Балканы Кройфф

Олон жилийн турш тогтвортой, үр дүнтэй тоглолтоороо хөлбөмбөг сонирхогчдыг баясгаж ирсэн Хорватын шигшээ болон “Реал” (Мадрид) багийн хагас хамгаалагч Лука Модрич энэ жил онцгой байгаа. Хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг тоглогчоор сар гаруйн өмнө нэрлэгдсэн хорват тоглогч өнгөрөгч пүрэв гарагт Европын шилдэг хөлбөмбөгчөөр тодров. Нэр хүндтэй хоёр шагналын эзэн болоод буй Л.Модричийг “Таван цагариг” танилцуулж байна.

“ЗАДАР”

Югославын дайнаас эцэг, эхийн хамт зугтаасан Л.Модричийн хөлбөмбөгчийн замнал Хорватын Задараас эхэлжээ. Хоол унд дутмагаас хэрзийсэн туранхай хүү тус хотын багт тэр дороо идээшиж, үеийнхнээсээ онцгойрч эхэллээ. Учир нь тэрбээр 7-8 настайдаа 20-той хөлбөмбөгчдийн хийж чаддаг арга техникийг нэгэнт эзэмшсэн байв. Лука багийнхаа хөвгүүдээс хамгийн намхан нь байлаа.

Бусдаасаа дор хаяж 15 см намхан учир тэднийг гүйцэхийн тулд толгойгоо ажиллуулахаас өөр аргагүй болсон гэдэг. Тухайлбал, бэлтгэлийн дараа савлуурийн хөндлөвчөөс хөлөөрөө дүүжлэгддэг байжээ. Толгойгоороо уруу харсан түүнээс яагаад ийм хачин зүйл хийж байгааг нь лавлахад “Жижигхэн болохоор өсөж том болох хэрэгтэй байна” гэж хариулсан аж. “Тийм ээ, өнөөдөр түүнийг ямархуу агуу тоглогч болж өссөнийг хар даа! Хэн маань ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй” хэмээн тухайн үед “Задар” багийн спортын албаны захирал байсан Йосип Байло дурсав.

“ЗРИНЬСКИ”

Лука бүр багаасаа дэмжсэн Сплит хотын “Хайдук” багт тоглохыг мөрөөддөг байлаа. Гэвч сулдгар, бараг яс нь нэвт харагдам 10 настай хөлбөмбөгчийг тэд харсан даруйдаа татгалзжээ. “Арьс нөмөрсөн яс бидэнд ямар хэрэгтэй юм?” гэсэн аж. Харин Загребын “Динамо” багийн скаутууд тэднээс хавьгүй илүү билгийн нүдтэй байжээ. Тэд хүүг багавтар сорилгод оруулсныхаа дараа хөдөөгийн Задар хотоос Хорватын нийслэлд авчрахаар шийдвэрлэсэн юм. “Динамо”-гийн академийг төгсөөд Лука Босни улсад очиж, Мостар хотын “Зриньски” багт нэг улирал тоглолоо. Тэр үед 18 нас ч хүрээгүй байсан Л.Модрич Боснийн лигийн шилдэг тоглогч болох нь тэр. “Зарим нь Боснид сайн тоглох, зарим нь хаа сайгүй сайн тоглох ур чадвартай байдаг” хэмээн тэрбээр хожим дурссан нь бий.

“ДИНАМО”

17 настай Модрич Загребт эргэж ирээд “Динамо” багтай 10 жилийн гэрээ байгуулав. 2005-2006 оны улирлаас тэрбээр нийслэл хотын багийн гарааны сольшгүй тоглогч нь боллоо. Дасгалжуулагч Йосип Куже түүнд эргэлзээгүй итгэдэг байсан агаад Лука лигийн бүх 32 тоглолтод оролцож, Хорватын лигт анх удаагаа (гурван түрүүний эхнийх нь) түрүүлжээ. 2006 онд Базель хотод Лука Хорватын насанд хүрэгчдийн шигшээ багт анх удаагаа тоглов. Аргентины шигшээгийн эсрэг тэрхүү тоглолтод И.Класнич гурав дахь минутад эхний гоолыг оруулсан бол К.Тевес, Л.Месси хариуг нь барилаа. Гэвч хоёрдугаар хагасын эхэнд Д.Срна, нэмэлт цагт М.Шимич гоол оруулснаар хорватууд ялсан юм. Түүнээс 12 жилийн дараа Нижний Новгород хотод Л.Модрич ахин Л.Мессиг ялсан агаад энэ удаад өмнөд америкчууд өмнөхөөсөө ч гашуун ялагдал хүлээсэн билээ.

