Балаг тарих эрсдэлтэй базаахгүй зуршил

Нус, шүлс, цэрээ ил задгай хаявал арга хэмжээ авах хууль, журам манай улсад бий. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-т “Олон нийтийн газар, авто зам, орон сууцын орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Гэвч бодит амьдрал дээр уг хууль бараг хэрэгждэггүй. Эл хуулийн заалтыг чангатгаж, зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулах арга хэмжээг эрчимжүүлэх захирамжийг өнгөрсөн сарын 7-нд нийслэлийн Засаг дарга гаргасан. Үүний дагуу мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байгааг сурвалжиллаа.

Хүн амын төвлөрөл их, хяналтын камер бага учир Баянгол дүүргийн XVI хорооны нутаг, бидний хэлж заншсанаар Гандантэгчэнлин хийдийг зорилоо. Хэдхэн буудлын цаана худалдааны газрууд элбэг тул энд хөл хөдөлгөөн ихтэй. “Гудамж талбайд нус, цэр, тамхины ишээ ил задгай хаяж буй иргэдийг илрүүлж, торгох амаргүй гэж” тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн офицер, ахмад Ж.Бат-Ирээдүй хэлэв. Учир нь иргэд нус, шүлсээ ил хаяснаа хүлээн зөвшөөрдөггүй, тэр ч бүү хэл торгууль төлөхөөс зайлсхийдэг аж. Тиймээс Цагдаагийн байгууллагын алба хаагчид энгэрийн камер хэрэглэж эхэлжээ. 

Уг камер хүйтэнд тэсвэртэй, бичлэгийг сайн хийдэг тул зөрчлийг илрүүлэхэд дөхөм гэнэ. Тамхины иш, нус, шүлсээ ил хаяж буйг камерт бичиж авсны дараа иргэнд бичлэгийг үзүүлж, 10 000 төгрөгийн торгууль ногдуулдаг. “Тусгай дансанд мөнгө тушаалгахаас илүүтэй бэлнээр авах нь хялбар байдаг” гэж цагдаа нар хэлэв. Нэгэнт л хайхрамжгүй, хэнэггүй, бусдын эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл хийсэн л бол хариуцлагатай хандаж, торгуулиа газар дээр нь бэлнээр төлсөн нь дээр хэмээн цагдаагийн байгууллагынхан үзэж байгаа юм. Учир нь иргэд мөнгө тушаадаггүй, усанд хаясан чулуу мэт алга болдог аж. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хуулийн заалтыг эрчимжүүлснээс хойш Баянгол дүүрэг л гэхэд 10 000 орчим иргэнд сануулга өгч, торгууль ногдуулжээ. Тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 16 алба хаагч 24 цагаар эргүүлд гардаг. Хэрэв I, II хэлтсийн алба хаагчдыг нийлүүлбэл 32 хүн эргүүлд гардаг гэсэн үг. Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийн Хэв журмын хэлтсийн дарга, ахмад Б.Дулмаадорж “Бусад дүүргийнхэн ч гэсэн коронавирусийн эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2-3 ажилтан манайхантай цуг эргүүлд гардаг. Баасан гаригт хөл хөдөлгөөн их байдаг учир хүчээ нэмж ажиллаж байна. Манай дүүрэгт мэргэжлийн хяналт, цагдаагийнхан гээд давхардсан тоогоор 62 алба хаагч эргүүл хийдэг” гэв. Энэ мэтчилэн хүмүүсийг коронавирусийн тархалтаас хамгаалан өдөр, шөнийг үл хайхран ажиллаж байхад иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй зан хэвээр байгаа нь харамсалтай. Жишээлбэл, өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 2-ныг хүртэл 46 000 гаруй иргэн зөрчил гаргаж, 47 сая төгрөгийн торгууль төлжээ. Гэхдээ энэ бол зөвхөн торгууль төлсөн иргэдийн л тоо. Нийслэлийн хэмжээнд 986 цэгт маршрутын дагуу хяналт тавьж, 281 000 гаруй зөвлөмж иргэдэд тараасан атал дээрх тооны иргэд торгуулж, 29 000 гаруй хүн сануулга авчээ.

