Б.Амарсанаа: Инженерийн дэд бүтэц бол бүтээн байгуулалтын амин сүнс

Барилга угсралтын “Н Эй Би” группийн ерөнхий захирал Баатарын Амарсанаатай барилгын салбар дахь өнөөгийн нөхцөл байдал, тус компанийн үйл ажиллагаа болон бусад асуудлаар ярилцлаа. Тэрбээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул аж. Тиймээс ч мөдхөн ашиглалтад оруулах гэж буй компанийнхаа оффисын барилгыг “Дэлгэрхангай бизнес төв” хэмээн нэрлэхээр болжээ. Тэрбээр Дундговь аймгийн МАН-ын хорооны даргын сонгуульт ажилтай.

-Танай компанийн нэр юу гэсэн үг юм бэ?

-“Нийгэм ахуйн барилга трест” гэж том айл байлаа. 1990-ээд оны хувьчлалаар тэр том байгууллага тарсан. Биднийг энэ группийг байгуулах үед буюу 2002 онд Монголд барилгын гол ажлуудыг дандаа гаднынхан хийж, монголчуудад зөвхөн туслан гүйцэтгэх ажлыг өгдөг байв. Үүний эсрэг Монголын хэдэн барилгын компани нийлж “Нийгэм ахуйн барилга” гэсэн групп байгуулсан юм. Гүйцэтгэх захирлаар нь залуу инженер намайг томилсон. Манайхан амжилттай ажиллан тус тусдаа бие дааж би энэ нэрийг авч үлдсэн. “Нийгэм ахуйн барилга” гэдгийн эхний үсгээр товчлоод, англиар галиглачихсан хэрэг. Нэг удаа “М Си Эс”-ийн Ж.Оджаргал ах “NAB” гэж юу гэсэн үг болохыг асуухаар нь олон юм тайлбарлаад байлтай биш “Net of Amarsanaa’s business” гэж байгаа юм гээд хэлчихэж билээ. Гэхдээ англиар нэр өгчихсөн учраас тайлбар хэрэгтэй болсон. Тэр нь “National Advanced Business”гэсэн утгатай.

-Нийгэм ахуйн барилга гэж юуг хэлээд байна вэ?

-Хот суурингийн цэвэр, бохир ус, дулааны шугам, инженерийн байгууламжийн барилга угсралт хийдэг газар юм. Усан цахилгаан станц гэхчилэн ерөөсөө л инженерийн дэд бүтэц барьдаг барилгын салбар. Нийтэд танигдахгүй мөртлөө газар доогуур, хүн хардаггүй тэр л шугам, сүлжээг тавьдаг юм. Гэхдээ манай компанийн үйл ажиллагааг зөвхөн шугам, сүлжээгээр хязгаарлаж болохгүй л дээ. Инженерийн дэд бүтэц бол бүтээн байгуулалтын гол амин сүнс нь юм шүү дээ.

-Орон нутаг, нийслэлийн захын дүүргүүдэд дахин төлөвлөлт хийж байгаа энэ үед таны мэргэжил ид шаардагдаж байгаа юм байна даа.

-Гэр хорооллыг шугам, сүлжээнд холбох ажил бүр 1997-1998 онд эхэлсэн юм. Өөрийнхөө оролцсон төслүүдээс нэрлэвэл, Хөвсгөл, Завхан аймгийн гэр хороолол руу анхны шугам сүлжээг татаж байсан. Нийслэлийн Нисэх, Яармаг, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь-Эх, Баянхошуу, Толгойт зэрэг гэр хороолол руу татсан шугам сүлжээг хийхэд манай компани, би өөрөө гар бие оролцсон. Хийсэн ажлаа пи-ардаад явдаггүй байж дээ. Зүгээр л хийх ёстой ажил гэж боддог байсан. Сүүлийн жилүүдэд Эрдэнэтэд энэ төрлийн ажил хийсэн. Инженерийн дэд бүтэц буюу халуун, хүйтэн ус, дулаан орчин гэдэг орчин цагийн хүний хамгийн наад захын энгийн хэрэглээ. Хүн тав тухтай орчинд амьдрах ёстой. Гэхдээ ийм нөхцөл бүрдүүлэхэд, энэ дэд бүтцийг байгуулахад маш их хэмжээний зардал шаардлагатай. Газар дээрх хоттой дүйцэхүйц газар доорх хотыг байгуулж байна гэсэн үг. Үүнийг нэг хоёр компани эсвэл мөнгөтэй хүн хийдэг ажил биш. Үүнийг төрийн оролцоотой хийдэг.

