Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох төслийг дэмжлээ

Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын болон Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолыг баталлаа. Мөн Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Түүнчлэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Засгийн газрын санаачилсан уг төслийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулж, төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн гишүүдийн асуултад хариулсан юм.

С.Бямбацогт: -Төрөөс олгож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байгаа. Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мөн л тусгай зөвшөөрөл олгохоор тусгасан нь хуулийн давхардал үүсэх магадлалтай. Энгийн буюу жижиг оврын автомашин зорчих ёстой замаар ачааны автомашин явснаар замыг эвдэж байна.

Ажлын хэсэг: -Өнгөрсөн онд баталсан Авто замын тухай хуульд тусгай зориулалтын буюу ачаа тээврийн автомашин зорчих замын талаар нарийн зохицуулалт тусгасан. Авто тээврийн тухай хуулийн төсөлд зөвхөн мэргэшсэн буюу ачаа тээврийн, эсхүл үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөл олгохоор тусгасан.

Х.Болорчулуун: -Буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл осолд илүү өртөж байгаа нь үнэн. Авто замын ослын улмаас олон зуун хүн амь эрсдэж, мянга мянгаараа хөгжлийн бэрхшээлтэй болж байна. 2021 оноос баруун талдаа жолооны хүрдтэй автомашин замын хөдөлгөөнд оролцохыг хориглохоор төлөвлөж байгаа юм байна. Эхний ээлжид үүнийг нийслэлд хэрэгжүүлэх ёстой. Мөн иргэд, зарим аж ахуйн нэгж осолд орж байсан автомашиныг ихэвчлэн импортоор оруулж байна. Үүнийг болиулах боломжтой юу.

Ажлын хэсэг: -Монгол Улсад 100 мянган хүний 15 нь авто замын ослын улмаас нас барж байна гэсэн судалгааг 2018 онд ДЭМБ гаргасан. Дэлхийн дундаж нь 11. Африкийн орнуудад энэ үзүүлэлт 26, Зүүн өмнөд Азид 17, Европт 9.3 байна. Зургаа болон түүнээс дээш жилийн өмнө үйлдвэрлэсэн автомашины татварыг нэмэх зохицуулалт тусгах санал дэвшүүлсэн ч дэмжээгүй. Монголд нийт машины 80 орчим хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байна. Бид үүнийг татвараар нь зохицуулах талаар ажиллаж байна. Европын орнуудад долоогоос дээш жил болсон машиныг өндөр насжилттай гэж үздэг.

Ж.Бат-Эрдэнэ: -Аймаг бүрийн Засаг даргын дэргэд авто тээврийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлдэг алба байгуулах ёстой. Одоо бол төвөөс нэгдсэн байдлаар удирдаж байгаа. Гэтэл аймгийн удирдлага нь авто замын нөхцөл болон цаг агаар хүндэрсэн үед тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал. Мөн зөвшөөрөл олгох замаар тээвэрлэх үйл ажиллагаан дахь төрийн оролцоог багасгах, стандарт мөрдүүлэхэд илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай.

О.Батнасан: -Энэ хуулийг баталбал 2021 оноос мөрдөнө. Ингэснээр Японоос оруулж ирж байгаа буруу талдаа жолооны хүрдтэй машин буюу ард түмний унаа “Приус”-ийг хориглоно. Ард түмний хэрэглээг ингэж хумихыг дэмжихгүй. Олон улсын зөвлөхүүд зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн давуу талыг ярьж болно. Гэхдээ үүн шиг зардал багатай ямар унаа байгаа юм бэ.

Ажлын хэсэг: -Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 970 880 тээврийн хэрэгсэл бий. Үүний 60 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй. Зам, тээврийн осолд өртөж буй тээврийн хэрэгслийн 72.1 хувь буруу талдаа хүрдтэй байна. Нөгөө талаас манай улсын авто замын сүлжээ зөв талдаа жолооны хүрдтэй машинд зориулагдсан.

Д.Хаянхярваа: -Баталгаагүй сэлбэг, хэрэгслээс үүдэн авто осол гардаг. Тиймээс сэлбэг, хэрэгслийн талаарх зохицуулалтуудыг нягтлан, хариуцлагын арга хэмжээг өндөржүүлэх нь зүйтэй. Орон нутгийн зам дагуух хураамж авах давхардсан цэгүүдийн үйл ажиллагааг цэгцэлмээр байна. Уг төслийг дэмжиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)