага нь шийддэг” гэсэн мэдэгдлийг З.Энхболд даргад хаяглаад эхэлчихэж. Тэгэхээр С.Баярцогт гишүүн өрсөлддөгөөрөө өрсөлдөх юм байна.

Хоёр шалтгаантай “эсэргүүцэл”-ийн энэ арга хэмжээнд З.Энхболд дор нь хариу барилгүй яах вэ дээ. МАХН-ын даргатай хийсэн тохиролцоогоо хамгаалахын тулд сайд нарыг нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх боломжгүй болгож, чуулганыг түр завсарлуулсан нь энэ.

ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ БА ТӨРИЙН АЖИЛ

Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас сарын өмнө Засгийн газарт холио солио хийж, гарман дээр морио юүлэх нь сонгууль болох гэж буй энэ эмзэг үед АН-ын нэр хүндийг сэвтээнэ хэмээн үзэх гишүүн цөөнгүй байна. З.Энхболд даргын шийдвэр ч нэг талаас ийм шалтгаантай биз. Ч.Сайханбилэг тогтворгүй байдал үүсгэхгүй байхыг тооцоолсон нь мэдээж. Түүний талынхан нэг сарын настай сайдын оронд хавсран үүрэг гүйцэтгэгч томилоод үлдсэн хугацаагаа дуусгахаар төлөвлөж байсан гэнэ. Тухайлбал, Шадар сайдын үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хавсран ажиллах байсан аж. “Хөөгдөх” гээд буй МАХН-ын гурав ч энэ ажилтай зууралдах шаардлагагүй, АН өөрөө л муухай харагдах байх, гэхдээ чөлөөлчихвөл сонгуульдаа анхаарал хандуулах цаг нэмэгдээд бүр сайн гэх агуулгатай хариулт өгсөн байна лээ. Гэвч одоо нэгэнт Зи дарга чуулганаа завсарлуулчихсан хойно, энэ асуудал гацаанд оров.

Нөгөө талаас төрийн ажил тэдний эрх ашиг, харилцан барьцсан улс төр дунд алдагдаж байна. Хаврын чуулганаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлээс эхлээд батлах учиртай олон чухал хууль бий. Хэрэг болгон оруулж ирсэн, улстөрчид оффшор данстай байхыг хориглох хуулийн төсөл нь ч яах юм. Тэгээд ч зургадугаар сарын 23-нд сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байх учраас төрийн ажилд санаа тавих хүн олдох болов уу даа. Бие биенээ ээлжлэн барьцаалсан улс төр үргэлжилж байна. Дараагийн нүүдэл нь хэнийх байх юм бол.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)