Бантсан нь

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын зүүн чих энэ долоо хоногт хангалттай дүнгэсэн байх. Олон иргэн нь гэмтлийн эмнэлэг бараадаж, авто зам битүү түгжирч, жолооч нар өдөрт хэдэн арваараа машинаа шүргэлцүүлэн хохирч байгаагийн шалтгаан нь цас, мөс.

Цас орсон даруйд хангалттай, бас чанартай давс, бодис цацаад мөстөхөөс нь өмнө арга хэмжээ авчих хурд, зохион байгуулалт хотын даргад дутаад буйг хүн бүр харж байна. Тэгчихээд зарим нэг хурган дарга нь “Нэг сард 13 удаа орсон цасны буруу” гээд сууж байх ч гэж дээ. За, юутай ч, иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаад буй энэ асуудлыг шийдэх талаар эрхэм Мээр ажиллаж буй гэж найдъя.

Үүнээс өөр нэг мэдээ дуулгая. МАН-ынхан шинээр ажил хийе гэхээс илүү АН-ын үед хийсэн бүхнийг ухраахад л санаагаа чилээж яваа. Энэ жишгээр хотын дарга ч өмнөх намын үед ажиллаж байсан цөөнгүй хүнийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл халагдсан хүмүүсийн дотор Су.Батболд даргын эхнэрийн ах багтсан сурагтай.

Хамаатан байх нь хамаагүй, АН-ын үед ажиллаж л байсан бол хална гэсэн “шударга” зарчим баримталсан бололтой юм. Өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрсөн ахынхаа талаар “матаж”, ажлаас нь халуулж, шударга хүн гэдгээ харуулсан.

Гэвч монгол хүний сэтгэхүй өөр. Тиймээс түүний үйлдлийг “Хууль зөрчсөн, буруу зүйл хийсэн байсан ч төрсөн ах, дүүгээ ажлаас нь халуулж, худлаа шоу хийлээ” хэмээн хүлээж авсан юм. Су.Батболдын талаар ч ийм л шүүмжлэл гарав. Гэхдээ мань эр хадам ахдаа орных нь ажлыг бодчихсон болоод ийм алхам хийсэн биз гэж “тайвшрах” хүмүүс ч байна. Тэгэхгүй бол хөөрхий муу Засаг дарга минь эхнэртээ “алуулах” байлгүй дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)