БАРУУН ХИЛИЙН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД

Алтайн зоригт шонхор, хүрэн бүргэд

Ө.Сагаадай

Дэлхийн дайны жилүүдэд тус улсын дархан хилийн хамгаалалтад гавьяа байгуулсан Ховд аймгийн Үенч сумын харьяат Хил хамгаалалтад туслах хүчний гишүүн, эрэлхэг тагнуулч Өвшиний Сагаадай 1909 онд одоогийн БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орны Цэнгэл хошууны нутагт төржээ. Тэрбээр 1933 онд 24 настай залуу Шинжаанаас ирсэн нүүдэлчдийн хамт Монгол Улсад суурьшаад таван жил болж байв. Энэ хугацаанд түүний хурц сэргэлэн, үнэнч шударга, аливаа зүйлд туйлбартай, зоригтой, гавшгай чанар нь Ховдын хилийн отрядын удирдлагын анхаарлыг татаж, түүнийг хилийн чанадад гаргаж, тагнуулын ажиллагаанд оролцуулж эхэлжээ. Анх Ховдын отрядын тагнуулын тасгийнхны саналаар холбогдох дээд газрын зөвшөөрлөөр Ө.Сагаадайд тусгай үүрэг өгч Шинжаан руу явуулсан байна.

Тэрбээр 1938-1939 онд Шинжааны орон нутгийн казах эрчүүдийг нэгтгэж удирдан, тэнд байсан Гоминьданы хятадын цэргийн ангиудад цохилт өгөх, агт уналга, эд хөрөнгө булаан авч босогчдод туслах зэргээр Шинжааны олон үндэстэн ястны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг тодорхой амжилтад хүргэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Ө.Сагаадай Шинжааны хязгаарт болж байгаа хэрэг явдал болон тэндээс манай улсад учруулж болох хор хөнөөлийн талаар Ховдын отрядын тагнуулын тасагт мэдээлж байсан юм.

Тэрбээр 1940-1949 оны хоорондын найман жил гаруй хугацаанд хилийн цаана 10 гаруй удаа Шинжааны нутагт нууцаар нэвтэрч, Гоминьданы болон гадаадын дээрэмчдийн байрлал, тэдний үйл ажиллагааны зорилго, чиглэл, зэвсэглэл, хүч бүрэлдэхүүнийг судлан үнэн, зөв мэдээлэл өгдөг байсан нь хилийн хамгаалалтыг оновчтой зохион байгуулахад чухал ач холбогдолтой байв.

Тухайн үед ДЯЯ-наас түүнийг гадаадад гаргаж чухал үүрэг гүйцэтгүүлж байсан баримтууд бий. Тухайлбал, 1944-1945 онд Ө.Сагаадайгаар удирдуулсан 20 шахам хүний бүрэлдэхүүнтэй бүлэг томилон Шинжааны Цонж, Мурий, Үрүмч хотын чиглэлд тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр хоёр удаа явуулжээ. Ө.Сагаадай Цонж хотын хавьд байрлан Гоминьданы цэргийн эсрэг тэмцэх орон нутгийн эрчүүдийг элсүүлэн Оспантай нэгтгэж, Үрүмч-Хами хотыг холбосон гол замд хяналт тавьж, тэр замаар явж байсан цэргийн цувааг дайран устгах, мал, зарим агуулахын эд хөрөнгийг булаан авч, босогчдод өгөх, шатах тослох материалын станц, зам, гүүр дэлбэлэх зэрэг байлдааны үүргийг биелүүлжээ. Энэ нь Оспаны дээрэмчдийг улсынхаа хилээс холдуулж, анхаарлыг нь Гоминьданы эсрэг чиглүүлж чадсаны үр дүнд 1944-1945 онд манай улсын баруун хил харьцангуй тайван байсан бөгөөд Монголын ардын арми Японы эсрэг чөлөөлөх дайнд оролцоход саад болоогүй юм.

