Банкаа “балбах” нь бахдал биш

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Корона хямрал”- ын үеэр эдийн засгийг дэмжих долоон арга хэмжээг танилцуулах үеэр “Банкуудын “биеийн байдал”-д ч нөлөөлөх арга хэмжээ авч магадгүй” гэж мэдэгдээд удаагүй байна. Түүний хэлснийг бүрэн ойлгоё гэвэл нэмэлт тайлбар хэрэгтэй байх. Ямартай ч энэ мэдэгдэл заналхийлсэн өнгө аястай байсан талаарх яриа гарчээ. “Эдийн засгаа аврах нэрийдлээр, төрийн дарангуйллаар банкуудынхаа багалзуурыг арай шахах гэж байгаа юм биш биз” гэж учир мэдэх хүмүүс гайхаж буйгаа хэлсэн.

Монголбанкнаас зээлдэгчийг гурван сарын хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд муу гэсэн ангилалд оруулахгүй байхаар журамласан. Өнөөгийн эрх зүйн орчны хүрээнд Төвбанкны авч чадах арга хэмжээ энэ. Үнэн хэрэгтээ “3ээлээ хойшлуул” гэж үүрэгдэх эрх Монголбанканд байхгүй. Гэвч Монголбанкны ерөнхийлөгч муу зээлийн ангилалд оруулахаас гурван сар чөлөөлсөн шийдвэрээ “Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг гурван сараар хойшлуулж байна” гэж мэдэгдсэн нь олон нийтийг төөрөгдүүллээ. Гэтэл зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид банкууд “Төлбөрийн чадвараа алдсанаа нотол, эсвэл зээлээ төл” гэсэн шаардлага тавив. Эдийн засгийн хүндрэлтэй, “Ковид-19” тархаж мэдэх эгзэгтэй үед банкууд ийн хойрго хандсан нь Ерөнхий сайдын уурыг хүргэсэн байж мэдэх юм.

Мөнгө бол эдийн засгийн цус. Харин банк түүнийг эргэлдүүлдэг судас нь. Тэгэхээр судсыг нь тасалбал эдийн засаг цус алдана. Банк бол маш нарийн зохицуулалтаар, болгоомжтой удирдахгүй бол харилцагчдынхаа итгэл дээр тогтдог эмзэг байгууллага. Хадгаламж эзэмшигчид нь итгэл алдарвал банк дампуурна. Ийм зүйл тохиолдож, санхүүгийн салбар нь хямарвал дагаад эдийн засаг нь доройтдог бичигдээгүй хуультай. Эдийн засгаа аврах гэж байна гээд банкаа унагавал харин ч хүндрэлийг улам даамжруулж болзошгүй. Монголчууд ийм болчимгүй үйлдлийг “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гэж зүйрлэдэг.

Банк хоёр талын санхүүгийн эрх ашгийг гүйцэлдүүлэгч байгууллага гэдгийг мартаж болохгүй. Нэг тал нь зээлдэгч, нөгөө нь хадгаламж эзэмшигч. Гэтэл зээлдэгчийн эрх ашгийг хангана гээд нэг талаас нь харан мугуйдлаад байж таарахгүй. Нөгөө талд нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хөндөнө. Мөн бизнесийн байгууллага гэдгийг санах хэрэгтэй. Асар их мөнгө эргэлдүүлж, хүнд хариуцлага үүрдэг ч банк жилд 1-2 хувийн өгөөжтэй ажилладаг байгууллага. Үүнийг өөрөөр ашигтай ажилладаг гэж хэлж болно. Тэгэхээр муу муухайгийн туйл болгож, харагдуулах нь утгагүй юм.

