Баривчлагдсан хөлсний этгээд Х.Гуайдотой уулзсанаа мэдүүлжээ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо АНУ-ын харуул хамгаалалтын “Silvercorp” компанийн дарга Жордан Гудротой Вашингтонд уулзаж, Венесуэлд зэвсэгт халдлага үйлдэх талаар ярилцсан гэж баривчлагдсан хөлсний цэргүүдийн нэг Антонио Секеа байцаагдах үеэрээ мэдэгджээ. Байцаалтын дүрс бичлэгийг Венесуэлийн телевизээр үзүүлсэн байна. “Гуайдог гуравдугаар сарын дундуур АНУ-д айлчлах үеэр Цагаан ордонд түүнтэй уулзсан гэж Жордан Гудро бидэнд утсаар мэдээлсэн. Гуайдо түүнийг Венесуэлийн дэглэмийг халах цэргийн зөвлөх гэж үзсэн. Жилийн өмнө Жордан Гудрог Ерөнхийлөгч Дональд Трампын аюулгүй байдлын албаныхантай хамт байхыг харсан учир энэ нь бидэнд итгэл төрүүлсэн” гэж Секеа ярьжээ.

Венесуэлийн сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагах зорилгоор 2019 оны аравдугаар сард АНУ-ын “Silvercorp” компанитай 213 сая долларын гэрээ байгуулсан тухай “Washington post” сонин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдээлсэн. Төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөхөөр төлөвлөж байсан хөлсний цэргүүд Колумбаас нэвтрэхийг оролдсоныг таслан зогсоосон гэж Венесуэлийн эрх баригчид энэ сарын 3-нд мэдэгдсэн билээ.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Америкийн хоёр иргэн байжээ. Тэднийг Люк Александр Денман, Айран Берри гэдэг болохыг нотолсон баримт бичгийг Ерөнхийлөгч Н.Мадуро телевизээр харуулсан байна. Хамсаатнуудын хамт нисэх буудлыг хяналтдаа авч, Венесуэлийн удирдагчийг тэнд аваачаад, АНУ руу авч явах ёстой байсан гэж тэдний нэг нь байцаалтын үеэр мэдэгдсэн гэнэ.

Венесуэлд баривчлагдсан хүмүүстэй Вашингтон ямар ч холбоогүй, хэрэв тус улсын эсрэг ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол АНУ нуухгүй байсан гэж Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)