Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн баасан гарагт өргөн барилаа. Уг төсөлд Монголбанк инфляцыг 2021-2023 онд зургаа орчим хувьд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр тусгасан аж. Санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд, “Ковид-19”-ийн эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль, эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх ажлуудыг төлөвлөжээ. Цар тахал хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус ч 2021 онд Монголбанкны хяналт шалгалтын бодлогo хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийн хувилбарууд боловсруулж хэрэгжүүлэхэд чиглэх нь. Мөн түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдээс аажмаар гарах төлөвлөгөө боловсруулахад чиглэх аж. Бас банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлт, хяналт шалгалтын хүрээнд тавьдаг шаардлагуудыг Базелийн цуврал стандарттай нийцүүлэн нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх суурь шилжилтийг тасралтгүй үргэлжлүүлнэ гэв. Түүнчлэн бие даасан 10 гаруй хуулийг багтаасан Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхийн сацуу хууль тогтоомжийн давхардал, хийдэл зөрчлийг арилган, уялдаа холбоог сайжруулснаар санхүүгийн зах зээл илүү үр ашигтай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, технологийн дэвшил нэвтрүүлж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчин бүрдүүлэх, зуучлалыг өргөжүүлэхийг зорих аж.

Тус банк УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулах, үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг төрийн бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Цар тахлын нөлөөгөөр бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар ДНБ-ий өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэх гэнэ.

Бэлтгэсэн: Ц.Ундрал 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)