Аливаа зүйлд гарц, шийдэл бий. Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд ширээ тойрч суугаад хэн нь ямар арга хэмжээ авахаа ярилцах нь зүйтэй. Шийдэл нь санхүүгийн салбарынхаа тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх ёстой. “Эдийн засаг хямраад байна. Та нар увайгүй загнах ёсгүй шүү” гээд нэгийгээ чичлээд байвал сайн үр дүнд яав ч хүрэхгүй. Коронавирусийн тархалтаас сэргийлж, хөл хорио тогтоосноор бизнесийн үйл ажиллагаа саарсан нь маргаангүй. Орлогогүй болсон бизнесмен зээлээ төлөх боломжгүй нь ойлгомжтой. Ийм хүнд үед банк ямар хөнгөлөлт үзүүлэх боломжтой, Засгийн газар, Төвбанкнаас ямар дэмжлэг шаардлагатайг сайтар ярилцах учиртай. Эс бөгөөс бүх ачааг банкны нуруунд үүрүүлнэ гэвэл даахгүй л болов уу.

Зээлдэгчдэд хөнгөлөлттэй нөхцөл олгож, ачааг нь багасгах гэж байгаа бол төсвөөс банкуудыг мөнгөжүүлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгчдэд банкнаас үзүүлэх хөнгөлөлтийн зардлыг Засгийн газар даах шаардлагатай юм. МҮХАҮТ-ынхан ийм саналыг удаа дараа гаргасаар байгаа билээ. Банкууд галыг өртөө авч, алдагдал хүлээн, хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хохироох шийдвэр яагаад ч гаргахгүй. Ийм нөхцөл рүү түлхэх ч учиргүй. Банкуудаа буруутгаад, “балбаад” байх нь бахдал биш, харин ч учир зүйгүй балмад явдал шиг харагдаж байна.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Гадаадад байгаа зээлдэгчид гайхшаа барж сууна

Урд хөрш болон БНСУ-аас бэлэн хувцас, гутал оруулж ирэн, худалдааны томоохон хоёр төвд лангуу түрээсэлж, борлуулдаг М.Золзаяа учир байдлаа тоочлоо. Тэрбээр ХААН банкнаас хоёр жилийн өмнө, 20 сая төгрөгийн бизнесийн зээл таван жилийн хугацаатай авчээ. Зээлийн төлбөрт сар бүр 510 000, автомашины лизингт 450 000, хоёр лангууны түрээсэнд 1.7 сая төгрөг зарцуулдаг аж. Гэтэл өдгөө хөл хорионы улмаас БНСУ-аас ирж чадахгүй, хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Лангууг нь ажиллуулах хүнгүй болсон төдийгүй хил хаагдсаны улмаас барааны нийлүүлэлт нь тасалдаж, үйлчлүүлэгч ч огцом цөөрсөн гэв. Тиймээс бизнесийн зээл, лизингийн төлбөрөө хойшлуулж болох тухай шийдвэрийг талархан хүлээн авсан ч ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхвэл зохихыг дүүгээрээ дамжуулан банкнаасаа асуулгасан аж. ХААН банкныхан “Лизинг, зээлийн төлбөр

хойшлуулах хүсэлтээ цахимаар бөглөж болно. Гэхдээ зээл авсан салбарынхаа эдийн засагчтай утсаар, эсвэл онлайнаар холбогдох хэрэгтэй. Эдийн засагч нөхцөл байдлыг нь үнэлэн, тодорхойлж, хүсэлтийнх нь хамт ахисан түвшний мэргэжилтнүүддээ танилцуулна. Ажлын 5-7 хоногт багтаан хариу өгнө” гэжээ. Хэрэв зээл суутгуулдаг дансанд нь мөнгө байвал автоматаар татагдах, төлөх хугацаагаа хойшлуулж болох ч хүү нь нэмэгдэх буюу долдугаар сарын 31 хүртэлх хугацааны хүү тооцогдохыг анхааруулжээ.

