Банкны эзэмшилд очсон талбайнуудаа авч чадах уу

Улаанбаатар хотын төвд хэсэгхэн газрыг эзлэн үлдсэн ногоон байгууламж, талбайг томоохон аж ахуйн нэгжүүд эзэмшилдээ авч, орон сууц, барилга байгууламж барин үгүй болгодог явдал сүүлийн 10-аад жилд эрчимтэй өрнөсөн. Иргэд ногоон байгууламжаа хамгаалан тэмцдэг ч эрх мэдэлтнүүд зөвшөөрөл өгчихсoн байдаг билээ. Үүний тод жишээ нь хэдхэн хоногийн өмнө болсон үйл явдал. Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, 120 мянгатын автобусны буудал орчмын ногоон байгууламжид халдаж, барилга барихаар “Номин констракшн” компанийнхан хашаагаа хатгахыг завдаж, тухайн орчимд оршин суудаг иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тус компанийнхан тэнд 16 давхар, үйлчилгээний төвтэй орон сууц барихаар зөвшөөрөл авсан бөгөөд “Номин холдинг”-оос гаргасан мэдэгдэлд “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/532 тоот захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт 2194 ам метр талбайг “Үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалттайгаар ашиглах эрх эзэмшдэг билээ. Гэвч барилгын хашаа татах ажлыг Хан-Уул дүүргийн иргэд ногоон байгууламж устгах гэж байна гэсэн шалтгаанаар эсэргүүцсэн. Уг талбайд байрлах 20-25 жилийн настай моднууд нь “Номин холдинг” ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайд хамааралгүй учир ногоон байгууламж хэвээр үлдэнэ” хэмээсэн.

Усан оргилуурыг өөрчилж орчин үеийн шийдэлтэй болгон, ногоон байгууламжид халдахгүй гэх мэт барилгын компаниудын хэлдэг уран сайхан үгэнд өчнөөн хууртсан иргэд энэ удаад “Номин холдинг”-ийнхны үгэнд итгэлгүй тэмцэж, нийслэлийн Засаг дарга газар дээр нь очиж, өрнөж буй үйл явдалтай танилцаад тухайн талбайд олгосон тусгай зөвшөөрлийг хү­чингүй болгохоор шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр нь ойрын өдрүүдэд албан ёсоор гарах гэж буйг оршин суугчдын төлөөлөл бидэнд хэлсэн. Гэхдээ тухайн газрыг иргэд манасаар байгаа юм.

Энэ мэтээр Улаанбаатар хотын орон сууц, нийтийн эзэмшлийн газар, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбай өндөр барилга, байгууламжаар солигдож буйг, тэр нь цөөн хэдхэн байгууллагын нэр дээр очсоныг яг нэг сарын өмнө бид сурвалжлан “Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ” нийтлэлээрээ хүргэж байсан билээ. Өдгөө цагдан хоригдоод буй Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн банк, санхүүгийн байгууллагад “Улаанбаатар” зо­чид буудлын өмнөх цэцэрлэгт гудамж, УДЭТ-ын өмнөх Ю.Цэдэнбалын хөшөөт талбай, хуучнаар Гутлын 22 буюу өнөөгийн Асашёорюүгийн цэцэрлэгийг “Орчны тохижилттой олон давхар газар доорх зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл” нэрээр эзэмшиж буй талаар хүргэсэн. Тэгвэл энэ удаад нийтийн эзэмшлийн хэд хэдэн талбайг авсан талаарх баримтыг хүргэе.

ОЮУТНЫ ТАЛБАЙ ХУВИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЛД ОЧЖЭЭ

МУИС-ийн II байрны урд талын автобусны буудлын өмнө цэлгэр том талбай байсан ч томоохон аж ахуйн нэгжүүд хумсалсаар өдгөө жижгэрчихээд буй. Академич Б.Ширэндэв агсны хөшөө сүндэрлэн байдаг энэ талбайг 2002 онд төрөөс Оюутны жил болгон зарласантай холбогдуулан оюутнууд цугладаг, элдэв арга хэмжээ зохион байгуулдаг, үзэл бодлоо илэрхийлдэг индэр болгосон түүхтэй. Гэвч эрх мэдэлтнүүд газрыг нь хувааж, аж ахуйн нэгжүүдэд олгоод зогсохгүй, уг талбай нь өдгөө “Блюмон” барилга, “Өргөө-2” кинотеатраар орж гарч буй хү­мүүсийн автомашины зогсоол болчихоод буй билээ. Монголын оюутны холбооны үе үеийн удирдлага тухайн талбайг тохижуулж, оюутнуудад зориулна гэдэг ч эрх мэдэлтнүүдийн сүрд дарагдан замхарсаар ирсэн.

