Баруун хязгаар дахь баялаг хийгээд бартаа

Цаст сүрлэг уулсын нутаг Увс, Ховд, Баян-Өлгийгөөр яваад ирлээ. Шинэ ногооны түрүүч цухуйж, газрын өнгө засраад, баруун аймгуудаар хаваржаа тавлаг байна. Эдийн засгийн хямрал нүүрлэлээ, ажилгүйдэл, ядуурал нэмэгдлээ гэсэн үгс санаатай санамсаргүйгээр хааяагүй дуулдаж буй ч амьдрал урьдынхаараа үргэлжилж байна. Гагцхүү сонгуулийн хийрхлээр “хачир” нэмчихээрээ хөдөөгийнхний амьдрал өөрсдийнх нь идэвх зүтгэлээс бус, улс төрөөс шууд хамааралтай болдог уламжлал өнөө ч янзаараа санагдав.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 21-23-нд Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллах үеэр намаараа талцаж хуваагдсан орон нутгийн иргэд “Танай намын Засгийн газрын үед монголчууд өрөнд орсон”, “Манай намын үед тийм байсан” гэх мэтээр бишгүй улстөржөөд авсан. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн холбогдох яам, агентлагуудын төлөөллөө дагуулаад очиж байхад ард иргэд “Манай нутаг оронд, бидэнд ийм асуудал тулгадаж байна, үүнийг шийдэж өгөөч” гэхийн оронд өөрсдөд нь төдийлөн наалдацгүй, төр, засгийн хэмжээний хэтэрхий том, глобаль юм ярих нь их байсныг нуух юун.

УВСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Улаанбаатараас Ховдын чиглэлд өнгөрсөн долоо хоногоос нислэг үйлдэж эхэлсэн МИАТ компанийн Боинг-737 онгоц битүү зорчигчтой, тасалбар нь ч тун эрэлттэй байгаа гэнэ. Ховдоос цааш Увс, Баян-Өлгий аймаг руу “А¬ро Монголиа” компанийн “Фокер-50” онгоц зорчигчдыг тээвэрлэж байгаа юм. “Улаанбаатараас Увс, Ховд, Баян-Өлгий орох гэж хоёр, гурван өдөр машинд сэгсчүүлж явдаг байсан бол одоо гал дээр цай пурхийлгэхийн зуурт л ирж, очдог болжээ” хэмээн нэгэн хөгшин хошигносон билээ.

Үнэхээр ч бид Улаанбаатараас Ховд ороход цаг гучин минут, Ховдоос Увс руу 40, Увсаас Баян-Өлгий рүү 20 минут л зарцуулав. Цаашид Ховдын нисэх буудлыг томруулах ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийхийн төлөө Засгийн газар тууштай ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэлсэн.

Увс аймагт өдгөө 80.9 мянган хүн оршин сууж байгаа нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Мөн тус аймгийн иргэдийн банкинд хадгалуулсан мөнгөн хуримтлал сүүлийн жилүүдэд тогтмол өсөж, 2011 оныхоос даруй 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мал аж ахуй, газар тариалан тэдний голлох салбар хэдий ч хөнгөн үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн үйлдвэрлэл зохих хэмжээнд хөгжсөний үр дүнд аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр увсчууд сүүлийн гурван жил бүсдээ тэргүүлж, 2012 онтой харьцуулахад хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэнийг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн Ерөнхий сайдад танилцууллаа.

Улаангомд 35 мВт-ын хүчин чадал бүхий дулааны станц ашиглалтад орсноор аймгийн төвийнхөн орон сууцандаа гал түлж, эсгий гутал, нэхий дээлтэйгээ зутруухан аж төрдөг байсан үе ард хоцорсноос харахад Увсаас хүн ард нь дайжих бус, харин ч амьдралаа залгуулах гэсэн хүмүүс тийш нүүж очих нь аргагүй юм. Гэтэл хажуугаар нь улс төрийн сонгуулийн шоу хийж, иргэдийн “тархийг угаах” гэсэн санаархал газар авч байгаагийн жишээ нь Увс аймгийн Малчин суманд газрын тосны хайгуулын хоёр цооног өрөмдөж, геологийн судалгаа хийж буй “Монголиа Гладвил Увс петролиум” ХХК-тай холбоотой асуудал бололтой.

Хайгуулын талбай нь Увс нуураас 4-20 км-т орших бөгөөд газрын тос ч илрээгүй байхад “Увс нуураа аваръя” хөдөлгөөнийхөн “Нуурыг маань ширгээлээ, цөлжилт үүсгэлээ” гэх мэтээр дэгсдүүлж байгааг иргэдийн уулзалтын үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлсэн. 2015 онд 10 тэрбум төгрөгийн хайгуул хийсэн тус компани өнгөрсөн жил нутгийн иргэд, аж ахуйн нэгжээс 4.2 тэрбум төгрөгийн ажил, үйлчилгээ авсны дээр орон нутагтай хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд 56 иргэн, аж ахуйн нэгжийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулжээ.