“Голомт” банканд цалингийн болон кредит картын зээлтэй бүсгүй одоо Америкт буй. Тус улсад ч хөл хорио тогтоон, хичээл, ажил нь хаагдсан, хорио цээрийн дэглэм хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй тул Монгол дахь зээлийн төлбөрөө хойшлуулан, хүлээзнэж болох, эсэхийг эгч нь тодруулж явахтай таарав. Дээрх банканд цалингийн зээлтэй иргэдийн байгууллага нь хүсэлт гаргах ёстой гэнэ. Тодруулбал, тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдон, цалингаа өгч чадахгүй болсныг тодорхойлон, эдгээр ажилтан зээлтэй тул төлөх хугацааг нь сунгуулах хүсэлтийг, нэрсийнх нь жагсаалттай илгээх юм байна. Хэрэв иргэн ажлаасаа гарсан тохиолдолд онлайнаар хүсэлтээ гаргаж болно, гэхдээ ямар шийдвэр гаргахыг зээлийн хорооныхон мэднэ хэмээн “Голомт” банкны харилцагчийн зөвлөх Г.Эрдэнэтуяа хэлсэн юм. Мөн тэрбээр “Зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргасан иргэн бүрийн материалыг хүлээн авч, холбогдох албад руугаа дамжуулж байна. Манай зээлийн эдийн засагч нар харилцагчид руугаа утасдан, төлбөрөө хойшлуулах, эсэхийг нь магадлан, бүртгэл хийж буй” гэлээ. Сүхбаатар дүүрэгт 12 өрөөтэй буудлыг, сарын 2.5 сая төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг Ч.Лхагва-Одын бизнесийг хөл хорионы улмаас дэн буудлын зэрэглэлтэй хэмээн хаажээ. “Голомт” банкны бизнесийн зээлд сард 700 000 төгрөг төлдөг тул хойшлуулах хүсэлтээ өнгөрсөн сарын 27-нд онлайнаар хүргүүлсэн байна. Одоогоор хариу ирээгүй бөгөөд зээл авсан салбарынх нь эдийн засагч ирж уулзахыг сануулж, утсаар ярьсны дагуу очсон гэнэ. Эдийн засагч “Дэн буудлаа хаалгасан гэсэн албаны тодорхойлолт авч ирэхээс гадна өөр ажил эрхэлж, нэмэлт орлого олдоггүйгээ нотлохын тулд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж буй баримтын хуулбарыг авч ирж болно” гэжээ. Ч.Лхагва-Од “Юутай ч нийгмийн даатгалын лавлагаа, дэн буудлаа хаалгасан баримтаа аваад очно, хэрхэн шийдвэрлэхийг нь мэдэхгүй” гэсэн юм. Ер нь банкууд тухайн бизнес эрхлэгчийн орлого тасалдсан, эсэхийг “хар дэвтэр”-ийнх нь бичилт, түрээсийн гэрээ, дансны хуулга зэргээр баталгаажуулахыг зорин, цөөнгүй бичиг баримт нэхэж буй юм билээ.

“Богд”, “Капитрон”, Худалдаа хөгжлийн болон Төрийн банк нь зээлдэгчдийнхээ төлбөрийг хойшлуулах боломжтой, хүсэлтийг нь онлайнаар хүсэлт хүлээн авч байв. Улмаар төлбөрөө зайлшгүй хойшлуулах шаардлагатай хэмээн дүгнэвэл, иргэдийн гэрээг шинэчлэх аж. Гэрээгээ шинэчлэх хүмүүс ямар ч төлбөр төлөхгүйгээр харилцдаг салбартаа өөрөө очин үйлчлүүлэх юм байна. Харин “Ариг” банкны харилцагч гэрээндээ өөрчлөлт оруулахыг хүсвэл гэрээ шинэчлэх төлбөр 10 000 төгрөг тушаана гэв. Үүнээс гадна дээрх банкууд иргэд долдугаар сарын 31 хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулж болох ч хүүг нь төлөхийг санууллаа. Мөн банкуудтай цалин, лизингийн зээлийн гэрээ байгуулсан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилчдаа төлөөлөн, үйл ажиллагаа нь доголдсон талаарх, нотолгоо, зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаж болох гэнэ. Харин Сангийн сайдын дурдсанчлан, ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломж бий, эсэхэд дээрх банкуудын төлөөлөл, удирдлагуудынх нь нэгдсэн шийдвэр гараагүй хэмээн хариулт өгөхөөс татгалсан бөгөөд одоогоор хэчнээн иргэн, аж ахуйн нэгж зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт илгээсэн болон асуудлаа шийдвэрлүүлснийг мэдээлэх боломжгүйг дурдсаар байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ковид-19”-өөс шалтгаалан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг давахын тулд “Банкуудын “биеийн байдал”-д ч нөлөөлөх шийдвэр гаргаж магадгүй” гэж мэдэгдсэн. Банкуудын үйл ажиллагаанд төрийн дарангуйллаар хандах боломжтой юу, ингэх нь ямар үр нөлөөтэй байж болзошгүй талаар төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, судлаачдын байр суурийг сонслоо.