1947 онд түүнийг хэн нэгэн гүтгэн Ховд аймгийн шоронд орсон байна. ДЯЯ-ны Ховд аймгийн хэлтэс Ө.Сагаадайг шоронгоос оргон зайлсан хэмээн цуурхал тарааж, 1947 оны арванхоёрдугаар сард хил давуулахдаа Оспаны итгэлийг олж дэргэд нь хяналт тавьж байх үүрэг өгчээ. Тэр тухай ДЯЯ-ны Ховдын хэлтсийн дарга асан Гавьяат хуульч, хурандаа Ц.Төмөр-Очир “Сагаадай яг явахынхаа өмнө надаас “Та надад хэлэх өөр юм алга уу” хэмээн асууж байсан нь Оспаныг устгаад ир гэсэн даалгавар өгнө гэж бодсон бололтой” гэж дурсаж байв.

Тэр үед манай Засгийн газар Оспаныг устгахгүй. Харин хүчийг нь саармагжуулан тарааж, ганцаардуулах бодлоготой байсан гэдэг. Ө.Сагаадай Цонж хотын ойролцоо байсан Оспаны байранд очиж, шоронгоос оргосноо мэдэгдэн, итгэл олж байхдаа цэцэг өвчнөөр өвдөж, үхлийн ирмэгт тулжээ. Энэ үед Оспаныхан эмчилж эдгээгээд толгойлогч нь түүнийг үргэлж дэргэдээ байлгадаг болсон аж. Энэ талаар Ө.Сагаадай “Оспан нэг өдөр намайг гэртээ дуудаад, өдөржин хээрээр дагуулж явахдаа “Би чамд бодож явдгаа хэлье” гэсэн. Хятадын ихэнх хэсэг Хятадын VIII армийн мэдэлд шилжлээ. Шинжаан ч тэдний гарт орох байх.

Улааны аюулаас зугтаад байсан минь талаар болох нь. Харин Монголтойгоо холбоо таслаагүй бол амьд гарч болох байсан юм уу. Хятадад улаан хувьсгал ялбал бид урьдын адил дээрэмчин маягаар амьдарч чадахгүй. Хоёр талаасаа цохигдох болно. Надад нэг америк ноён сонин санаа хэллээ. Ер нь болохгүй бол Ганьсу мужаар дамжин цааш гарч Афганистан юм уу, Иранд хүрч чадвал болох нь тэр. Тэнд чинь аллах бурхан минь байна шүү дээ. Манай нөлөө бүхий хасгууд ч ийм бодолтой байгаа. Энд удвал улаанынханд цохигдон алуулна. Саяхан олон морьтой сайн зэвсэгтэй хүмүүс биднийг бүслэн галлаж би энэ муу мориныхоо хүчинд амьд гарлаа.

Нэг морьтой хүн нь намайг хөөж байсныг би сахлаар нь торгуудын Амарзаяа мөн болохыг таньсан. Тиймээс монголчууд намайг устгах гэж байгааг ойлгосон. Ер нь өөр улсын нутаг руу явахад бидэнд их хэмжээний мал, эд хөрөнгө хэрэгтэй. Одоо түүнийг Монголоос л олж авч чадна” гэж байсан” хэмээн ярьжээ. Мөн тэр өдөр надад Оспаныг устгах боломж байсан. Оспан Тэнгэр элсэнд мөргөл хийхдээ маузер буу, гоёмсог хутга, винтовоо надад бариулан мөргөлөө үйлдэж байсан юм. Би Оспаныг устгаад элсэнд булаад явчихдаг юм билүү гэж бодсон боловч түүнийг устгах даалгавар аваагүй болохоор тэвчиж өнгөрүүлсэн” хэмээн олон жил хамтарч ажилласан, хошууч Э.Гэрэлчулуунд ярьжээ.

