Б.Ананд: Монголчууд илүү нийтэч, гэр бүлсэг

Батбилэгийн Ананд хэмээх энэ хүү аав, ээжийнхээ хамт Берлинд амьдардаг юм байна. Монголчууд түүнийг хараахан мэдэхгүй ч германчуудын хувьд нэлээд танигдаж яваа авьяаслаг нэгэн аж. Ананд энэ онд тус улсын кино урлагийн шинэ нүүр царайгаар тодорсон гэнэ. Өдгөө 15 настай, 183 см өндөр энэ хүү хоёр жилийн өмнө Германы найруулагч, Каннын кино наадмын шагналтай Фатих Акины “Чик” киноны гол дүрд тогложээ. Баварын кино наадмын шагналтай эл бүтээлийн нээлтийг Мексик, Орос, Сингапурт хийсэн бөгөөд энэ удаа монгол үзэгчдийн хүртээл болгох гэж буй. Дашрамд дуулгахад, өнөөдөр “Интер ном” төвд “Чик” номын тухай хэлэлцүүлэг болох бөгөөд Б.Ананд оролцох юм байна. Үүний дараа баасан гаригт “iCinema” театрт уг киноны нээлт болж, найруулагч Фатих Акин хүрэлцэн ирнэ. Энэ хүрээнд тэрбээр Монголд иржээ. Түүнтэй ярилцлаа.

-Ананд нэлээд аялгатай ярьдаг юм байна. Хэзээнээс Германд амьдрах болов. Ямар сургуульд сурдаг вэ?

-Аав маань ХБНГУ-д ажиллах болсноор бид Берлинийг зорьсон. Тэнд бараг зургаан жил болж байна. Одоо Берлинд Н.Манделагийн нэрэмжит олон улсын дунд сургуульд сурдаг. Монголд байхдаа “American school”-д гурав, “Гёте” сургуульд нэг жил сурсан. 

-Олон улсад нэлээд нэртэй кино найруулагчийн бүтээлд гол дүрд тоглосон юм байна. Ер нь яаж түүний нүдэнд өртчихөв?

-Германы зохиолч Вольф­ганг Херрн­­дорфын “Чик” хэмээх ном­ноос сэдэвлэн бүтээх ки­ноны дү­рийн шал­гаруулалт болох талаар аав маань надад хэлж, өөрийгөө со­риод үз гэсэн. Энэ киног Монголд “Чик” нэрээр гаргах юм. Харин анг­ли нэр нь “Баяртай, Берлин” л дээ. Ер нь урлагийн чиглэлээр ямар ч турш­лагагүй байсан болохоор аавын са­налыг би эхэндээ нэг их тоо­гоогүй. Да­раа нь авга ахтайгаа ярил­цаад, өөрийгөө сорихоор шийдсэн. Эл шал­гаруулалт нийтдээ тав, зургаан шат­тай явагдаж, эцсийн сон­голтоо хий­сэн.

-Чик хэмээх хүүгийн дүрийн шалгаруулалтад 1500 гаруй хүүхэд, залуучууд оролцсон гэлээ. Тэдний дундаас Анандыг онцолсон шалтгаан, шалгуур нь юу байсан бол. Чи бусдаас юугаараа давуу байв?

-Андрей Чихочёв буюу Чик бол монгол төрхтэй орос хүү­хэд гэж зохиолдоо гардаг юм. Тий­мээс ази, монгол царайтай хүүх­дийн эрэлд гарч, Монголд хүртэл дү­рийн шал­гаруулалт явуулсан гэсэн. Эх­ний шат­ны шалгаруулалтад хүүх­дүүд гэ­рэл зургаа, дараагийнханд тухайн зо­хиолын нэг хэсгээс сэдэв­лэсэн жүжиг­­чилсэн тоглолтын бич­лэгээ явуулсан. Миний царай төрх, бичлэг най­руулагчид анхнаасаа таалагдсан гэж да­раа нь аавд маань ярьсан бай­на лээ. “Энэ хүү миний хайж байгаа Чик мөн байна” гэж бодсон гэсэн. Миний бодлоор, намайг сон­госон өөр нэг шалтгаан, шалгуур нь багаар ажил­лах чадвар, бусадтай харилцах бай­дал, мөн герман хэлтэй зэр­гийг хар­галзсан болов уу. Ингэж яв­саар эц­сийн шалгаруулалтад хүр­сэн. Фатих Акин турк гаралтай, их мун­даг найруулагч. Энэ киног 2015 онд бү­тээсэн. Тэр үед би 13 настай байсан.

-Аав нь хүүгээ кино урлаг руу “түлхжээ”. Сүүлийн хоёр шалгаруулалтын үед чамайг хараад зураг авах талбайд байсан гэсэн. Чамд юу гэж зөвлөж байв?

-Энэ дүрд сонгогдох, эсэх нь одоо чухал биш. Хамгийн гол нь ийм шал­гаруулалтад оролцож, өөрийгөө сорьж, туршлага хуримтлуулсан нь чухал гэж хэлсэн. Бас энэ ажилд би чин сэтгэлээсээ дуртай бай­гаа, эсэхийг бодох хэрэгтэй гэж зөв­лөсөн. 

-Кино урлагийн талаар “А” ч үсэггүй хүү гол дүр бү­тээжээ. Ер нь кинонд тоглох ямар юм бэ. Таалагдсан уу. Цаашдаа энэ чиг­лэлээр явахыг хүсэж байна уу?

-Кинонд тоглох нь надад үнэ­хээр шинэ­лэг, сонин байсан. Бас кино маш олон хүний хөдөлмөрөөр бүт­дэгийг мэ­дэр­сэн. Зураг авах тал­байд тийм олуулаа ажилладаг гэж огт бо­­доогүй. Үүнээс гадна маш ачаалалтай ажил­ладаг юм билээ. Гэлээ ч энэ ажил на­­дад их таалагдсан. Гоё бай­­сан. Цаа­шид энэ чиглэлээр явах, эсэхээ сайн мэ­дэхгүй байна. Яг жүжигчин бо­­лох ёс­той гэсэн шаардлагыг өөртөө та­виагүй байна. Гэхдээ дахиж кинонд тог­­лох боломж олдвол татгалзахгүй.

Үргэлжлэлийг "ӨНӨӨДӨР" сонины 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаараас уншаарай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)