БАЙР СУУРЬ

Ц.ЛУТ-ОЧИР (Австралийн үндэсний их сургуулийн магистр, хөгжлийн эдийн засагч):

-Ерөнхий сайд ямар утгаар ингэж хэлснийг мэдэхгүй. Хуулиараа банкуудад тушаал, заавар өгөх, албадлагын арга хэмжээ авах эрхтэй хүн нь Төвбанкны ерөнхийлөгч байдаг. Хэрвээ сонгуульд оноо цуглуулах зорилготой популист шийдвэр гаргах гэж байгаа бол дэмжихгүй. “Ковид-19” тархсанаас хойш 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт доголдож, 195 тэрбумын зээл, 72 тэрбумын хүүгийн төлбөр саатсаныг Монголбанк мэдээлсэн. Ийм хүнд үед банкуудаас зээлийн төлбөр хураахгүй байхыг уриалах, зээлийн хүүгээ бууруулахыг хүчээр шаардвал банкуудаа татаж унагана. Төр, засгийн шийдвэр санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах, цаашид бизнес эрхлэх, хөрөнгө оруулах итгэл төрүүлэхүйц байх нь зүйтэй.

Байдал хүндэрвэл банкны үйл ажиллагааг мөнгөн хөрөнгөөр дэмжиж, зээл, хадгаламж, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн бүх үйлчилгээ тасалдалгүй байлгахад бэлэн байх нь зөв. Үүнд төрийн зүгээс баталгаа өгвөл эдийн засагт эерэг дохио болж очно. Харин энэ дэмжлэг бидний хүссэн зорилгод зарцуулагдаж буйд бид хэр итгэлтэй байж чадах вэ. Банкны системд хуримтлагдсан ёс зүйн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Moral hazard буюу ёс зүйн доройтол маш ноцтой асуудал болсон. Банкны эзэд болон удирдлага банкаа тонож байгаа, эсэхийг хянан шалгаж, шийдвэртэй арга хэмжээ шуурхай авч чадаагүйгээс бид олон удаа алдсан.

Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хямрал урт хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон энэ үед бүтцээ өөрчлөх, түүнд төрийн бодлогыг уялдуулах шаардлага үүслээ. Үр өгөөж муутай, гадагш валют урсгадаг хэрэглээ, хөрөнгө оруулалтыг хязгаарлах, экспортод чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлд мөнгө, санхүүгийн бодлогоо өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Төр үүнд уриалж, үлгэрлэн дагуулах учиртай. Төсвөө тодотгох нь хамгийн эхний алхам. “Корона хямрал” дууссаны дараа дэлхийн эдийн засаг, нийгмийн харилцаа ихээхэн өөрчлөгдөх шинжтэй байгаа тул түүнд Монгол Улс яаж дасан зохицох, эдийн засгийн ямар загвараар хөгжихийг одооноос бодох цаг болжээ.

УГ ШИЙДВЭР АРИЛЖААНЫ БАНКУУДАД АШИГТАЙ

Э.БЯМБАЖАВ (Сангийн сайд асан, Гавьяат эдийн засагч):

-Өнөөгийн хүнд цаг үед бүхий л салбар, тухайлбал, эдийн засаг, санхүүгийн байгууллагууд боломжит бүх арга хэмжээгээ авах шаардлага зүй ёсоор тулгарлаа. Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд арга хэмжээ авч байна. Банкууд ч гэсэн өөрийн хууль, дүрэмтэй. Монголбанк бол УИХ-ын харьяа байгууллага. Монголбанкны ерөнхий удирдлагын хүрээнд арилжааны банкууд ажилладаг. Засгийн газар арилжааны банканд үүрэг, даалгавар өгөх эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ Засгийн газар улсын эдийн засгийн бүх бодлогыг барьж буйн хувьд зохих арга хэмжээ авч болно. Арилжааны банкуудад нэг талаас хүсэлт, нөгөөтээгүүр, Засгийн газрын хувьд шаардлага тавьсан. Гэхдээ энэ нь үүрэг биш. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зээл төлөх хугацааг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргах нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны үүрэг.