Ийнхүү Монгол Улсын нутагт халдаж дээрэм тонуул, аллага хийж хөлжөөд Дундад Азийн аль нэг орон руу дүрвэн зайлах бодлоготой байгааг нь Оспанаас Ө.Сагаадай сонсов. Тэрбээр Оспаны бүлэглэлийн дотор маш болгоомжтой ухуулга хийсний дүнд зарим бүлгийн толгойлогч Оспаны тушаалыг ёсчлон биелүүлэлгүй, ямар нэгэн шалтаг хэлж зайлсхийх болсон аж. Бас тэдний зэвсэг, уналга, хүнс бусад хэрэгцээт зүйл ихээхэн муудаж, байрлалын хувьд хавчигдах болжээ. Энэ бүхэн Оспаны санаа сэтгэлийг зовоож байгааг тэр мэдээлж байв.

1948 оны тавдугаар сарын эхээр Цонж хотод байсан хуарангаасаа шилдэг 21 баатраа Оспан гэртээ цуглуулж, нэмж нь Ө.Сагаадайг оруулан 22 хүн болгоод хүн бүрийг унаа, хоёр ч хөтөлгөө морьтой Монгол Улсын нутгийн гүнд нэвтэрч, хилийн цэргийн дарга, хил хамгаалалтад туслах хүчний гишүүн энгийн нэг иргэний хамт олзлон авчрах тушаал өгчээ. Ахлагчаар нь Ө.Сагаадайг, орлогчоор нь Найзарханыг томилон 1948 оны тавдугаар сарын 20-нд гэрээсээ үдэж мордуулсан байна.

Ө.Сагаадай тэднийг дагуулан Бор цонж, Давсан хуурай, Цагаан түнгийн ус зэрэг газрыг дамжин явсаар тавдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Бага Хавтаг орчмоор хил нэвтэрч, нутгийн гүнд оров. Тэд зургадугаар сарын эхээр Ховд аймгийн Булган сумын төвөөс зургаан км-ийн зайтай Цоохор нуурт мал эрж явсан энгийн хоёр ардыг олзлов. Тэднээр хил хамгаалалтад туслах хүчний идэвхтэй гишүүн, Булган сумын XI багийн дарга Гэцэлийнхийг заалгасны дараа Сагаадай хүмүүсээ хоёр хувааж, нэгийг нь Найзарханаар удирдуулан Ээвийн хошуунд нутаглаж буй Гэцэлийнх рүү, өөрөө нөгөө хэсгийг авч, Баян-Уулын үзүүрт уулзахаар болзжээ.

Найзарханы хэсэг явсны дараа Сагаадай өөрийн авч үлдсэн хүмүүст “Найзарханд чухал үүрэг өгөхөө мартсан байна. Би хэлээд ирье” гээд тэднээс салан, Булган сумын төвд байсан УАХБ-ын ажилтнуудад дайсан орж ирсэн тухай мэдэгдээд буцжээ. Дээрэмчид бүтэн гурав хоног манай нутагт байхдаа дайсагнасан ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь Ө.Сагаадай мэдээ хүргэх цаг хожихын тулд саатуулж байсан байж болох талтай. Мөн Бодончийн отрядын штабынхан 1948 оны зургадугаар сарын 1-ний 09.00 цагт Хилийн хоёрдугаар сумангийн дарга Х.Мадригаас “З.Магсар ахлагчтай хилийн манаа тахтай 44 морины мөр нутгийн гүн рүү нэвтэрсэн” гэсэн мэдээ авч, дайсныг устгах арга хэмжээ авсан юм.

Ө.Сагаадайн зориг самбаатай үйл ажиллагааны ачаар 1948 оны зургадугаар сарын эхээр Мэргэн ууланд шивээлсэн Оспаны 21 баатартай хийсэн байлдаанд хилийн отряд, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд зохион байгуулалттай оролцон, тэдний 13-ыг устгаж, үлдсэн этгээдүүдийг буцаан хил давуулсан байна. Зугтагсдын зургаа нь шархадсан байсан гэдэг. Ө.Сагаадай, З.Магсар нарын мэдээллийн ачаар манай хилчид, орон нутгийн ард иргэдэд дайсан ихээхэн хохирол учруулах аюулаас зайлуулж чадсан байна.

