Бакиевийг түлхэн унагахад Москва үүргээ гүйцтгэсэн гэв

    

     Аргагүй байдалд орж нийслэл Бишкекийг орхин гарсан Кыргызийн Ерөнхийлөгч Курманбек Бакиев огцрох бодолгүй байгаагаа мэдэгдээд, “Би бол хууль ёсны Ерөнхийлөгч. Өнөөдөр зэвсэглэсэн этгээдүүд нийслэлээр хөлхөж хулгайлж, дээрэмдэж, алж хядаж байна. Түр Засгийн газар дэг журмыг сахиулж, байдлыг тогтворжуулж чадахгүй. Чадах ганц зүйл нь бүх юманд Ерөнхийлөгчийг буруутгах. Өөрсдийгөө Түр Засгийн газар гэж нэрлэсэн хүмүүс хэлцэл хийхийг хүсэх юм бол би тэднийг сонсоход бэлэн байна. Надад эх орноо орхин явах төлөвлөгөө алга” гэжээ. Тэрбээр сүүлийн өдрүүдэд хэвлэлд цуврал ярилцлага өгч, самуун дэгдээгчид хүмүүст мөнгө, архи тараан өгсөн, өөрөө бодит эрх мэдэлгүй болсон тухайгаа ярьсан байна. Одоогоор амь үрэгдсэн хүмүүсийн тоо 80 дөхөж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн мэдээ байна.

    Түүнийг төрөлх нутаг Жалал-Абад муждаа бүгж, жагсаал зохион байгуулахыг оролдож байна гэж Түр Засгийн газрын тэргүүн Роза Отунбаева мэдэгдээд, “Бакиевийн дэглэмийн зүгээс ард түмний эсрэг хийсэн бүхний хариуг бид өчигдөр өгсөн. Түүний хийсэн бүхэн энэ хувьсгалын, энэ эргэлтийн шалтгаан болсон. Ард түмэн шударга ёс, ардчиллыг хүсч байна гэдгээ өөрсдийнхөө “аргаар” түүнд хэлж өглөө. Түүний ажил дуусгавар болсон, огцрох ёстой” гэсэн байна.
Ерөнхийлөгч К.Бакиевийн бүгж байгаа гэх Ош хотод түүнийг дэмжигсэд болон сөрөг хүчнийхний хооронд жижиг мөргөлдөөн гарсан байна. Үнэн хэрэг дээрээ Киргиз умард, өмнөд гэж хоёр хуваагдчихаад байгаа бөгөөд нийслэлд сөрөг хүчин байдлыг хяналтадаа авч чадна гэдэгт иргэд итгэхгүй байгаа аж. Бишкекийн иргэн Искандер Асаналиев “Сөрөг хүчин байдлыг хяналтад оруулсан хэмээн мэдэгдэж байгаа ч хууль дүрэм хэрэгжиж байгаа юм алга. Манай сөрөг хүчин хүч муутай байгаа учраас хүмүүс тэдэнд итгэхгүй байна” гэсэн байна.

    Хэрэг явдалд Москва огт оролцоогүй гэж мэдэгдсэн ч хатагтай Р.Отунбаева Оросын дэмжлэгт талархалаа илэрхийлж, удахгүй Москва руу төлөөлөгч илгээхээр болсон аж. Тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинтэй утсаар ярьсан байна.Сөрөг хүчний өөр нэгэн удирдагч Омурбек Текебаев “Бакиевийг түлхэн унагахад ОХУ өөрийн үүргийг гүйцэтгэсэн. АНУ-ын цэргийн баазын Кыргызэд байх хугацаа богиносох магадлалтай” гэж Ройтерс агентлагт ярьсан байна. Харин буланд шахагдсан Ерөнхийлөгч К.Бакиев Оросын радиод өгсөн ярилцлагадаа “Гадны оролцоогүйгээр ийм самуун дэгдээх боломжгүй” гээд, аль нэг орныг шууд нэрлэхээс татгалзжээ.

    Ерөнхийлөгч Б.Обамагийн зөвлөх Майкл Макфол хэрэг явдлыг АНУ-ын эсрэг чиглэсэн төрийн эргэлт биш гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Түр Засгийн газрын тэргүүн Р.Отунбаеватай уулзсан АНУ-ын төлөөлөгчид “Асуудалд хүлээцтэй хандаж, ардчиллын зарчмыг хүндэтгэхийг” уриалжээ.   

О.ТОГОО "Өнөөдөр" сонин

 

  


 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)