Арилжааны банкуудад энэ шийдвэр нь сайн хүрээгүйгээс үл ойлголцол үүссэн. Уг нь энэ шийдвэрийг хэрэгжүүлэх нь арилжааны банкуудад ашигтай. Иргэд, байгууллагууд зээлээ хугацаандаа төлж чадвал арилжааны банк дараагийн харилцагчид зээл олгоно. Гэтэл өдгөө зээл авах хүн бараг байхгүй. Яагаад гэвэл үйл ажиллагаа нь явахгүй байгаа. Хүүг бууруулахгүйгээр зээл төлөх хугацааг хойшлуулах нь арилжааны банкуудад ашигтай. Энэ шийдвэрээс банкууд татгалзаагүй юм шиг. Харин зээлдэгч нар банкныхантай уулзаж, учраа хэлэн, гаргах ёстой. Банк, харилцагчийн үл ойлголцлоос болж, асуудал үүсэх боллоо. Нөгөөтээгүүр, банкууд зээлдэгчтэйгээ холбогдож, зохих зохицуулалт хийх ёстой. Мөн анх зээл авч буй юм шиг олон бичиг, баримт шаардаж, иргэдийг хүндрүүлэх хэрэггүй. Хоёр тал хурдан шуурхай ажиллаагүй учир Ерөнхий сайд арга хэмжээ авна гэсэн байх. Ерөнхий сайдын буруу биш. Улсаа удирдаж буй хүний хувьд хууль, эрх зүйн хүрээнд зохих арга хэмжээ авах нь зөв. Зээл төлөх хугацааг хүүгүйгээр хойшлуулна гэсэн бол арилжааны банкууд дургүйцэх нь зүйн хэрэг. Яагаад гэвэл арилжааны банкууд хадгаламжийн хүү төлж буй. Харин Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг зохих хэмжээгээр чөлөөлж байхад зээлийн хүүгээ бууруулах боломжтой. Арилжааны банкууд ашиггүй ажилладаг гээд “Эрдэнэс Тавантолгой” компанитай харьцуулж ярих юм билээ. Адил үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай харьцуулах ёстой. Арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ ч зохих хэмжээгээр бууруулах түр арга хэмжээ авч болно.

ЗАСГИЙН ГАЗАР БОДЛОГОО ТӨРИЙН БАНКААР ДАМЖУУЛАХ БОЛОМЖТОЙ

Л.ОЮУН (МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор)

-Хууль, эрх зүйн талаасаа болохгүй. Арилжааны банкууд хувийн байгууллага. Иргэд, аж ахуйн нэгжүүдээс хадгаламж татаад, түүгээрээ зээл олгож амьдардаг санхүүгийн зуучлагч. Арилжааны банк нь улсын хэмжээнд нэгдсэн журмаар төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв зээлийн хүүг нь албаар буурууллаа гэхэд арилжааны банк төлбөрийн чадваргүй болно. Манай улсын санхүүгийн тогтолцоо банк төвтэй. Банкны систем дампуурвал улс оронд аюул учирна. Гэхдээ Засгийн газарт банканд нөлөөлөх боломж байгаа. Монгол Улсын Засгийн газарт мэдлийнх нь хоёр банк ажиллаж байна. Төрийн банк, Хөгжлийн банк. Аливаа улсын Засгийн газар бодлогоо өөрийн өмчийн банкаараа дамжуулж хэрэгжүүлдэг. Тэгэх гэж л өөрийн банктай байдаг. Нөгөө төлөөс Засгийн газар Төвбанктайгаа хамтран ажиллаж болно. Төрийн мөнгөний бодлогыг барьж байгаа Монголбанк, төсвийн бодлого барьж буй Сангийн яам хоёр хамтран ажиллах боломжтой. Хэдийгээр Төвбанк нь бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин манайд үйлчилж байгаа ч бодлогын хоёр объектын нэг юм. Улсынхаа хөгжлийн төлөө бодлогоо нэгтгэж болно шүү дээ. Монголбанк ч арилжааны банкны үйл ажиллагаанд албадлагын арга хэрэглэх боломжгүй. Харин эдийн засгийн арга, механизм, хөшүүрэг хэрэглэж болно. Арилжааны банкууд нэг зүйлийг ойлгож буй болов уу гэж найдаж байна. Монгол Улс эдийн засгийн хямралд гүнзгий орвол тэд ч бас дампуурна.