Дэмий юман дээр дэвэргэн сүржигнэж байгаад хайгуулын ажлыг зогсоовол орон нутагт “наалдах” байсан хөрөнгө оруулалтыг үргээж мэднэ гэж болгоомжилж буйгаа аймгийн удирдлагууд хэлсэн.

Одоо Увс нутагт хүлээгдэж буй төслүүдийн нэг нь баруун гурван аймгийг байнгын эрчим хүчээр хангах зорилготой 60 мВт-ын цахилгаан станц аж. Газрыг нь шийдэж, “Баруун Монгол Энержи” ХХК Германы “Сакс Энержи Монголиа” компанитай төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэ станц баригдсанаар увсчууд цахилгаан импортлогч биш, экспортлогч болох юм билээ. Цаашид Улаангомд том онгоц буудаг болбол Булангийн орнуудад мах экспортлох зорилготой мах комбинат байгуулах төсөл нь мөн хүлээгдэж буй гэнэ.

Түүнчлэн Увсад сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд 20 ортой хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих шаардлага нэн тэргүүнд тулгарч буйг тасгийн эрхлэгч Ц.Алимаа Ерөнхий сайдад учирлав. Өргөтгөл барихад шаардлагатай 500 сая төгрөгийг шийдэж өгөх талаар ЭМСЯ-нд үүрэг чиглэл өгнө гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлсэн. Мөн бусад асуудалд ч боломжийн хэрээр анхаарал хандуулна гэлээ.

ӨЛГИЙ СУМЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХЭД ТУСАЛНА ГЭВ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг иргэдтэй уулзах үеэр Баян-Өлгийнхөн боловсролын салбараа уналтад орсныг ихээхэн шүүмжилж байлаа. Тэндхийн улсын сургуулиудын сургалтын ч¬нар, агуулга тун тааруу учраас хувийн сургуульд хүүхдээ өгөх сонирхолтой эцэг, эхчүүд нэмэгдэж буй гэнэ. Өнгөрсөн жил есдүгээр ангийн хүүхдүүд нь элсэлтийн ерөнхий шалгалтаа хоёр удаа өгөөд унасан, зарим сургуулийн багш нар сурагчдадаа тавдугаар ангиас нь хойш хичээл заадаггүй гэх мэтийг сонсоход асуудал байгаа гэдэг нь ортой биз.

Харин асуудлаа холбогдох яам, агентлагийнханд уламжлахын оронд төрийн албан хаагчдаа Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна хэмээн Ерөнхий сайдад “томорсон” хүн нь цаанаа мөн л улс төрийн зорилготой гэдгийг нутгийнхан нь хэлнэ лээ. Цөс ихтэй энэ нутаг усныхан казах, монголоороо хуваагдаж, дээрээс нь нам намаараа талцдаг нь гунигтай санагдав. Бүргэд, доомбор, цаст ноён уулсаас эхлээд аялал жуулчлал хөгжүүлэхэд таатай өгөгдөл олонтой хэрнээ Баян-Өлгийчүүд Увс, Ховдынхны энд хүртэл хөгжиж чадахгүй байгаа нь магадгүй эндээс улбаатай байж ч мэдэх юм. Баруун хязгаар нутгийн бас нэг бартаа нь энэ гэлтэй.

Халдвартын болон хүүхдийн эмнэлэг байхгүй Монголын гуравхан аймгийн нэг нь Баян-Өлгий аж. Тиймээс ядаж эхний ээлжинд төрөх тасгаа өргөтгөх хэрэгтэй байгаагаа эмнэлгийн удирдлагууд Ерөнхий сайдад уламжилсан юм. Мөн ямар нэг хэрэг түвэгт орооцолдоод шүүх, цагдаагаар явах болоход тэндхийн монголчууд хэл ус ойлголцох нь дээр гээд Ховдыг зорих болдог нь хүндрэлтэй байдгийг ч хэлсэн. Өлгий суманд тулгамдаж буй хамгийн хүндхэн асуудал бол 30 жилийн настай төв цэвэрлэх байгууламж нь юм билээ.

1997 он хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хоногт 20 мянган куб.метр бохир ус цэвэрлэж байгаад өдгөө дөнгөж 20 орчим хувийг л цэвэрлэх болжээ. Тиймээс цэвэрлэх байгууламжийн блок ёмкостыг сэргээж, их засвар хийлгүүлэхээр Улаанбаатар хотын “Гэрэгэ групп” ХХК-д хүсэлт тавихад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан тул энэ хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас аймгийн удирдлагууд хүсэв.

