Баруун Виржинийн уурхайд осол гарч, 25 хүн амь үрэгдэв

АНУ-ын Баруун Виржини мужийн Чарльстон хотоос 50 гаруй км зайтай оршдог Upper Big Branch уурхайн гүнд дэлбэрэлт болсны улмаас 25 уурхайчин амь үрэгдэж, 4 хүн сураггүй алга болсон тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Тус улсын уул уурхайн салбарт 1984 онд Юта мужийн уурхайл осол болж  27 уурхайчин амь үрэгдсэнээс хойш ийм том осол гараагүй юм байна. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд байдалтай танилцахаар Үндэсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд ослын газарт ирсэн байна. Осолдсон хүмүүсийн цогцсыг Чарльстон хотын эмнэлэгт нисдэг тэргээр авчиржээ. Уул уурхайн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Кевин Стриклин “Уурхайн гүн дэх метаны хий улам ихэсч дахин дэлбэрэлт үүсч магадгүй байгаа тул аврах ажиллагааг түр зогсоосон. Сураггүй болсон хүмүүстэй холбоо барих боломжгүй болсон” гэлээ. Баруун Виржинид газар доорх уурхайн гүнд утасгүй холбоо хэрэглэх хуультай аж. Гэвч дэлбэрэлтийн улмаас сүлжээнд гэмтэл гарсан хэмээн тайлбарлаж байна.
Уурхайг байгуулахдаа дэлбэрэлтийн үед хоргодох байр барьсан агаад дөрөв хоног хүрэлцэх ус, хүнсний нөөцтэй байлгадаг тул уурхайчид эхний дэлбэрэлтийн дараа тэнд хоргодсон байх магадлалтай гэж албаны хүмүүс найдаж байгаа юм. Гэвч хоёр хоргодох байрны нэгэнд хүн байхгүй байна гэдгийг аврагчид удалгүй тогтоосон.
Уурхайг эзэмшигч “Massey Energy” компанийн гүйцэтгэх захирал Дон Блэнкеншип “Яг юу болсон нь одоогоор тодорхойгүй. Сураггүй болсон уурхайчдыг олохоор бололцоотой бүхнийг хийж байна” гэлээ. Компани өөрийнхөө вэб хуудсаар дамжуулан “Уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахидаг учраас ослоос амь үрэгдэх явдал улсын дунджаас доогуур байдаг. Өнгөрсөн 12 жилд гурван уурхайчин ослоор нас барсан” хэмээн мэдээлжээ. Нийтдээ 2.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй эл уурхай жилдээ 1.9 сая тонн нүүрс олборлодог, 200 гаруй уурхайчин ажилладаг. Өнгөрсөн жил Холбооны  хөдөлмөр хамгааллын газраас “Massey Energy” компанийг агааржуулалтын систем муу, аюулгүй байдал, эрүүл мэндийн зарим стандартыг зөрчсөн хэмээн үзэж 382.000 доллараар торгож, байдлыг засах үүрэг өгчээ.  АНУ-д 2009 онд 34, 2008 онд 52 уурхайчин ослоор амь үрэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)