ТӨРИЙН ОНОВЧТОЙ ОРОЛЦООГ БАНКУУД РУУ ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

О.ТЭНҮҮН (“Оюуны ундраа” группийн гүйцэтгэх захирал):

-Дэлхий даяар Засгийн газрууд цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийн эхний давааг давж, хожмын үр дагаврыг бууруулахад чиглэсэн багц арга хэмжээ авч байна. Монголын Засгийн газар ч дэлхийн улсуудтай хөл нийлүүлж шийдэл, шийдвэр гаргаад эхэллээ. Арилжааны банк олон нийттэй хамгийн ойр, холбоотой ажилладаг санхүүгийн байгууллагуудын тоонд багтдаг. Тиймээс банк эдийн засгийн хүндрэлийн эсрэг ямар хариу арга хэмжээ авах нь үйлчлүүлэгч, аж ахуйн нэгж, ажилчин, цаашлаад эдийн засагт шууд нөлөөлнө. Цар тахлын тархалтын үед банк үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн сөрөг нөлөөллийг багасгах, өргөн хүрээнд зөвлөгөө өгөх гэх мэт арга хэмжээ авч, харилцагчдадаа санаа тавьж буйгаа харуулахын тулд дараах ажлыг хийх хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт, банк одоогийн орчинд хамгийн их эрсдэлд орсон гэх жижиг, дунд бизнес эрхлэгчдээс эхлээд бусдад нь ч санхүүгийн уян хатан хэрэгсэл санал болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, зээлийн хүүгийн төлбөрөөс татгалзаж, коронавирусээс үүдсэн эдийн засгийн хүндрэлийн эсрэг тусламж авахын тулд ийм өөрчлөлт хийхийг хүссэн үйлчлүүлэгчдийн зээлийн төлбөрийг хойшлуулах шаардлагатай. Эдийн засгийн салбар бүрт тусламж хэрэгтэй болж байна. Энэ үед бизнесийн олон байгууллага хаалгаа барихад хүрч болзошгүй. Байдал улам хурцадвал эдийн засгийн хямрал болно. Тиймээс төр, засгийн оновчтой оролцоог банкууд руу чиглүүлэх хэрэгтэй.

ЭРҮҮЛ ӨСӨЛТ ГАРАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛД ХҮРГЭЖ МАГАДГҮЙ

Б.ОТГОНТӨГС (МУИС-ийн профессор, эдийн засгийн ухааны доктор):

-Монгол Улсад Банкны тухай хууль бий. Бид зах зээлийн эдийн засгийг холбогдох эрх зүйн хүрээнд явуулж байж төр-бизнес, төр-өрх гэр, бизнес-бизнес, бизнес-өрх гэрийн хооронд тогтвортой эдийн засгийн харилцаа тогтооно. Тэр хэрээр бизнес, өрх гэрүүдийн хөрөнгө оруулалт, худалдан авалт тогтворжиж, өсөж, өргөжнө. Миний санахад, Банкны тухай хуульд Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр хуулиараа Засгийн газар арилжааны банкуудын (хуулиараа Хөгжлийн банкныхад оролцох байх) үйл ажиллагаанд оролцож болохгүй. Мөн уг хуульд банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд хүүг өөрөө тогтооно гэж заасан байгаа. Тиймээс Засгийн газраас зээлийн хүүг төд болго гэж хэлж, шаардаж болохгүй юм.