-Одоо танай компани ямар бүтээн байгуулалт дээр ажиллаж байна вэ?

-Гурван төсөлд ажиллаж байна. Хөвсгөлийн “Шинэ Мөрөн” хорооллын инженерийн шугам, сүлжээний ажлыг хийж байна. Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын удмын сангийн үйлдвэр болон бусад барилгын ажил хийж байгаа. Эдгээрийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй юм. Мөн компанийнхаа оффис, бизнес төвийн барилгыг Улаанбаатар хотын төвд барьж байна. Энэ бизнес төвийг Дундговь аймгийнхаа шүтээн уул Дэлгэрхангай хайрхнаараа нэрлэнэ гэж боддог. Энэ мэтчилэн хийхээр бодож, төлөвлөсөн олон ажил бий. Тухайлбал, Дундговь аймагт 480 айлын орон сууцны “Мандала” хотхон, үйлчилгээний төвийг нэрлэж болно. Уг төсөл бараг 50 тэрбум төгрөгийн өртөгтэй. Бидэнд уг ажлыг өнгөрсөн жилүүдэд эхлүүлэх боломж байсан ч орон нутгийн төр, засаг захиргааныхны зүгээс тавьсан гох дэгээ, эс үйлдлээрээ дэмжээгүй нь саад болоод байна. Улс төрийн өнцгөөс харж, тайлбарлаж болох ч цаадах үр дагаварыг Дундговийнхон маань л амсаж байна.

-Гэхдээ та энэ төслөө орхихгүй биз дээ?

-Яалаа гэж орхих билээ. Заавал хийнэ. Би ганцаараа хийх албагүй, хамтраад хийе л дээ. Цаад ач холбогдол нь маш том юм шүү дээ.

-Та ашигтай бизнес эрхэлж байна. Тэр нь тасралтгүй эргэж байдаг, хэзээ ч хоцрогдохгүй. Ийм байхад улс төр лүү зүтгээд байгаагийн шалтгаан юу юм бэ?

-Үндсэн гурван шалтгаан хэлье. Эхнийх нь цэвэр хувийн шалтгаан. Миний удам угсаанд Чагдаржав, Норов гүн, Дамбаравжаа гэхчилэн үе үеийн олон төрийн зүтгэлтэн бий. Ийм өвөг дээдэстэй хүн нэгийг бодож нөгөөг тунгаадаг юм билээ. Нөгөөх нь бизнесийн орчинтой холбоотой. Өнөөдөр бизнес эрхлэхэд маш олон бэрхшээл тулгарч байна. Хаана ямар бэрхшээл, гох дэгээ байдаг, ямар хүндрэлтэй тогтолцоо бий болчихоод байгааг би өөрийн биеэр мэдэрсэн болохоор үүнийг засахын тулд, шударга бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд хүргэх ёстой болсон. Эцэст нь монголын эгэл жирийн малчин, ажилчин ард олны ахуй амьдралыг мэддэг, мэдэрдэгийн хувьд тэдэндээ тус нэмэр болох сон гэж санадаг юм.

-Улстөрч хүнд байх ёстой ямар зан чанар байгалиас танд заяасан бэ?

-Итгүүлэн үнэмшүүлэх буюу илтгэх чадвар надад байгаа гэж боддог.

-МАН-ын ямар үзэл баримтлал нь таныг татсан юм бэ?