ПЕНАЛЬТИ ЦОХИХГҮЙ

Урьдчилсан шатны сүүлчийн тойрогт Английн багийг талбайд нь 3:2-оор хожсон Хорватын баг “Евро-2008”-д дуулиан тарив. Герман, Австри, Польшийн багаас бүрдсэн эвгүй хэсэгт тэд гурван ялалт байгуулсан агаад австричуудыг ялахад цорын ганц гоолыг Л.Модрич торгуулийн цохилтоос оруулжээ. Шөвгийн наймд хорватууд Туркийн багтай ширүүн тулаан өрнүүлж, тоглолтын 119 дэх минут болоход тооны харьцаа 0:0 хэвээрээ байлаа.

Гэвч Класнич гоол оруулан хорватууд ялалтаа тэмдэглэж эхэлж байтал Шентюрк тооны харьцааг тэнцүүлчихэв. Нэмэлт цагийн эцэст хоёр баг торгуулийн цохилт цохиход Хорватын багаас эхэлж Лука цохисон ч алдчихлаа. Түүний алдааг И.Ракитич мөн давтсанаар туркүүд цааш тоглох эрхтэй болов. Түүнээс хойш Лука торгуулийн цохилт цохихоос эмээдэг болж, жилийн дараа Английн лигийн цомын финалд “МЮ”, “Тоттенхэм” баг үндсэн болон нэмэлт цагт ялагчийг тодруулж чадалгүй, пенальти цохиход тэрбээр ийм хүнд даалгавар биелүүлэхээс татгалзаж байсан билээ. Тухайн тоглолтод “Тоттенхэм”-ээс В.Чорлукагаас бусад нь пенальтиа алдаж, “улаан чөтгөрүүд” бүгд оновчтой цохисноор цомын эзэн (0:0, 4:1) болсон юм. “Би пенальти цохихоос айдаг. Энэ айдсаа би давах ёстой” хэмээн Л.Модрич өгүүлсэн түүхтэй.

“ТОТТЕНХЭМ”

“Евро-2008”-д гялалзтал тоглосон Лука төдөлгүй Лондоны харьяат болов. “Тоттенхэм” баг “Динамо”-д 21 сая евро төлсөн агаад энэхүү наймаа нь 2016 онд “Ювентус” баг Марко Пьяцын төлөө 23 сая төлөх хүртэл найман жилийн турш Хорватын багийн түүхэн дэх хамгийн үнэтэйд тооцогдож ирсэн юм. Лука “Уайт Харт Лэйн”-д дөрвөн жилийг өнгөрүүлэхдээ багийн хөгжөөн дэмжигчдийн хайртай тоглогчийн нэг болж чадсан агаад Лондоны багийн төлөө анхны гоолоо “Спартак”-ийн хаалганд (2:2) оруулж, “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд анх удаа шалгарахад нь тусалсан юм. Английн баг тэрхүү шатанд Лукагийн ирээдүйн баг “Реал”-д өчиггүй дийлдсэн (хоёр тоглолтын нийлбэр дүн 0:5) билээ.

“РЕАЛ”

2012 онд Лондоноос Мадридад ирсэн Лука “Эзэн хааны баг”-т тоглосон дөрөв дэх хорват тоглогч (Р.Просинечки, Р.Ярни, Д.Шукер) болов. Тэр цагаас хойш Лука Ж.Моуриньогийн удирдлагад амаргүй үеийг өнгөрүүлж, К.Анчелоттигийн ивээл дор “тэсэрч”, клубийн түвшинд байж болох бүхий л шагналыг түүж, шигшээ багийнхаа ахлагч болсон юм. 2018 оны ДАШТ-д тэрбээр багаа тэргүүлэн хэсгийн шатыг торолгүй даваад шөвгийн 16-д айдсаа давж чадалгүй Данийн багийн эсрэг тоглолтын 116 дахь минутад (тооны харьцаа 1:1) торгуулийн цохилтоо алдав.

Гэсэн ч тоглолтын төгсгөлд ахин торгуулийн цохилт цохих зайлшгүй шаардлага тулгарахад төмөр мэт сэтгэл зүйтэй тоглогч гэдгээ харуулж, пенальтиа оновчтой болгосон юм. Шөвгийн наймд ОХУ-ын багтай таарахад Лука аанай 11 метрээс оновчтой цохиж гоол оруулсан агаад хагас шигшээд тэд Английн багийг сөхрүүлсэн ч тэмцээний шийдвэрлэх тулаанд Францын багийг дийлсэнгүй. Гэсэн ч тэмцээний турш багаа оройлон гайхалтай тоглосон түүнд “Алтан бөмбөг” өгөхөд гайхах хүн гараагүй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)