Барилга, инженерийн төрлийн цэрэгтэй болох нь

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг баталбал барилга, инженерийн цэргийг бие даасан төрлийн цэрэг болгон хөгжүүлж, залуусыг бүтээн байгуулалтад оролцуулах, эх оронч хүмүүжил олгох боломж бүрдэхийг Ж.Энхбаяр гишүүн танилцуулгадаа онцолсон. Үүнтэй холбогдуулан Д.Эрдэнэбат гишүүн “Урт хугацаанд үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлыг нэг жилийн хугацаатай алба хааж буй цэргүүд хийж, гүйцэтгэх нь хэр тохиромжтой вэ. Барилга, инженерийн цэргийн ангид алба хаах хугацааг хоёр жил болгох боломжтой юу. Цаашлаад цэргийн алба хаах хугацааг хоёр жил болгох хэрэгтэй юм биш үү” гэж асуухад “Нэг жилийн хугацаанд алба хаасан цэргүүд өөрийн хүсэлтээр гэрээт цэргийн алба хаах хуулийн зохицуулалт бий” гэж Ж.Энхбаяр гишүүн хариулав. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх боллоо.

“ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ШИЙДВЭРИЙГ ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИАР ХЯНАДАГ БАЙХААР ЗОХИЦУУЛСАН”

Дараа нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавилаа.

Б.Баттөмөр: -Улс орны хөгжлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр ямар заалт тусгасан бэ. Хариуцлага хүлээлгэх чиглэлд өөрчлөлт оруулсан уу?

С.Бямбацогт (Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга): -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгааны нэг нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх байсан. Сүүлийн 28 жилийн хугацаанд ердөө хоёр Засгийн газар л бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллажээ. Засгийн газруудын ажилласан хугацаа дунджаар 1.6 жил байсан нь төрийн болон бодлогын тогтворгүй байдлыг үүсгэж байсан юм. УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг хязгаарлан, Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллуулах боломж бүрдүүлэх чиглэлээр төсөлд холбогдох зохицуулалт хийсэн. Хуулийн төслийг баталбал Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулиар хянадаг болно гэв. Ингээд байнгын хорооны гишүүдийн гаргасан томьёоллоор нэгбүрчлэн санал хураалаа.

Төслийн 21.8 дахь заалтыг “Бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно” гэж, 3.3 дахь хэсгийг “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд УИХ өөрөө өргөн мэдүүлнэ” гэж, 26.2 дахь хэсгийг “Ерөнхий сайд Үндсэн хуулийн 44.1-т заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, УИХ-ын бусад шийдвэр, тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон УИХ-аас дэмжлэг хүсэж буй асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

“МАЙДАР ХОТ 34 000 ОРШИН СУУГЧТАЙ БАЙНА”

Хот байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Үндсэн хуулийн 57.2, Хот байгуулалтын тухай хуулийн 5.1.2-т хот байгуулах тухай асуудлыг УИХ шийдвэрлэхээр хуульчилсны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хот байгуулах чиглэлээр төсөл боловсруулжээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа “Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (одоогийн Үндэсний хөгжлийн газар)-ноос АНУ-ын Хойд Каролина муж улс дахь “Research triangle park” төвийнхөнтэй хамтран хийсэн судалгааг эдгээр хотын төлөвлөлтийг хийхдээ ашиглах боломжтой” гэдгийг онцолсон. Түүнчлэн эрчим хүч болон усны нөөцийн судалгаа хийсэн, эсэх, нийслэлтэй төмөр замаар холбох, их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх боломжийн талаар бусад гишүүн тодруулав.

Хот байгуулах ажлыг дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Төмөр зам тавих ажлыг 2028- 2031 онд хийхээр төлөвлөсөн гэнэ. Их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх боломжтой, эсэхийг судалж байгаа талаар ажлын хэсгийн гишүүд дурдсан. Аэросити хотын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар баталсан байна. Хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах санхүүжилтийг нь шийдэн, судалгаа хийж эхэлжээ. Харин Майдар хотын ерөнхий төлөвлөгөөг хийгээгүй ч 34 000 оршин суугчтай байхаар төлөвлөөд буй юм байна. Ингээд санал хурааж, уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)