-Монголын улс төрийн намуудад үзэл баримтлалтай, тэрэндээ тууштай байх гэж оролддог нь Монгол Ардын Нам. Инженер хүн учраас илүү прагматик, бодит зүйлд үндэслэх дуртай. Бодит, баригдахуйц үзэл баримтлалтай МАН-ыг сонгосон.

-Таны амьдралд эрс өөрчлөлт авчирсан тохиолдол юу вэ?

-Би сантехникийн инженер. Ийм мэргэжилтэй болно гэж ер бодож байгаагүй. Тухайн үеийн Политехникийн дээд сургуульд элсэлтийн шалгалт өгч, нийтийн хоолны чиглэлээр суралцахыг хүсдэг байсан. Гэтэл яг миний өмнөх хүүхэд сонирхож байсан хуваарийг авчихсан. Ингээд ямар анги сонгохоо мэдэхгүй зогсож байтал миний ар талд сууж байсан хүн “Миний дүү, сантехникийн анги ав. Чамд хэрэгтэй. Маш гоё мэргэжил шүү дээ” гэж хэлсэн. Аав ээж хоёр тэр хүн рүү нэг хараад “Өөрөө мэд” гэсэн. Би тэр хүнийг танихгүй. Тэгээд л би тэр ангийг сонгож суралцсан. Тэс өөр мэргэжил сонирхож байсан хүн тэр үеэс барилгатай холбогдож, ажил амьдралаа авч явж байна. Миний амьдралын идэвхтэй, залуу нас барилгын талбай, бүтээн байгуулалтын талбарт өнгөрч байна шүү дээ.

-Мэргэжлээсээ таашаал авна биз?

-Юу бүтээж байгаа нь нүдэнд шууд тусдаг нь барилгын мэргэжлийн онцлог. Улаанбаатарын гудамж, бусад аймаг, хотоор явахдаа “Энд манайх ийм юм хийсэн, тэнд тийм юм хийсэн” гээд л ярьдаг. Гэхдээ хийж л чадвал бүх мэргэжил сайхан. Оюутны байгууллагыг тэргүүлж байхдаа энэ талаар оюутан залууст их хэлдэг байсан. Хүн эзэмшсэн мэргэжилдээ эксперт болох хэрэгтэй. Би мэргэжлээ сайн эзэмшсэн гэж боддог. Сүүлийн үед улс төр гээд мэргэжлийн ажлаа жаахан орхигдуулж байгаа болохоос би ажил мэргэжилдээ үнэхээр дуртай. Мастерын зэрэг хамгаалахдаа эдийн засаг, байгаль орчинд маш хэрэгтэй цоо шинэ сэдэв барьж авч байлаа. Архи, пиво, ундааны үйлдвэрийн эргэлтийн лонхыг угаахад маш их хэмжээний ус, угаагч бодис хэрэглэдэг юм. Тэндээс гарч буй зөөлөрсөн, харьцангуй бохирдол багатай усыг шууд асгадаг байсныг ноос, арьс ширний үйлдвэрийн анхан шатны угаалтанд хэрэглэх тухай сэдэв. Эндээс ус, угаагч бодис гээд олон зүйл хэмнэх боломж бүрдэнэ.

-Тийм байна. Үнэхээр хэрэгтэй ажил байна. Өнөөдөр саарал усны тухай яриад байгаа шиг л маш хэрэгтэй, санаа тавих сэдэв ч мөн байна даа. Таныг эрдэмтэн Баатар багшийн хүү гэж Дундговийнхон сайн мэддэг юм байна лээ. Нутаг усандаа нэртэй хүний хүүд түүний ямар зан чанар өвлөгдсөн бол?

-Миний аав гайхамшигтай даруухан хүн байсан. Аав маань эрдмийн хүн, сайд даргын ажил хийж байхад нь ч эрдэмтэн Баатар гэж дууддаг байсан. Би нийтэч хүн, гэхдээ аавын даруу зан надад бий. Би сагсуурах дургүй. Харин ээжийн минь нэг онцгой чанар надад шингэсэн. Ямар ч хүнтэй хэзээ, хаана таарсан, уулзсанаа ярина, мэднэ. Тэгээд бүр ажил төрөл, удам судраар нь мэднэ. Энэ нь надад ерөнхийдөө бий. Хүүхэд байхдаа цээжилсэн олон шүлгээ одоо ч мэднэ.