Өлгий сумын цэвэрлэх байгууламж бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй болсноос дутуу цэвэрлэгдсэн ус Ховд голд нийлж, Баян-Өлгий аймгийн Булган сумын гол дагасан иргэдийн амьдрах орчин, ундны усны хэрэглээ хүндхэн байгааг сонсоод Засгийн газрын тэргүүн энэ төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.

“ОЛОН УГСААТАН ЯСТНЫХ НЬ ӨРСӨЛДӨӨН ХОВДЧУУДЫГ ДАЙЧИН БОЛГОСОН”

Ховдчууд “Сүхбаатарын одон”-гоо төв талбайдаа ёслол төгөлдөр хүлээж авлааХовдчууд “Сүхбаатарын одон”-гоо төв талбайдаа ёслол төгөлдөр хүлээж авлаа

Ховд аймгийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнаж, Зэрэг сумыг Улсын тэргүүний сумаар өргөмжилсөн явдлыг жалга довны үзлээр харж, өө хайхаасаа өмнө тэд юу хийж бүтээснийг, яагаад ийм амжилтад хүрснийг нь асууж сонирхоосой гэж эрхгүй бодогдсон. “Олон угсаатан ястнуудынх нь хоорондын өрсөлдөөн ховдчуудыг дайчин, шовх өндөр уулууд маань биднийг эрэмгий болгосон” гэж аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлсэн юм. Үхрийн бөөр шиг эрээвэр хураавар ястнууд нэг зорилгын төлөө зангидсан гар шиг нэгдэж чаддаг гэдэг үнэн бололтой.

Ховдчууд байгаль газар зүйн онцлог, байршлын давуу тал, боломж нөөцөө оновчтой ашиглан, олон овог угсаатны бүлгүүдийн уламжлалт ёс заншил, нүүдлийн соёл, язгуур урлагаа өвлөн хөгжүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, Монгол Улс, баруун бүс нутгийн хөгжилд тэргүүлэх оролцоотой, хүн амьдрах таатай орчинтой, үйлдвэрлэл бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилго дэвшүүлэн шамдаж байна.

Тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засаг сүүлийн дөрвөн жил дараалан 18-аас дээш хувиар өсөж, боловсруулах үйлдвэрийн эзлэх хувь хэмжээ огцом нэмэгдэн, 2.9 сая толгой малтай болж, газар тариалангийн салбарт нэгжээс авах ургацын хэмжээ үлэмж нэмэгдсэн гээд олон бахдам амжилтыг тэд бүтээжээ. Монголчууд малынхаа тоо толгойг өсгөснөөрөө бахархан гайхуулах дуртай. Тэгвэл бэлчээрийн даац, байгаль орчноо бодоод ховдчууд 2.9 сая малынхаа тоог цаашид аль болох нэмэхгүй, энэ хэмжээнд нь барих бодлого баримталж буй нь алсын хараатай удирдлагуудын шинж яалт ч үгүй мөн билээ.

Нийт газар нутгийнхаа 32 хувийг улсын тусгай хамгаалалттай, 19 хувийг орон нутгийн хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулсан аймаг манайд бараг үгүй. Хажууханд нь нэг аймгийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтдаа ангиараа хоёр удаа бүдэрч байхад Ховдын хүүхдүүд ЭЕШ-ын оноогоор улсад гуравдугаар байрт орсон амжилттай явна.

Энэ жил Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатарын Түмэнцогт, Сэлэнгийн Цагааннуур, Ховдын Зэрэг сумыг Улсын тэргүүний сумаар шалгаруулж, тус бүрийг нь 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн. Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг хангасан Зэрэг сумын Засаг дарга нь Д.Октябрь хэмээх бүсгүй байх. 1000 салаатай гэгддэг Баатар хайрхныхаа ар, өвөр болгоны айл бүхнээр орохын тулд морь, тэмээгээр долоо хоногийн турш хоёр ч удаа туулсан энэ бүсгүй ард түмэнтэйгээ гар, сэтгэл нийлэн ажилладаг нь юухнаас ч илт.

Сумын төвд хүүхэд, хөгшид амарч тухлах, залуус болзох цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур байгуулж, олон айлыг орон сууцанд оруулах, үлдсэнийг нь цэвэр, бохирын шугамд холбогдсон тохилог, цэвэрхэн байртай болгох том зорилгыг Засаг дарга Д.Октябрь тээж явна. 2012 онд сумын Засаг даргаар улиран сонгогдсон тэрбээр “Манай сумынхан нэр шигээ аливаа зүйлд зэрэг хөдөлж, зүтгэж чаддаг” хэмээсэн. Хүүхдийн хөгжил, хүн ардынхаа нийгмийн асуудалд голлон анхаарч, тэр нь үр дүнгээ өгсөн учраас сумаа улсын тэргүүнийх болгож чаджээ, тэр.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)