Эх орныхоо дархан хилийн аюулгүй байдал, ард олныхоо амгалан тайван амьдралын төлөө өөрийн амь, урсах цусаа үл хайрлан, өлсөх цангах, хардах сэрдэх, өвдөж зовох зэрэг тохиолдсон бэрхшээл бүхнийг даван туулж, гадаадын дайсны дотор нь орж, тэмцэж явсан эрэлхэг зоригтой, эрдэм чадалтай казах эр Өвшиний Сагаадайг УАХБ-ын ахмад ажилтан, түүнтэй хамт олон жил тагнуулын албанд зүтгэсэн Эрхбилэгтийн Гэрэлчулуун “Алтайн зоригт шонхор, хүрэн бүргэд” хэмээн магтан нэрлэсэн байдаг.

Энд нэмж тодруулахад, хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Т.Амарзаяа даргатай, Б.Дүгэр орлогчтой ардын сайн дурын зэвсэгт бүлэг байгуулж, дээр нь Ховдын отрядын дарга, хошууч Сономын Банзрагч, сумангийн туслах Жадамбын Нэхийт нараар удирдуулсан 12 бага дарга, цэргээр хүч нэмэгдүүлэн, Оспаны гол хүчийг цохих үүрэг өгч 1949 онд хил давуулан явуулжээ.

Тэд морин аяллаар долоо хоног явж Шинжааны нутаг, Тэнгэр элсний хавьцаа Оспаны байрлалд ойртон очиход 17 гэртэй хуаран байсан аж. Манайхан хуаранг гурван талаас нь бүслэн гал нээж, хоёр талаасаа буудалцах үед цайвар морьтой нэг хүн бүслэлтээс зугтан гарсныг Т.Амарзаяа, Б.Пүрэв нар хөөсөн боловч гүйцэж чадалгүй Тэнгэр элсэнд оруулаад алдсан гэдэг. Тэр хүн Оспан байсан бололтой. Зугтагч эрийг Оспан мөн байсныг, бас Т.Амарзаяаг таньсан байна. Тэр дайралтын үеэр Оспаны хамгаалалтад байсан 14 цэрэг, зэвсэглэсэн 40 гаруй эр байсны олонх нь Оспаны залуу эхнэрийн хамт амиа алдсан аж. Т.Амарзаяагаар удирдуулсан бүлэг Оспаны хуарангаас америк хийцийн радио станц, бусад баримт бичиг зэргийг олзлон авчирчээ.

МОНГОЛ ТӨРИЙН ЭЛЧ

И.Хамхааш

Гоминьданы хятадууд 1940-өөд онд Шинжааны хязгаарт цэргийн үлэмж хүч хуралдуулж, манай улсын эсрэг тагнан турших, өдөөн хатгах ажиллагаагаа идэвхжүүлж байлаа. Энэ үед Гоминьданы хятадын түрэмгийллээс зугтан манай улсын хил дагуу олноор нүүдэллэн ирж суурьшсан казах омгуудыг Оспаны бүлгийнхэн өөртөө нэгтгэснээр тэдний хүч нэлээд бэхэжжээ. Чухам энэ үеэс Оспаны дээрэмчид хэмээх нэр бий болсон бөгөөд тэд үнэхээр манай улсын нутагт удаа дараа халдан довтолж, аллага хядлага, дээрэм тонуул хийж байлаа. Оспаны дээрэмчдийн хүн хүч, байрлал, хөдөлгөөнийг мэдэх, тэдэнтэй холбоо тогтоож хэлэлцээ хийх маш чухал үүрэг биелүүлсэн гавьяатан бол Иса овогтой Хамхааш юм.