-Ууланд авирах дуртай бололтой. Олон зураг таны өрөөний хананд байна. Ууланд гараад төрсөн анхны мэдрэмж юу байсан бэ. Яг ямар мэдрэмж авахын төлөө тийш зүтгэдэг юм бол?

-Би ууланд дуртай, авирдаг болохоос уулчин хүн биш л дээ. Ууланд гарна гэдэг өндөрт хүрэхийн нэр. Өндрөөс бүх зүйл алган дээр тавьсан шиг харагддаг. Гэхдээ уулын оргилоос бүх зүйл харагддаггүйг бас санах хэрэгтэй. Жалга, судагт байгаа зүйл харагдахгүй. Зүлэг ногоорч л харагдана уу гэхээс ямар өвс, цэцэг байгаа нь харагддаггүй. Өөрөөр хэлбэл хүн оргилд ч, бэлд ч байх ёстой. Бас нэг зүйл хэлэхэд ууланд хүмүүс цуваагаар явдаг. Тэгэхээр хүмүүс өөр хоорондоо ярилцаад байх боломж бага байдаг. Ууланд явж буй хүн биеийн хүчний хөдөлмөр хийхээс гадна өөрөө өөртэйгөө ярьж бясалгадаг гэсэн үг бий. Энэ бол яг үнэн.

-Би таниас нэг сонин асуулт асууя. Монголд төрсөн, Монголоороо ярьдаг, бүр Монголд амьдарч байгаа нь л жинхэнэ Монгол хүн гэсэн үг мөн үү?

-Үүнийг их олон талаас нь бодож болно л доо. Монголд төрчихөөд Монгол биш хүмүүс олон байна. Монгол хүн байна гэдэг зан заншил ахуйгаа мэдэхээс гадна Монголоо гэсэн зүрхтэй байхын нэр. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс ч олон байна. Гэхдээ тэд өөрийн мэдлэг боловсролоороо Монголд хөрөнгө оруулж шинэ дэвшлийг эх орондоо авчирч байвал сайн. Сү.Батболдын Засгийн газрын үед “Зөгийн үүр” гэдэг хөтөлбөр хэрэгжиж, маш олон залуучууд эх орондоо ирсэн. Тэднийг зөв байршуулах нь чухал.

-Үүнийг сүүлийн үед яригдаад буй оффшортой холбовол та юу хэлэх вэ? Монголын иргэн, зүгээр ч үгүй өндөр албан тушаалтай хүмүүс өөр улсын нэр дээр бүртэлтэйгээр данс нээсэн ч гэх шиг...

-Энэ бол татвараас зугтааж буй хэлбэр, хууль бус орлогыг хууль ёсны болгох дамжлага шүү дээ. Бизнесийнхнийг шууд буруутгахгүй ч улстөрчид ийм зүйлтэй байж болохгүй.

-Бизнесмэн ч гэсэн яагаад мөнгөө оффшор бүсэд байршуулах ёстой гэж?

-Бизнес эрхэлж буй хүний хувьд татвар төлөх нь үүрэг гэдэг талаас нь харвал оффшор нь улсаасаа хулгайлж байгаа хэлбэр байж болох. Гэхдээ тэнд буй мөнгийг Монголын төлөө, монголчуудынхаа сайн сайхны төлөө зарцуулж байгаа бол ойлгож болно. 20-иод жил улс төрд байсан хүнд юуных нь компани байх вэ дээ. Би 22 жил бизнес хийхдээ 14 жилд нь 100 хувь өөрийн эзэмшлийн компанитай байгаад ч хэдэн арван сая ам.доллараар хэмжигдэх хөрөнгө хуримтлуулаагүй байна. Тэгэхээр улстөрчдийн мөнгө авлига, эсвэл буруу гарын мөнгө байх магадлал өндөр. Манайд зэвсэг болон хүний наймаа зэрэг буруу гарын мөнгөний урсгал харьцангуй бага. Тэгвэл Монголоос оффшор бүс рүү урсаж байгаа байгаа мөнгө цэвэр төрөөс гарч байгаа юм.