Ямар тохиолдолд Засгийн газар банкны үйл ажиллагаанд орж болох вэ. Тухайн банк үйл ажиллагаагаа дүрэм ёсоор явуулж чадахгүй тохиолдолд Төвбанкны төлөөлөгч томилж, асуудлыг шийднэ. Засгийн газраас эдийн засгийн салбарууд руу хэтэрхий гүнзгий орж, зохицуулах гэвэл хувийн секторт их халтай. Цаашилбал, эдийн засгийн эрүүл өсөлт гарахгүй нөхцөлд хүргэж магадгүй. Ганц жишээ хэлэхэд, банкууд зээл олгохоо зүгээр л зогсоочихож болно шүү дээ.

6500 ХАРИЛЦАГЧИЙН ХҮСЭЛТ ИРСЭН

Л.АМАР (Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал):

-Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд мөрдөж буй хорио цээрийн дэглэм нь зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, иргэдийн орлого тасалдаж, зээлээ гэрээний дагуу төлөхөд хүндрэл учирч байна. Тиймээс Монголбанкнаас Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу банкууд мөрддөг холбогдох журмуудад түр хугацаатай зарим зохицуулалт хийлээ. Ингэснээр иргэд хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд зээлийн ангиллыг хэвээр үлдээж, бууруулж мэдээлэхгүй байх боломж бүрдүүлсэн. Гэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл болон хүүг эргэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Банкуудын хувьд онц байдалтай холбогдуулан харилцагчдадаа дэмжлэг үзүүлж эхэлсэн. Тухайлбал, зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж, үндсэн төлбөр төлөх хугацааг сунгах, хугацаа хэтэрсэн торгууль, хураамжаас чөлөөлөх арга хэмжээг энэ оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж байна. Монголбанкны зээлийн ангилалд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийн дагуу банкууд гуравдугаар сарын 30-ны байдлаар ойролцоогоор 6500 орчим харилцагчийн 610 тэрбум гаруй төгрөгийн зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулах хүсэлт авсан. Тэдгээрээс хууль, тогтоомж, санхүүгийн чадавхын хүрээнд шийдэх боломжтой иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт орууллаа. Монголын банкны холбоо, түүний гишүүн банкууд холбогдох байгууллагуудаас гаргаж буй шийдвэрийг цаг тухайд нь дагаж биелүүлдэг. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах талаар бүхий л оролцогч тал хүчин чармайлт гаргасны үр дүнд зээлийн дундаж хүү 19 хувиас 16.86 болж буурсан. Эдийн засгийн энэ хүнд үед ч банкууд нийтлэг эрх ашгийн хүрээнд нэгдэн ажиллаж байна.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжихэд гол анхаарлаа хандуулж байна

хШинэ төрлийн коронавирусийн цар тахал эрүүл мэнд, аялал жуулчлал, шоу бизнес зэрэг салбарыг төдийгүй дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хөндөж байна. Хөл хорьж, үйлдвэрүүд зогссоны улмаас ажилгүйдэл газар авч, хүмүүс орлогогүй болжээ. Хэчнээн хүн өвдөж, байгууллагуудын үйл ажиллагаа хэр удаан саатах нь тодорхойгүйгээс эдийн засгийн таамаг өдөр бүр өөрчлөгдөж буй. Тиймээс улс орнуудын Төвбанкууд хамтран, хямралаас зайлсхийхийн тулд хүүгээ буурууллаа. Үүссэн нөхцөл байдлыг хамтдаа давахын тулд “Их-20”-ийн орнуудын Сангийн сайд болон Төвбанкны тэргүүн нар гурав дахь удаагаа видео хурал хийж байна. Өнгөрсөн долоо хоногт тэд цар тахлын уршгийг даван туулахын тулд дэлхийн эдийн засагт таван их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулахаар шийдсэн бол одоо халдварт шинэ өвчинд нэрвэгдсэн орнуудын өрийг цайруулах асуудлыг хэлэлцэх аж. “Их-20”-ийн эхний уулзалтын дараа Олон улсын валютын сангийн захирал Кристалина Георгиева хийсэн мэдэгдэлдээ “Энэ жил цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг уналтад орж болзошгүй, бүр муугаар бодвол 2008 оны санхүүгийн хямралын үеийн уналтаас дор байдал үүсэж мэдэхээр байгаа” хэмээн онцлон тэмдэглэсэн билээ. Ирэх жил эдийн засгаа өөд татахын тулд бүх улсад эрүүл мэндийн тогтолцоогоо бэхжүүлэх, тогтоон барих тэргүүлэх чиглэл баримтлах хэрэгтэйг тэрбээр анхааруулсан.

