“Баригдашгүй” ЖОЗЕФ БАЙДЕН

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден ирэх жил болох сонгуулийн өмнөх сунгаанд оролцохоо зарласны дараа олон нийтийн санал асуулга явуулахад түүнийг одоогийн Төрийн тэргүүн Дональд Трампыг ялж мэдэх бараг л цорын ганц хүнээр нэрлэсэн байна. Гэсэн ч Бүгд найрамдах намынхан ч, бас Ардчилсан намын олон гишүүн түүний эсрэг дайлахаар хэдийн бэлтгэжээ.

НЭГТГЭГЧ

Жо Байдены сонгуулийн өмнөх кампанит ажлыг түүнийг шүүмжлэгчид эхлүүлэв. Нэр дэвшигчдийн өрсөлдөөнд оролцохоо хэзээ зарлавал дээр болохыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан тунгааж байх хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дэх түүний эсрэг элдэв түүх олширч эхэлжээ.

Өнгөт арьст нэр дэвшигчдэд (ардчилсан намынханд тэдний дэмжлэг уламжлал ёсоор чухал) Жо Байденыг нэр дэвшүүлэхийг Барак Обама эрс эсэргүүцэж байгаа тухай өгүүлнэ. Д.Трампын талын “цөмд” Жо Байденыг Ардчилсан намын гишүүн төдийгүй Ерөнхийлөгч Д.Трампын хатаахаар амласан “Вашингтоны намгийн” төлөөлөгч болохыг сануулна. Гэхдээ Байданыг биеэ зүй бусаар авч явсанд Ардчилсан намын гишүүн хэд хэдэн эмэгтэй буруушаасан нь эсрэг талын бүх хүнд зориулсан гол бэлэг байв. Невадагийн хууль тогтоох байгууллагын гишүүн асан Люси Флорес гэгчийн мэдэгдсэнээр 2014 онд Байден нэг арга хэмжээний үеэр биед нь хэт ойртож, шилэн хүзүүнд нь үнссэн гэнэ. Үүнээс болж тэр эмэгтэй их ичиж, эвгүй байдалд орсноо таван жилийн дараа санажээ. Түүний адил мэдэгдлийг өөр гурван ч эмэгтэй хийсэн байна.

Тийм үйлдлүүдээр дэмжиж байгаагаа л илэрхийлэхийг хүсдэг хэмээн Байден тусгайлан бэлтгэсэн дүрс бичлэгтээ тэмдэглэжээ. “Би хүмүүсийн гарыг атгаж, энгэртээ болон мөрөөр нь тэвэрдэг. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу хэн ч байсан би ингэдэг. Энэ бол тэднийг сонсож буйгаа харуулах гэсэн арга” хэмээн тэрбээр ярьжээ. Нийгмийн хэм хэмжээ өөрчлөгдөж, хувийн орон зайн шинэ хил хязгаар тогтдогийг ойлгож байгаагаа Байден онцлон тэмдэглэв.

Ардчилсан намын сунгааны үеэр Жо Байдены эсрэг наад тал нь 19 нэр дэвшигч, тэдний дотор социалист Берни Сандерс, ижил хүйстэн, христийн шашинтан Пит Буттижич нартай өрсөлдөнө. Хиндү шашинтан, африк гаралтай америк, эсвэл испани хэлтэн зэрэг цөөнх өөрсдийн төлөөллөө л дэмждэг. Нам доторх өрсөлдөөнд оролцохгүйгээр Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөх Дональд Трамп Ардчилсан намынхан өөр хоорондоо тэмцэж байх хооронд тэдний эсрэг кампанит ажлаа явуулах боломжтой.

Ташрамд дурдахад, Жо Байдены хувьд энэ нь Ерөнхийлөгчийн гурав дахь кампанит ажил болох учир эдгээр саад бэрхшээлийн олонхыг тэрбээр давуу тал болгох боломж бий. “Вашингтоны намагт” харьяаллагддаг учир тэрбээр улс төр дэх янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсээс залхсан нэгнийг өөртөө татаж болох. Үзэл бодлын ялгаатай ч Барак Обаматай Жо Байден сайн харилцаатай байсныг түүний талынхан төрийн нэг, хоёрдугаар хүний хувьд хосгүй, хоёр улстөрчийн нөхөрлөл хэмээн онцлон тэмдэглэдэг.

Эцэст нь, Дональд Трампаас ялгаатай нь Жо Байден өөрийн чадлаар амжилтад хүрсэн хүний түүх зохиох шаардлага байхгүй. Урьдын сонгуулийн өмнөх кампанит ажлуудын үеэр арьсны өнгө, эсвэл хүйс гээд нэр дэвшигчийн намтар тийм ч чухал байгаагүй. Харин энэ удаа өөр байх гэнэ. Энэ талаар нэр дэвшигч Байден өөгүй.