Тэрбээр 1940-1949 онд манай улсын баруун хилд тусгай даалгавар гүйцэтгэж, Шинжааны нутагт 17 удаа нэвтэрч чухал даалгавар биелүүлж байжээ. Тэрбээр бага залуу насандаа амьдрахын эрхээр Шинжааны нутгаар хэрэн тэнэж, Үрүмч, Цонж, Бар хөл хотод бусдад зарцлагдаж яваад, 1924 онд төрсөн нутагтаа эргэн ирсэн байна. И.Хамхааш төрөлхийн сэргэлэн, ажилч хичээнгүй хүн байсан бөгөөд нутагтаа ирээд айл гэр болж, амины цөөн малаа маллан амьдарч байжээ. Тэднийх арав гаруй жилийн дотор нутаг хошуундаа малч, ажлаараа алдаршин, 1943 онд 150 бод, 1000 гаруй бог тоолуулсан аж.

1940 онд Ховдын отрядын тагнуулын тасгийн даргаар томилогдон ажиллаж байсан УАХБ-ын ахмад ажилтан Э.Гэрэлчулуун дээд байгууллагын даалгавраар гадаадын дээрэмчдийн дотор итгэлтэй сайн хүн оруулж, дээрэмчдийн бүлэглэлийг дотроос нь задлах, улсынхаа хилээс холдуулах арга хэмжээ авахыг эрмэлздэг байжээ. Э.Гэрэлчулуун нутгийн эрчүүдийн дотроос эрэлхэг зоригтой, итгэл найдвартай ямар ч үүрэг биелүүлэх чадвартай Бутабайн Сахаан, Өвшиний Сагаадай, Исагийн Хамхааш нарыг явуулж, дайсны зарим нөлөө бүхий хүнийг талдаа татах, дээрэмчдийн бүлэглэлээс салгах, суурин тагнуул элсүүлэх зэргээр хүчийг нь саармагжуулах ажил явуулах болов.

Энэ тухай Я.Батсуурь “Эрэлхэг тагнуулчийн тэмдэглэл” номдоо “1940-өөд оны эхээр Ховдын отрядын хамгаалдаг хилээр Гоминьданы хятадын цэрэг, гадаадын зэвсэглэсэн дээрэмчид 20 гаруй удаа манай нутаг руу уулгалан довтолж, аллага таллага үйлдэж байжээ. Энэ хүнд үед Э.Гэрэлчулуун зэвсэглэсэн дээрэмчдийн дунд орж ажиллуулахаар И.Хамхаашийг томилон явуулж түүнийг Хайртын даваан дээр үджээ. Энэ үед 24-хөн настай Э.Гэрэлчулуун сэтгэл ихэд зовж, дайсны бүлэглэл рүү явуулах гэж байгаа нөхрөө өрөвдөж, тавгүй байгааг нь ажиглаж мэдсэн 49 настай, хашир туршлагатай И.Хамхааш “Ийм жаахан юманд бүү тэвд.

Сэтгэл чинь гунигтай болчихож, гунигаа сэтгэлээсээ хөөн гарга” гэж хэлээд мордож Алтайн уулын бартаа бүхий хажуу руу давхин оджээ. И.Хамхааш дээрэмчдийн байрлалд шууд очиж, тэдний хатуу ширүүн байцаалт, зодуур, элдэв тамлал, доромжлол, айлган сүрдүүлэлт тулгалтыг өөрийн хурц ухаан, уужуу тайван хүлээцтэй зан дадал, цэцэн мэргэн яриа, эр зориг тэсвэр хатуужлаар 17 хоногийг даван туулж, итгэл найдварыг олж, өгсөн үүргээ биелүүлээд эргэн иржээ” хэмээн бичсэн юм.

И.Хамхааш энэ удаагийн томилолтоор дээрэмчдийн толгойлогч Эсэмхан, Расхан, Кайдарбай нартай биечлэн уулзаж, ятган Монголын хил нэвтэрч ямар ч дээрэм тонуул хийхгүй гэсэн баталгаатай бичиг авчирч байсны дээр тэдний байршил, хүн хүч, зэвсэглэл, уналга, ачилга, цаашдын зорилго чиглэлийг нарийвчлан судалсан тодорхой мэдээлэл олсон байна.