Тэгвэл өдгөө Оюутны гэх тодотголтой уг талбай Улаанбаатар хотын банкныхны мэдэлд оччихоод байгааг уншигчид төдийлөн мэдээгүй болов уу. Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дахь 1200 ам метр хэмжээтэй дээрх талбайг нийслэлийн Засаг даргын 2012 оны А/463 дугаар захирамжаар тус банкныханд эзэмшүүлсэн байгаа юм. Тэнд тус банкныхан аанай л сурсан, огт хэрэгжүүлж байгаагүй нөхцөлөөр газар эзэмших зөвшөөрөл авсан аж. Тодруулбал, “Улаанбаатар” зочид буудал, Тусгаар тогтнолын ордон, Ю.Цэдэнбалын хөшөөт талбай, Асашёорюүгийн цэцэрлэгийг эзэмших зөвшөөрөл авахдаа ашигласан, “Орчны тохижилттой, олон давхар газар доорх зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших” гэрчилгээ батлуулжээ. Улмаар уг шийдвэрийг үндэслэн нийслэлийн Газрын алба Улаанбаатар хотын банктай гэрээ байгуулсан гэнэ. Наадмын өмнөхөн буюу 2012 оны долдугаар сарын 9-нд дээрх дугаартай захирамж тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр баталсан бөгөөд түүндээ Асашёорюүгийн цэцэрлэгийн 0.24, “Улаанбаатар” зочид буудал, Тусгаар тогтнолын ордны өмнөх Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн 1.08, Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайтай 0.4 га газрын хамтаар МУИС-ийн урд талын Оюутны талбайн 0.12 га хэмжээтэй газрыг таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон байна. Гэвч таван жил өнгөрөхөд эдгээр талбайд олон давхар зогсоолтой, орчин нь тохижсон цэцэрлэг бий болсонгүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын банкныхан газраа зориулалтын дагуу эзэмшээгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгож, хот тухайн талбайг эзэмшилдээ авахад буруудахгүй болов уу.

ТӨВ ШУУДАН, ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ДУНДАХ ЗОГСООЛТОЙ ЗАМЫГ ХЭРХЭХ БОЛ

Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, Төв шуудангийн ард, Монголын хөрөнгийн биржийн урд талын автомашины зогсоолтой зам хувийн эзэмшилд оччихоод байна гэвэл та итгэх үү. Ийм захирамжийг эрх бүхий албан тушаалтнууд гаргачихаад байна. Тодруулбал, “Монтел” руу орж гардаг, Д.Сүхбаатарын талбайн баруун урд талын, дээрх замыг нийслэлийн Засаг дарга С.Батболдын баталсан 2017 оны А/464 дүгээр захирамжаар “Улаанбаатар капитал” банк бус санхүүгийн байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Уг захирамжийг гаргахдаа 2011 оны гуравдугаар сарын 25-нд тухайн үеийн Засаг даргын баталсан 261 дүгээр захирамжийг үндэслэн Улаанбаатар хотын банканд эзэмшүүлсэн газрыг тус банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн аж. Тэнд мөн л орчны тохижилттой, олон давхар зогсоол барихаар зөвшөөрөл авсан гэх. Хэрэв тэнд дээрх банк ч бай, банк бус санхүүгийн байгууллага ч гэсэн ялгаагүй зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан бол байнга түгжирч байдаг тухайн орчны замыг бүр хаах нь гарцаагүй. Нэг айлын эзэмшлийн газартай ойролцоо талбайтай тухайн хэсэгт барилга барих, эсвэл олон давхар зогсоол байгуулахаар газрыг нь ухаж эхэлбэл хууль зөрчих нь гарцаагүй. Тодруулбал, Барилгын тухай хуульд аливаа барилга байгууламжийг төлөвлөхдөө “Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц, гарцыг хөдөл­­­гөөнд саадгүй байхаар төлөвлөх” хэмээн хуульчилсан. Тэнд олон давхар зогсоол, ямар нэг барилга, байгууламж бий болгоход тухайн зам нэлээд хугацаагаар хаагдах нь ойлгомжтой шүү дээ. Нийтийн эзэмшлийн зам бүхий энэ газарт ямар зураг, төслөөр олон давхар зогсоол барих нь тодорхойгүй хоёр жил болоод буй тул газар эзэмших гэрчилгээг хү­ чингүй болгох хууль, эрх зүйн боломж бүрдсэн юм билээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч даруй шийдвэр гаргаж, Д.Сүхбаатарын талбайн урд талын автозогсоолын 2.5 га газрыг “UB констракшн” компанийн эзэмшлээс нийслэлийн өмчид авах захирамж батлан өдгөө тэндхийг хэрхэн тохижуулах талаар иргэдээс санал авч дууссан юм.

