Баруун бүсийн цементийн хэрэгцээг Ховдоос бүрэн хангах нь

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллалаа. Албан томилолтын хүрээнд Засгийн газрын тэргүүн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж, хүүхдийн 50 ортой эмнэлгийн шав тавих ёслолд оролцлоо. Нийт 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, 2020 он гэхэд хүлээлгэн өгөхийг үүрэг болгов.

Мөн Буянт сумын Шохойтын бэл хэмээх газарт баригдах цементийн үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо. Манай улс төвийн болон зүүн бүсэд жилдээ дөрвөн сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд байгаа ч алслагдсан баруун бүсэд тээврийн өртөг, зардал өндрөөс шалтгаалан нийслэлд нэг тонн нь 160 мянган төгрөгийн үнэтэй цемент Ховдод 320-350 мянгад хүрдэг. Тиймээс баруун аймгуудад барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон сууцны үнэ, өртгийг бууруулах, цаашлаад аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулахад тус үйлдвэр чухал ач холбогдолтой гэж үзэж буй аж. Үүнийг ашиглалтад оруулснаар цементийн үнэ хоёр дахин буурч, орон сууцны үнэ 30-40 хувиар хямдрах бодит боломж бүрдэх юм байна. Түүнчлэн цементийн үйлдвэрт 250-350 ажлын байр бий болж, улсын төсөвт жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлөх юм байна. Мөн ирэх онд ажил нь эхлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг орон нутгаасаа хангахаар тооцжээ.

Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал хэмээх газарт байгуулах усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах ажил ид хийгдэж буй аж. Ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилго тавиад байгаа талаар холбогдох хүмүүс Ерөнхий сайдад танилцуулсан. Тус станц нь манай улсыг импортын эрчим хүчний хараат байдлаас гаргаж, 2023 он гэхэд “тусгаар тогтноход” чухал нөлөөтэйг Ерөнхий сайд онцолж байлаа. Цаашлаад баруун таван аймагт үйлдвэрлэл хөгжих, Ховдын шинэ бүтээн байгуулалтуудад өргөн боломж нээнэ хэмээн гишүүн С.Бямбацогт дурдав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)