Автобусны буудал, хөл хөдөлгөөн ихтэй газар эргүүл хийдэг учир тамхины иш, нус шүлсээ ил задгай хаясныг баримтжуулж чаддаг бол гэр хорооллын гудамж, хашааны буланд бие зассан тохиолдолд тэр бүр хариуцлага тооцож чаддаггүй гэнэ. Ялангуяа хаа таарсан газраа бие засчихдаг эрчүүдийг илрүүлж чаддаггүй гэхэд нэг их буруудахгүй биз ээ. Хэрэв тэд жаахан ч гэсэн ухамсартай байсан бол ил задгай бие засаж бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байсан байх. Тодруулбал, ил задгай бие зассанаас үүдэлтэй шивтрийн хий нь хорт хийн төрөлд хамаардаг. Нүхэн жорлон болон ил задгай ялгадсаас аммиак буюу шивтрийн хий, хүхэрлэг хүчлийн давхар исэл ялгарч агаарт дэгдэн амьсгалын замаар хүнд халдаж өвчин үүсгэх эрсдэлтэй. Ийн амьсгалын замаар хүний биед шингэсэн хий хоолой, нүд загатнах, хорсох, үрэвсэх, ханиалгах, арьс улайх зэрэг харшил үүсгэдэг аж. Үүнээс гадна шивтрийн хий урагт нөлөөлж, хүнийг үргүйдүүлэх хор уршигтай.

Иргэдийн хайхрамжгүй байдал дан ганц үүгээр зогсохгүй. Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан амны хаалтыг өдөр тутам хэрэглэхийг төр, засгаас анхааруулсаар байгаа. Иргэд ч нэг үеэ бодвол амны хаалтаа тогтмол хэрэглэж заншсан нь харагдана билээ. Харамсалтай нь, тэд хэрэглэсэн амны хаалт аюултай хог хаягдлын ангилалд багтдагийг мэддэггүй бололтой. Нийслэлийн гудамж талбайд тав алхаад л хэрэглэсэн амны хаалт хаясантай таарч байна гэхэд хилсдэхгүй. Аюултай хог хаягдалд тооцогддог учир ил задгай хаяхгүй байхыг МХЕГ-аас иргэдэд удаа дараа анхааруулсан. Нэг удаагийн амны хаалтыг хоёр, даавуун, угааж цэвэрлэж болдгийг нь дөрвөн цаг тутамд солихыг зөвлөдөг. Энэ нь эрүүл мэндээ хамгаалж олон удаа соль гэсэн үг болохоос хэрэглэснийхээ хэмжээгээр гудамж, талбайд хая гэсэн үг биш. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөснөөр зүүсэн амны хаалтаа энгийн хог хаягдалтай хамт хаялгүй, уутанд тусад нь хийж хаях ёстой. Ингэхгүй бол хог хаягдал цэвэрлэж буй ачигч, үйлчлэгчээр дамжин өвчин тархах магадлалтай байдаг. Хогийн саванд хийхдээ хүртэл эвхэж, өвчин тарах магадлалыг нь бууруулж уутанд хийх ёстой байтал олон хөлийн газарт дэлгэж хаях нь зохистой үйлдэл мөн үү. Эмнэлэг үйлчилгээний байгууллагуудын хог хаягдлыг мэргэжлийн хяналтын газраас хянаж, шалгадаг. Харин айл өрхийнхийг хянах боломжгүй. Тиймээс иргэд гэр бүлийн гишүүд болон бусдын аюулгүй байдлыг ханган соёлтой, ухамсартай хандах хэрэгтэй.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж 71 байгууллагын 6700 гаруй төрийн албан хаагч явган эргүүл хийж буй. Эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид зах, худалдааны төвүүдэд чанга яригчаар иргэдэд амны хаалтаа зүүхийг сануулж, сэрэмжлүүлэг мэдээ хүргэж, ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл ажиллана.

XXI зуун гарч техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр хүмүүсийн мэдлэг хүрээгээ тэлж соёлч, боловсон болж байгааг хэн хэнгүй мэдэх байх. Гэвч бид хаа таарсан газраа “морь харж”, хог, шүлсээ хаядаг муу зуршлаасаа хэзээ салах вэ. Тиймээс иргэд дор бүрнээ ухамсартай хандахгүй бол базаахгүй муу зуршил балаг тарих нь хаяанд ирээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)