АНУ-ын Төвбанк эдийн засаг нь сэргэж эхлэх хүртэл хүүгээ тэглэж, эл салбараа дэмжих арга хэмжээнүүдэд хоёр их наяд доллар зориулахаар болжээ. Тухайлбал, тус улсын насанд хүрсэн иргэн бүрт нэг удаагийн тусламж болгон 1200 доллар олгохоор тусгасан аж. Тэрчлэн жижиг компаниудад цалингаа тавихад нь дэмжлэг үзүүлэх гэнэ. Харин хөрөнгийн зах зээлээ дэмжихийн тулд жишээ нь 700 тэрбум долларын актив худалдан авч, бусад улсын Төвбанктай байгуулсан долларынхоо своп болон бизнес эрхлэгчдэд зориулахаар банкуудад олгодог зээлээ бууруулав.

Европын Төвбанк 750 тэрбум еврогийн үнэт цаас худалдан авч, бүсийнхээ эдийн засгийг хамгаалах талаар хязгааргүй арга хэмжээ авахад бэлэн буйгаа мэдэгджээ. Харин тус байгууллага бодлогын хүүгээ урьд нь тогтоосон -0.5 хувиас буулгаагүй нь бусад банк мөнгөө шилжүүлэн байршуулах бус, ашиглахад зориулсан байна. Британийн Төвбанк хүүгээ 0.1 хувь болтол бууруулж, 200 тэрбум фунт стерлингийн үнэт цаас худалдаж авах хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. Японы Төвбанк мөн адил урьд нь тогтоосон -0.1 хувийн хүүгээ бууруулахын оронд мөнгөний эргэлтээ нэмэхийн тулд хоёрдогч зах зээлээс улсын 500 тэрбум иений үнэт цаас худалдан авахаар болжээ. БНХАУ эдийн засгаа дэмжихэд 1.4 их наяд доллар буюу ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулахаа мэдэгдсэн байна.

Мөн Турк, Норвег, Канад, Австрали, Исланд, Индонез, Малайз, Тайланд, Хонконг, Филиппин, Серби, Молдова, Кувейт, Саудын Араб, АНЭУ, Бахрейн зэрэг улсын Төвбанк бодлогын хүүгээ бууруулжээ. Өнгөрөгч сарын дундуур олон орны Төвбанкнаас авсан дэмжих арга хэмжээ бараг нэг их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн ДНБ-ий нэг хувийг эзэлсэн байна. Тэгвэл зарим улс зээл төлөхгүй байх, татвараас чөлөөлөхийг зөвшөөрөв. Тодруулбал, Исландад аялал жуулчлалын салбарын татварыг бууруулж, бизнесийг дэмжин, хөнгөлөлтөө нэмж, дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийг түргэсгэхээ зарлажээ. Францад жижиг бизнес эрхлэгчдийг түрээс болон хэрэглээний төлбөрөөс чөлөөлөхөд 45 тэрбум евро зориулна. Италийн Банкуудын холбоо цар тахал нөлөөлсөн жижиг, дунд бизнесийн өрийн төлөх хугацааг хойшлуулахаар тохиролцсон байна. Гүрж, Чехийн банк иргэд, аж ахуйн нэгжийн зээл төлөлтийг гурван сараар хойшлуулахыг зөвшөөрсөн аж. Германд хямралын эсрэг 50 тэрбум еврогийн төлөвлөгөө баталсан бөгөөд үүнд дэд бүтцэд хөрөнгө оруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх, хүүхэдтэй гэр бүлд туслах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)