1943 онд манай улсын баруун хилийн цагийн байдал хүндэрч буйг харгалзан ДЯЯ-наас хилийн хамгаалалтыг нэмэгдүүлж, цэргийн ба гүйцэтгэх ажил, Оспаны бүлэглэлийг Гоминьданы эсрэг тэмцэж буй Шинжааны олон үндэстний хөдөлгөөнд нэгтгэж, улсын хилээс холдуулахын тулд тэднийг дэмжих ажлыг нэгтгэж удирдах тусгай бүлэг байгуулан, даргаар нь ДЯЯ-ны орлогч сайд, Хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын дарга, корпус командлан захирагч Б.Доржийг томилжээ.

Тусгай бүлэг тавьсан зорилтыг ханган биелүүлэхийн тулд Оспантай холбоо тогтоож, уулзан хэлэлцээ хийх зайлшгүй шаардлагатай болж. Энэ зорилгоор хэдэн удаа элч явуулж, оролдлого хийсэн боловч бүтэлтэй болсонгүй. Тиймээс тусгай бүлгийн удирдлага, Оспаны бүлэглэлийн дотоод байдал, ёс заншлыг гаргуун мэддэг, тэдний зарим толгойлогчдыг сайн таньдаг, уужуу ухаалаг, уран цэцэн үгтэй, урьд нь удаа дараа үүрэг гүйцэтгэж байсан туршлага зэргийг харгалзан И.Хамхаашийг элчээр явуулахаар шийдвэрлэсэн байна.

Аюултай, хүнд үүргийг биелүүлэхээр И.Хамхааш хань нөхдөөрөө үдүүлэн хөтөлгөө хоёр морьтой 1943 оны есдүгээр сарын 7-нд Хайртын даваагаар улсынхаа хилийг нэвтэрч Оспаны байрлалд очжээ. Энэ тухайгаа И.Хамхааш армийн генерал Б.Доржид “Цагаан голын хөвөөгөөр хар баарцагласан дээрэмчдийн отог урцнаас утаа суунаглан байх нь сэтгэл сэртхийм байлаа.

Гэвч би үнэний төлөө, үй олон монгол, казах хүмүүсийн амь нас, сайн сайхны төлөө явж байгаа болохоор өвгөрсөн насаа ч үл хайхран айж бэмбэгнэлгүй шууд л явж очсон. Тэд намайг бүрэн эрхт нэг улсын элч гэж үзэхгүй шууд баривчлан, хоёр гарыг ард минь хүлж, олзлогдсон этгээд шиг л Оспанд хүргэж өглөө. Би Оспанд ирсэн хэргээ дэлгэрэнгүй ярьсан боловч тэр надад итгэхгүй “Монголчууд биднийг мэхлэх гэж байна. Чи хэлж байгаа бүхнээ үнэн гэж мусульманы тэнгэр бурханд тангарагла” гэх мэтээр сүрдүүлж байв. Би “Манай казах ёсонд үе залгамжилсан эргэлтгүй тангараг байхад дахин тангарагладаггүй эрхэм ёс байдаг сан.

Тэгээд ч би үнэн, мөнийг хэлж казах омгийн та бүхнийг хий дэмий амь насаа бүү бүрэлгээсэй гэж байна” гэлээ. Гэтэл намайг хоёр гүжирмэг хүн чирч гулдран их галын дэргэд авчирч мах болтол улайссан шор төмөр харуулж, Оспаны шадар туслах Расхан сүртэйгээр “Хөгшин зөнөг чи, улаан Монголоос ямар даалгавартай ирснээ хэл. Эс тэгвэл чиний хоёр нүдийг улайссан төмрөөр цоргиж, дараа нь дүүжилнэ” гэж сүрдүүлэв.

