Бангкокийн улаан давалгаа

Тайландын нийслэл Бангкок хотод 2006 оны төрийн эргэлтээр албан тушаалаасаа зайлуулагдсан Ерөнхий сайд асан Таксина Чинаватаг дэмжигч “улаан цамцтанууд”-ын жагсаал боллоо. Жагсаалыг зохион байгуулсан “Ардчиллын нэгдсэн фронт”-ын удирдагч “Жагсаалд 100.000 гаруй хүн оролцож байна. Цаашид тоо нь улам нэмэгдэх болно. Хэрэв Засгийн газар парламентыг тарааж, сонгууль явуулахаас татгалзвал, бид тэмцлийн шинэ арга хэрэглэх болно” хэмээн мэдэгдэв.
Эх орноосоо зугатан гарч Дубайд толгой хоргодож байгаа Ерөнхий сайд асан Таксина Чинаватад тохсон ялыг тэд улс төрийн учир шалтгаантай хэмээн үзэж хэрэгсэхгүй болгохыг жагсагчид шаардав.
Тайландын Засгийн газар “улаан цамцтанууд”-ын шаардлагыг хүлээн авах бодолгүй байгаа агаад цэрэг, цагдаагийн хүчийг бэлэн байдалд оруулжээ. Цаашид хөл хорио тогтоож, иргэдийг бөөгнөрөхийг хориглох зарлиг гаргаж магадгүй байна. Одоогийн Ерөнхий сайд Апхисит Вежажива “Улс орны тогтвортой байдлыг алдагдууүлж болзошгүй учраас шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэдгээ мэдэгдэв.
Ажиглагчдын үзэж буйгаар “улаан цамцтанууд” Тайландын улстөрийн амьдралд нөлөө үзүүлэхээр чармайж байгаа сүүлчийн оролдлого нь энэ байж мэдэх гэнэ. Хэдийгээр Таксина Чинавата хөрөнгө мөнгөөр дэмжиж байгаа ч тус хөдөлгөөн туйлдан ядарч, санхүүжилт нь улам байгасч байгаа тул цаашид томоохон үйл ажиллагаа явуулах чадваргүй болж байгаа аж. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тэдний зохион байгуулсан эсэргүүцлийн цуглаан оролцогчид эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас хоёр хүн алагдаж, олон арван хүн шархадсан.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)