Банкны эзэмшигчийн “тэгшитгэл”

Монголбанкны ерөнхийлөгчөөр саяхан томилогдсон Б.Лхагвасүрэн “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалтад оролцохдоо нэгэн сонирхол татах мэдэгдэл хийв. Тэр нь банкны хөрөнгө оруулагчдын хувьцааны эзэмшлийг бууруулах тухай байлаа. Мэдээж хэрэг банкны хувьцааны хоёр хувийг эзэмшиж буй хүний өмчлөлийг бууруулах нь утгагүй. Харин тухайн банкийг 100 хувь эзэмшдэг, эсвэл Компанийн тухай хуулийн дагуу давамгай санал өгөх эрхтэй хөрөнгө оруулагчийн нөлөөг багасгах нь зүйтэй. Б.Лхагвасүрэн “Хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлээд банкны хөрөнгө оруулагчдын хувь эзэмшлийг нь бууруулна” гэж мэдэгдсэн. Тэгэхээр эндээс банкны хувьцааны эзэмшилд хязгаар тавих нь гэсэн утга уншигдаж буй юм.

Хамгийн том хөрөнгө оруулагч нь тухайн банкны төдөн хувиас дээшгүй хувьцааг эзэмшинэ гэж хуульд тусгах нь байна. Багагүй улстөржилт дагуулсан, эсэргүүцэл дуудсан өөрчлөлт болох нь гарцаагүй. Гэхдээ банкны шийдвэр гаргах эрх мэдэл ганц хүн, аж ахуйн нэгжийн давамгайлалд байх нь зохисгүй. Тиймээс энэ шийдвэрийг дэмжих хэрэгтэй. Жишээ нь, 300 мянган харилцагч тус банканд мөнгөө хадгалууллаа гэж бодъё. Гэтэл нэг хүн тэдний хадгаламжийн мөнгийг хэнд зээлэхийг шийдээд байвал яах вэ. Тухайн хүн санхүүгийн мэдлэггүй, ёс зүйгүй бол бүр ч хэцүүднэ.

Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 30 гаруй банк байгуулжээ. Өдгөө эдгээрээс 12 нь үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2-3 нь хүнд байдалд орсон гэх явган яриа газар авсаар. Монголын банкуудын дампуурсан түүх нь эргэн төлөгдөх баталгаагүй зээл олгосонд байдаг. Бүгд л ийм замаар дампуурсан, хадгаламж эзэмшигчдээ хохироосон. Хамгийн сүүлийн тод жишээ нь “Капитал” банк. Тус банкны нийт активын 80 хувь нь чанаргүй болсон учраас Төвбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилон татан буулгасан юм. Дампуурсан банкууд эрсдэлийг нь тооцох боломжгүй, эргэн төлөгдөх нь тодорхойгүй нэг, эсвэл хэдхэн төсөлд зээл олгосон байдаг. Найдваргүй зээл олгох эцсийн шийдвэрийг нь давамгай хувьцаа эзэмшигч нь гаргасан байдаг билээ.

Олон улсын зэрэглэлтэй томоохон банкууд бүгд хөрөнгийн биржид бүртгэлтэй. Ийм банкууд тайлан тооцоогоо улирал тутамд олон нийтэд тайлагнана. Энэ нь зүгээр ч нэг ерөнхий нягтлан бодогчийн гаргасан тайлан байдаггүй. Дэлхийд алдартай аудитын компаниар хянуулсан бүртгэл, тооцоолол байдаг. Үүгээр зогсохгүй тухайн банкийг хувьцааг нь эзэмшдэг, санхүүгийн өндөр мэдлэгтэй мэргэжлийн хөрөнгө оруулагчид хянана. Ингэхээр эрүүл засаглал тогтох нь ойлгомжтой. Тэгвэл манайд байдал ямар байна вэ?

Монголын арилжааны банкуудын дийлэнх нь тав орчим хөрөнгө оруулагчтай нь харагдаж байна. Нэг аж ахуйн нэгж дангаар эзэмшдэг, хоёрхон хөрөнгө оруулагчтай банк ч бий. Компанийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийн хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж буй хөрөнгө оруулагч шийдвэр гаргах эрхтэй байдаг. Худалдаа хөгжлийн банк, ХААН, “Голомт”, “Төрийн банк”, “Богд”, “Чингис хаан”, “Ариг”, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Улаанбаатар хотын банкны хувьцааны 50- иас дээш хувийг нэг хувь хүн, эсвэл аж ахуйн нэгж эзэмшдэг. Тиймээс эдгээр банк нь олон талт шийдвэр гаргах боломжгүй юм. Нэг хүн юу гэж дохино, тийм л шийдвэр гаргана. “Хас” банк 12 хөрөнгө оруулагчтай. Хамгийн том хөрөнгө оруулагч нь тус банкны хувьцааны 20 хувийг эзэмшдэг. Үүнээс гадна олон улсын нэр хүнд бүхий банкууд хувьцааг нь эзэмшдэг юм. Тиймээс хамгийн сайн засаглалтай банк гэгддэг билээ. Манай улсад 12 банк үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь ч Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээгүй. Өмнө нь “Анод”, “Зоос” банк Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа худалдаж байсан туршлага бий. Гэвч “Олон овоот” хэмээх найдваргүй төсөлд их хэмжээний зээл олгосноос шалтгаалж хоёул дампуурсан билээ.

Банкуудын хөрөнгө оруулагчдын хувьцааны эзэмшлийг бууруулбал хоёр давуу тал үүснэ гэж харж байна. Нэгдүгээрт, банкийг эрсдэлд оруулах ухвар мөчид шийдвэр гаргахгүй. Банк олон хөрөнгө оруулагчийн хяналт дор үйл ажиллагаа явуулбал зөв шийдвэр гаргах магадлал өндөр. Олуул удирдвал ямар нэг хуурмаг үйлдэл, заль мэх, танил талын нөлөөнд автахгүй. Хоёрдугаарт, банкны өөрийн хөрөнгө нэмэгдэж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ ханган, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Активын чанарын үнэлгээ хийсний дараа манай банкуудад 600 орчим тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал илэрсэн. Зарим нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн ч эх үүсвэрийг нь тайлбарлаж чадахгүй байгаа. Нөгөө хэсэг нь өөрийн хөрөнгөө өнөөг хүртэл нэмж чадахгүй явна. Хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргадаггүй юм гэхэд хөрөнгө оруулагчдад хувьцааг нь худалдвал банкуудын активын чанар сайжрах нь тодорхой.

Ийм арга хэмжээ авсны дараа банкуудын чадавх дээшилнэ. Тэгэхээр манай санхүүгийн зах зээлийн ноён нуруу болдог банкны салбар тогтвортой байна гэсэн үг. Санхүүгийн салбар хэвийн ажиллах нь эдийн засаг тогтвортой байх үндэс юм. Банкуудын хувьцааны эзэмшлийн хувийг бууруулж, тэгшитгэх нь эдийн засгийн тогтвортой байдалд тустай юмсанж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)