Би “Та тунгаан бод. Та нар Гоминьданы хятадын идэш болж, олон казах хүний толгойг авлаа. Монгол, казах хоёр Монголд эвтэй, журамтай амьдарч байна. Дахин олон казах хүний амь нас бүү сүйрээсэй гэсэндээ л би ирсэн. Та нар намайг алаад юу олох вэ. Би урт насалсан, үхэхэд нэг их харамсаад байх юмгүй” гэж байтал нэг цагаан сахалтай хүн ирээд “Наад зөнөгийг чинь эзэн дээдэс аваад ир гэж байна” гэв.

Намайг Оспан дахин байцааж “1940 онд Монголын хил дээр хүчинд автагдан түрэгдэж ирэхэд монголчууд биднийг хүлээж аваагүйг санаж байгаа биз” гэхэд нь би “Тэгэхэд чинь та нар ямар ч хэл мэдээгүй түрж орж ирсэн биз дээ.Та нар урьдчилан мэдэгдсэн бол тийм явдал болохгүй байсан. Энэ бол та нарын алдаа” гэвэл Оспан “Тэгвэл та нарыг чин үнэнээсээ бидэнд тусалж хэлэлцээ хийе гэж байна гэж ойлгож болох шив дээ” гэв.

Би “Тангараг мөргөл нэгтэй казах ёсоор миний үгийг сонс” гээд Монголд бүхэл бүтэн казах аймаг байдгийг та нар мэднэ. Монгол, казах ялгалгүй тэнд сайхан амьдарч байна. Хэн хэнийгээ дарладаггүй юм. Казах ёс заншил хэвээрээ. Гэтэл энд та нар Гоминьданы хятадуудын дарлал доромжлолоос зугтаж уул хадаар орогнож явна. Ийм байхад та нар монголчуудад хар буруу санах юу билээ.

Монголчуудын хэлдгээр “Ор гэхэд шагайх, Ооч гэхэд долоох” гэгч болж байна. Сайн бод. Бид та нарыг албадахгүй. Ганцхүү зөв замаар явбал олон казах хүний амь нас, эд хөрөнгө дэмий үрэгдэхгүйсэн дээ” гэв. Оспан миний үгийг сонсоод илт зөөлөрч, миний хүлгийг тайлаад хооллож, ундлаад нэгэн бичиг өгч буцаасан юм” гэж дурсан ярьсныг армийн генерал Б.Дорж “Эх орны төлөө цохилох зүрх” номдоо 1981 онд бичиж үлдээжээ.

Баруун хилийн байдлыг ийнхүү эв зүйгээр зохицуулж, юуны урьд дээрэмчдийн довтолгооны аюулыг арилгах гол зорилт амжилттай биелсэн нь эрэлхэг зоригтой, хатуужил тэсвэртэй, эх оронч халуун сэтгэлгээтэй, ухаалаг, сэргэлэн, уран мэргэн үгтэй И.Хамхааш өвгөний амь хайргүй хүчин чармайлттай холбоотой байсныг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй. “И.Хамхааш бол ганц энэ удаа биш. Улсынхаа дархан хилийг амгалан тайван байлгах үйлсэд удаа дараа оролцож, Хилийн цэргийн үйл ажиллагаанд ихээхэн тус хүргэж явсан гавьяат хүний нэг болно” хэмээн армийн генерал Б.Дорж үнэлсэн байна.

И.Хамхаашийн Оспантай хийсэн энэ уулзалт хасгуудын толгойлогчийг 1943 оны аравдугаар сард армийн генерал Б.Доржтой, 1944 оны хоёрдугаар сард маршал Х.Чойбалсантай уулзаж хэлэлцээ хийх үүд хаалгыг нээж, улмаар Оспаны бүлэглэлийг өөрийн улсын хилээс холдуулж, Шинжааны ард олны эрх чөлөөнийхөө төлөө хийж байсан тэмцэлд оролцуулсан амжилтын эх үүсвэрийг тавьсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)