“СУГАНЫ” ЭЭРҮҮ

Өдгөө 76 настай Жо Байден хэцүү газар мэндэлжээ. Пенсильван муж улсын Скрэнтон гэдэг жижиг хот “Washington post” сонинд нэрлэс нээр “Америкийн суга” буюу тус улсын хамгийн муу хот гэсэн статустай. Ирээдүйн улстөрч маань тэр “суганд” их ядуу гэр бүлд мэндэлсэн гэнэ. Аав нь тогтсон ажилгүй тул гэр бүлээрээ түүний эцэг, эхтэй хэсэг хамт амьдарчээ. Дараа нь тэднийх Делавэр муж улсын Уилмингтон гэдэг жижиг хот руу нүүж, тэнд эцэг нь шинэ бизнес эрхэлж эхэлсэн байна. Хуучин автомашин худалддаг компанийнх нь ажил урагштай байв. Тиймээс хөвгүүдээ хотынхоо харьцангуй сайн сургуульд элсүүлсэн гэнэ.

Жо Байден ангидаа сурлагаар гайгүй ч, ээрүү учир “Тоормос” гэдэг хочтой болж. Спортын талбайд Байден илүү амжилт олж, сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн од, улмаар алдартай сурагчдын нэг байв. Дунд сургуулиа 1961 онд төгсөж, спортын ачаар Делавэр муж улсын их сургуульд элсэж, түүхч, улстөрчийн, дараа нь Сиракузын их сургуулийн хуульчийн дипломтой болжээ. Дунд сургуульд байхаасаа улс төр сонирхож, Вьетнамын дайныг эсэргүүцсэн янз бүрийн ажиллагаанд оролцож, дээд боловсрол эзэмшсэн хойноо үүгээр бүр мэргэжилтний хувиар хөөцөлдөхийн сацуу өмгөөлөгчөөр ажиллаж байв.

1972 онд тэрбээр Сенатад нэр дэвшжээ. Кампанит ажил нь гайхалтай амжилттай болж, Вьетнамын дайныг эсэргүүцсээр ялсан байна. Тэр үед ердөө 29 настай байсан тул сенатчийн албан тушаал хаших босго болох 30 нас хүртлээ хуралдаанд сууж чадаагүй. Сонгуульд ялж, албан тушаалаа хашиж эхлэх хооронд Жо Байденд томоохон гарз тохиож, автомашины ослоор эхнэр болон охин нь амьсгал хурааж, хоёр хүү нь гэмтжээ. Шинэ сенатчийн тангаргаа Вашингтонд бус, хөвгүүд нь эмчлүүлж байсан эмнэлгийн дэргэдэх жижиг сүмд өргөхөд хүрсэн гэнэ.

УРАН ИЛТГЭГЧ

Жо Байден сенатчаар их амжилттай ажиллав. АНУ-д сайн яваа, амжилттай ажилладаг сенатч хэзээ Цагаан ордныг зорихоо шийддэг. Үнэндээ АНУ үүсэн байгуулагдсан цагаас хойш ердөө 16 сенатч улсынхаа Ерөнхийлөгч болжээ. Тэрбээр 1988 онд улс орноо удирдаж болох юм гэж шийдсэн аж. Рональд Реган дэмждэг, туршлагатай улстөрч болох, тэр үеийн Дэд Ерөнхийлөгч том Жорж Буштай өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ. Байдан ардчиллынхны дотоод сунгаанд хамгийн алдартай нэгэнд тооцогдож байв.

Гэсэн ч түүний кампанит ажлыг зогсооход хэдхэн минут шаардагджээ. Нэг удаа Байден эхлээд бүх хүнд таалагдсан үг хэлсэн гэнэ. “Жо Байден яагаад гэр бүлийнхнээсээ хамгийн түрүүнд их сургуульд элссэн бэ” гэсэн хэлэх үгийнхээ төгсгөлийн хэсгээс үгээ эхэлсэн гэж тэрбээр боджээ.

Эцэг, өвгөд нь өдөрт 12 цаг уурхайд ажилладаг байсан тухай тэрбээр өгүүлэв. “Тэд яагаад сурч чадаагүй вэ? Тэд ухаан муутай, хичээж ажилладаггүй учраас биш. Тэдэнд тогтсон мөрийн хөтөлбөр байгаагүй юм” гэжээ. Энэ үгийг эхлээд халуун алга ташилтаар угтсан боловч удалгүй америкчууд хэвлэлээс Байден, түүний үгийг бэлтгэгч ийм үг анх хэлээгүй болохыг олж мэдсэн байна. Британийн лейбористуудын удирдагч Нил Киннок анх ингэж хэлсэн байжээ. Ингээд Байден нэрээ татав.

Дараагийн оролдлогоо Жо Байден 2008 онд хийжээ. Терроризмтой тэмцсэн нь гадаад бодлогыг Америкийн сонгогчдод ер бусын чухал сэдэв болгов. Ер нь бол гадаад хэргийг сонгогчид сонирхдоггүй. Харин Жо Байден олон улсын жирийн шинжээч биш. Тэрбээр 1997 оноос хойш Сенатын олон улсын хорооны гишүүнээр ажиллахдаа хоёр ч удаа даргаар нь сонгогджээ. Гэхдээ кампанит ажил нь хэрэг болоогүй. Ардчилсан намын гол өрсөлдөгч нь сенатч Хиллари Клинтон болон Барак Обама байв. Тиймээс сонгуулийн өмнөх кампанит ажил өнгөт арьст болон эмэгтэй анхны Ерөнхийлөгчийн талынхан хоорондын маргаан болон хувирсан юм.

