“БАЛДОРЖ САН”-гийнхан ээлжит сайн үйлсийн аянаа эхлүүлэв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч, эрдэмтэн зохиолч, “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хойд овогт Ц.Балдорж агсаны үр хүүхэд, хань ижил нь санаачлан байгуулсан “БАЛДОРЖ САН”-гийнхан 12 дахь жилдээ сайн үйлсийн аян зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд тус сангийнхан ахмад настнууд, асрамжийн газрынханд тусламжийн гараа сунгаж, сургууль, цэцэрлэг тохижуулан, хүүхэд, багачуудын ирээдүйд хөрөнгө оруулж, басхүү сэтгүүлчдийг дэмжиж, сайн сайхан нийгэмд хэрэгтэй бүтээл гаргахад хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ удаа тэд зорилтот бүлгийн хүүхдүүдийг “онилжээ”. Тодорхой хэлбэл, 10 000 хүүхдийг дулаахан тохитой өвөлжихөд нь дэм болох аяныг эхлүүлэв.  Улмаар үндэсний үйлдвэрлэгч компаниуддаа энэхүү аянд нэгдэж, хамтарч ажиллахыг уриалсан билээ. Тэд эхний ээлжид дотоодын “EXCLUSIVE” компанид 1000 дээлэн куртканы захиалга өгч, үндэсний үйлдвэрлэлээ давхар дэмжжээ. 

Тус сангийн тэргүүн Б.Номинтүшиг, гүйцэтгэх захирал Э.Долгион нартай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан  нэгдэж, үндэсний үйлдвэрийн дулаахан, загварлаг курткан дээлийг 300 хүүхдэд өнөөдөр гардуулан өгөв. Үлдсэн курткан дээлүүдийг маргааш, нөгөөдөр тараана. Харин “EXCLUSIVE” компанийн захирал Г.Майцэцэг “БАЛДОРЖ САН”-гийн хамт олонд маш их баярлалаа. Монголд үйлдвэрлэсэн куртка авч, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэн талархаад баршгүй. Ухаалаг, оюунлаг хүмүүсийн дэмжлэг, тусламж нь хүртэл хаа хаанаа үр өгөөжтэй нүдээ олсон байх юм.  Монголчууд тун удахгүй коронаг хөөж явуулаад хүүхдүүд маань

ЦЭНХЭР ДЭЭЛЭЭ ӨМСӨӨД

ЦЭЦЭРЛЭГТЭЭ ОЧНО ДОО...” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан билээ. “Бид Монгол” уриатай “EXCLUSIVE” компанийн уг курткан дээл биеийн дулаан барьдаг, амьсгалдаг мөртлөө салхины хамгаалалттай, аюулгүйн цацруулагч нь шөнө гэрэлтдэг ХАЙР шингэсэн дулаахан, хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн аж. Сэтгүүлзүйн салбарынхнаа түүчээлэн санаачилсан “Миний, чиний, бидний бүтээх нийгэм” уриатай хүүхэд рүү чиглэсэн эл аян өвлийн турш үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)