Барагдан буй Арал тэнгис

Цагтаа дэлхийн дөрөв дэх том нуур гэгдэж байсан Узбекстаны Арал тэнгисийн 90 хувь нь ширгэжээ. Тус улсад айлчлал хийж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ширгэсэн нуурын сайрыг нисдэг тэргэнээс харсныхаа дараа “Энэ бол байгаль орчинд учруулсан хамгийн том хохирол. Нуурын сайрыг хараад маш их цочирдлоо. Бүс нутгийн орны удирдагчид хамтраад асуудлыг шийдэх хэрэгтэй. Би зөвхөн хөлөг онгоцны оршуулгын газар олж харлаа” гэсэн байна. Төв Азийн таван орноор хийж байгаа түүний айлчлалын нэг гол зорилго нь Арал тэнгисийн асуудал юм.
Зөвлөлтийн үед угаасаа ус ховортой говь газарт тариалсан хөвөнгийн талбайг услахаар 1940-өөд оноос суваг барьж, гол цутгалан болох Сырдарья, Амударья мөрний усыг салаалснаас 1960 оноос эхлэн нуурын ус жилд 20 см доошилж, ус нь татарч эхэлсэн аж. Нуурын ус багассаар 1987 онд дундуураа хуурай газраар таслагдан Хойд Арал тэнгис, Өмнөд Арал тэнгис хэмээн хоёр хуваагджээ. Казакстаны Засгийн газар 2005 оноос Хойд Арал тэнгисийг хамгаалах шийдвэртэй арга хэмжээ авсны үр дүнд нуурын усны түвшин дээшилж, загас нь үржиж эхэлсэн байна.
Узбекийн албаны хүмүүсийн гомдоллож байгаагаар Тажикстан нуурийг тэжээдэг гол мөрний усыг хөвөнгийн тариаланд зориулан боох далангийн төсөл хэрэгжүүлж байгаагаас гамшиг нүүрлэсэн аж.
Нэн ядуу Тажикстаны хувьд хөвөнгийн тариалан, түүнийг тэтгэдэг сувгийн ус олон хүний амьжиргааны эх үүсвэр. Арал тэнгис нуурын өмнөд хэсгийг тэтгэдэг Аму-Дарья мөрөн Тажикстаны нутгаар дайран өнгөрдөг. Усжуулалтын систем баригдахаас өмнө нуурын мандал 68.000 шоо км хүрч байсан бол өдгөө ердөө 10 хувь нь л үлдсэн. Цэвэр усны дутагдалд орж байгаа энэ бүс нутагт ядуурал ихэсч, дарангуйлал тогтож байгаа нь лалын хэт үзэлтнүүд орогнох хөрсийг буй болгох аюултай хэмээн шинжээчид үзэж байгаа юм.  
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн бүс нутгийн орнуудад хүний эрхийн асуудал анхаарал татаж байгаа. Узбекстаныг 1991 оноос хойш удирдаж байгаа Ислам Каримовтой хийх Ерөнхий нарийн бичгийн даргын уулзалт олны анхаарлыг ихээхэн татаж байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)