ХААЛТТАЙ УУЛЗАЛТЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ БУЦААН АВАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ШААРДАВ

Дээрх газруудаас гадна Улаанбаатар хотын банкны эзэмшилд Чингэлтэй дүүргийн нутаг, “Тэнгис” кинотеатрын автобусны буудлын дэргэд, KFC-гийн баруун талд мөн л газар олгосон байна. Тэнд өдгөө саарал төмөр хашаа барьчихаад буй билээ. Алга дарам гэмээр тэр жижиг талбайд чухам юу барьж, байгуулах нь өдгөө тодорхойгүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 2014 онд нийслэлийн Засаг дарга Э.БатҮүлийн А/917 дугаартай захирамжаар зөвшөөрөл авахдаа бас л орчны тохижилттой, олон давхар зогсоол бий болгох гэрээ байгуулсан юм байх. Харин дараа жил нь мөн л Э.Бат-Үүл даргын А/452 дугаар захирамжаар уг хашааны яг ард талд залгаа, өдгөө автомашины зогсоол байгаа хэсэгт газар олгосон аж.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн нутаг, “Шангри-Ла” зочид буудлын замын эсрэг талд, Гэрлэх ёслолын ордны зүүн урд хэсэгт, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн байр байсан талбайн хажууханд жижигхэн талбайд саарал хашаа хатгачихаад буй. Бас л Улаанбаатар хотын банкны эзэмшлийнх гэх юм билээ.

Хотын төвийн, үнэд хүрэх, дэд бүтэц хөгжсөн газрууд энэ мэтээр мэдээлэлд ойр, эрх мэдэлтнүүдийн эзэмшилд оччихоод байна. Хэдийгээр эдгээр газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжгүй ч олон давхар худалдаа, үйл­ чилгээний төв, оффисын барилга сүндэрлүүлэхэд жижигдэхгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүн өнгөрсөн даваа гарагт нийслэлийн удирдлагатай хаалттай уулзалт хийсэн. Тэр үеэр гол хөндөгдсөн асуудал нь замбараагүй газар олголт байж. Тэр дундаа манай сонины өнгөрсөн сарын 6-ны дугаарт гарсан “Улаанбаатарын ногоон байгууламж, талбай банкны эзэмшилд очжээ” нийтлэлд дурдагдсан цэцэрлэгт гудамжууд, өдгөө дээр өгүүлэн буй талбайнуудыг онцлон өгүүлж, зориулалтын дагуу эзэмшээгүй, хууль зөрчсөн, нийтийн эзэмшлийн талбай, нөгөөн байгууламжид халдсан аж ахуйн нэгжүүдийн газрын зөвшөөрлийг нь цуцалж, төр мэдэлдээ яаралтай авахыг шаардсан гэнэ. Сургууль, цэцэрлэг барих гэхээр нийслэлд газар олдохгүй болсон, гэтэл бэл бэнчинтэй хүмүүс хотын төвийн газруудыг эзэмших нэрээр авчихаад юу ч хийхгүй байгааг судалж шийдвэрлэхийг ч анхааруулсан байна. Эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хуульд заасан хугацаа нь өнгөрчихөөд байхад нийслэлийн Газрын албаныхан юу ч хийхгүй суугаа нь л хачирхал төрүүлж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)