Олон улсын асуудалд зориулах цаг болон тавих анхаарал хүрэлцээгүй. Тэр үед л туршлага багатай Барак Обама нэрээ дэвшүүлбэл тэрбээр хамтран ажиллахаар Жо Байденыг сонгож магадгүй гэсэн цуу яриа гарчээ. Гэвч үүнийг тэрбээр няцаасан байна. “Дэд Ерөнхийлөгч болохыг зөвшөөрснөөс Сенатын хорооны даргаараа үлдсэн нь дээр” хэмээн тэрбээр өгсөн ярилцлагуудынхаа нэгд мэдэгдсэн байна. Гэсэн ч түүнд санал тавихад татгалзаагүй юм.

СҮҮДРИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч нь хамгийн уйтгартай албан тушаалын нэг. Тэгээд ч эл албан тушаалыг хашигч ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ерөнхийлөгч санаатайгаар хамтран зүтгэгчтэйгээ бүрэн эрхийнхээ хамгийн энгийнээс хуваалцахгүй байх явдал байнга гардаг. Жишээлбэл, Харри Трумэнд Франклин Рузвельт тийн хандсан. Х.Трумэн АНУ-ын хамгийн амжилттай ажилласан Ерөнхийлөгч нарын нэг болсон нь тогтсон дүрэм гэхээсээ илүүтэй онцгой тохиолдол байв.

Гэхдээ Жо Байден төрийн үйл хэрэгт зүгээр нэг оролцоогүй АНУ-ын бараг л анхны Дэд Ерөнхийлөгч болжээ. Тэрбээр улсынхаа бодлогыг идэвхтэй тодорхойлж, гадаад бодлогын асуудлаар бие даан шийдвэр гаргаж байсан нь Барак Обамагийн анхны засаг захиргааны Төрийн нарийн бичгийн дарга болсон Хиллари Клинтоныг хилэгнүүлж байсан гэдэг.

Барак Обама заримдаа Дэд Ерөнхийлөгчийнхөө идэвхээс залхаж, улиран сонгогдохын өмнө Жо Байденыг Хиллари Клинтоноор солихоор төлөвлөж буй тухай хэвлэлд бичжээ. Тэгээд ч Б.Обамагийн нэр хүнд унаж эхэлж байв. Үнэндээ тийн өөрчлөх нь Б.Обамад нэмэргүй учраас Х.Клинтоноос татгалзжээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа Барак Обама Жо Байдентай жинхэнэ анд нөхөр болсон байна.

Гэхдээ 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Обама Ж.Байденыг бус, өөрийг нь үргэлж дэмждэг, 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны төлөө түүний гэргийг дэмжсэн байдаг. Бас Байден эл сонгуульд оролцоогүй нь өөр томоохон шалтгаантай холбоотой байж магадгүй. 2015 оны тавдугаар сард Делавэр муж улсын Ерөнхий прокурор байсан хүү Бо нь хорт хавдрын улмаас 46 насандаа нас барсан юм. Хүүгээ санан гашуудаж байснаа Дэд Ерөнхийлөгч асан 2017 онд гаргасан “Надад амлаач, аав аа” намтарчилсан номдоо өгүүлжээ. Үүнээс гадна 1988 онд тэрбээр тархины судасны цүлхэн авхуулах мэс засал хийлгэснээс өөр ноцтой эмгэггүй аж.

Огцорсныхоо дараа Жо Байден Пенсильваны их сургуульд ажилласан ч улс төрөө орхиогүй байна. Тэрбээр олон улсын янз бүрийн сэдвээр мэдэгдэл байнга хийж, Ардчилсан намаас нэр дэвшичдийн сонгуулийн өмнөх кампанит ажилд алгасалгүй оролцож, намынхаа тэргүүлэх зүтгэлтнүүдийн нэг хэвээр байна.

CNN компаниас дөрөвдүгээр сарын 30-нд явуулсан санал асуулгаар Жозеф Байден Ардчилсан намаас нэр дэвшигч бүх хүнийг үлэмж давуу (39 хувь) үзүүлэлтээр тэргүүлжээ. Харин Вашингтоны улс төрийн мэдээллээр дагнадаг “Hill” сонинтой социологийн судалгааны “HarrisX” бүлэг хамтран явуулсан судалгаанд Ж.Байден нь Дональд Трампыг ялсан Ардчилсан намын цорын ганц нэр дэвшигч байв. Тодруулбал, Байден болон Трамп өрсөлдөхөд Дэд Ерөнхийлөгч асан 42, одоогийн Төрийн тэргүүн 36 хувийн дэмжлэг авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)