-Та их хэмжээний мөнгөтэй болбол юунд зарцуулах вэ?

-Шинжлэх ухаанд зориулахыг хүснэ. Билл Гейтсээр жишээ авъя. Тэр хүмүүст хэзээ ч зүгээр мөнгө өгдөггүй. Билл, Меландагийн сан нь буяных боловч саа өвчин, усны хомсдолын эсрэг гэх мэт олон арга хэмжээгээр дамжуулан шинжлэх ухааныг ивээн тэтгэдэг. Манайд шийдэл хүлээсэн олон зүйл байна. Ялангуяа малчдын амьдралд технологийн дэвшлүүдийг ашиглахыг дэмждэг. Малчдын гэр нь яагаад салхинд дэрвэж, мал нь салхинд уруудах ёстой гэж. Жишээ нь, сүүлийн үед телевизийнхэн дрон камер ашиглах болсон. Малчид яагаад дронтой байж болохгүй гэж.

-Гэхдээ техник технологийн дэвшил бидний нүүдэлчин ахуйд хэт нэвтрэхэд сөрөг зүйл бас байнаа.

-Яалаа гэж сөрөг байх вэ.

-Яагаад, бид хадгалах ёстой бус уу?

-Юуг нь.

-Уламжлалт ахуйгаа. Хамгийн энгийн жишээ гэвэл, малчид мотоциклоор малаа хариулдаг болчихож. Эргээд сөрөг үр дагавар нэлээн байна.

-Нүүдэлчин соёлыг мэдээж авч үлдэх ёстой. Гэхдээ морь унаад явах нь гаднын хүнд гоё л харагдаж таараа гэж бодоод байгаа болохоос тэр хүний эрх чөлөө, хувь хүний талаас ярьдаггүй. Малчид тав тухтай, зардал багатай, аюулгүй сонголт хийх ёстой. Уламжлал чухам юунд үлдэх ёстой гээч. Бид өнөөдөр Шинэ Зеландын хуурай сүү л ууж байгаа шүү дээ. Гэтэл монгол малын сүү хаана байна вэ. Үнэндээ “Монгол малын мах амттай” гэж бид өөрсдөө л ярьдаг. Монголын малчдын амьдралыг зүгээр нэг үзвэр музей шиг ойлгож болохгүй. Бид хөгжил, дэвшлийг илүү их ашиглах ёстой. Малчдыг цахилгаанжуулж, холбоожуулах ёстой.

-Ямар тохиолдолд та хашгирмаар санагддаг вэ. Ер нь та сэтгэл хөдлөлөө эерэгээр болон сөргөөр яаж илэрхийлдэг вэ?

-Хүн хүнээс урвахад л хашгирмаар санагддаг. Урвалт зөвхөн найз нөхөрлөлд төдийгүй улс төрд байдгийг бид мэднэ. Би сэтгэл хөдлөлөө хурц, хүчтэй гаргадаггүй. Хамгийн ихдээ дуу нэлээд чангардаг байх. Аливааг олон талаас авч үздэг нь ч нөлөөлдөг байх.

-Урвалттай хэр олон нүүр тулж байв?

-Олон биш ээ.

-Энэ бүхэн амьдралын нэгээхэн сорилт, бэрхшээл. Ер нь ямар ч бэрхшээл тохиолдож болно. Аливаа бэрхшээлийг даван туулах ямар чадвар танд бий бол?

-Аливааг олон талаас нь л бодож, шийдвэрээ гаргаж чаддаг гэж хэлье дээ. Өөрөөр хэлбэл, огцом шийдвэр гаргадаггүй. Нөгөө талаас тэвчээртэй гэж хэлж болох байх. Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэдэгт итгэдэг. Хэн тэвчиж, хүлээж чадсан нь зорьсондоо хүрдэг. Манайхан “Яарвал даарна”, “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг дээ.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)