Байсан, хойшид ч байх “нууц” амьдрал

Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Эл ойг угтан УДЭТ-ын хамт олон цуврал арга хэмжээ зохион байгуулж буй бөгөөд “Би эндээс явахгүй” жүжгийг нь үзэгчдэд хүргэх юм. Эл жүжгийн зохиолыг УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан шинэчлэн бичжээ. Э.Оюун нь “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа” зэрэг дуурь, жүжиг найруулж, Н.В.Гоголийн зохиолууд, У.Шекспирын “Лир ван” зэргийг орчуулж, “Талын баатрууд”, “Ах дүү нар”, “Гарва” зэрэг олон зохиол бичсэн юм. Э.Оюун жүжгийн зохиолын утга санаа, үйл явдлын учиг зангилааг нэгбүрчлэн ойлгуулсны дараа дүрийн судалгаанд онцлон анхаарч, өөрсдөөр нь эрэл хайгуул хийлгэж, эцэст нь өөрөө засаж, чиглүүлдэг найруулагч байсан гэдэг. Түүний талаар Гавьяат жүжигчин Лха.Долгор “Оюун найруулагч жүжигчидтэй нэгбүрчлэн маш уйгагүй ажилладаг. Тайзны байрлал, жүжигчний алхах хөдлөх бүрийг ширхэгчлэн заадаг. Бүр цаасан дээр зураад үзүүлдэг байсан. Дүрийнхээ амьдрал, зан төрхийг олохын тулд юмыг жижиг сажиг гэлгүй маш ул суурьтай судлахыг шаарддаг байлаа” гэж дурссан нь бий. Тэрбээр 1942 онд Гавьяат жүжигчин, 1945 онд Ардын жүжигчин, 1946 онд “Ах дүү нар” жүжгийн зохиолоо бичиж Төрийн шагнал хүртсэн юм. Түүнчлэн 1978 онд “Учрал” өгүүллэгийн түүврээрээ МЗЭ-ийн шагнал хүртжээ.

“Би эндээс явахгүй” жүжгийг ирэх хоёрдугаар сарын 27-ноос үзэгчдэд хүргэнэ. Нээлтээ хийхийнх нь өмнө тус жүжгийн хамт олны сургуулилалтыг сонирхлоо. Биднийг УДЭТ-д очиход уран бүтээлчид тайзан дээр бэлтгэлээ базааж байв. Найруулагч Н.Наранбаатар үзэгчдийн суудалд тухалж, жүжигчдэдээ “Энэ хэсэгт үгээ илүү тод хэл. Нүүрний хувирал илүү гарга. Туслах найруулагч тэмдэглэж аваарай” гэхчилэн заавар өгнө. Тэрбээр “Монголын драмын мэргэжлийн урлагт Э.Оюун гуай жүжгийн зохиолч, орчуулагч, найруулагчийн хувьд онцгой байр эзэлдэг. Монголын жүжигчдийн дүр бүтээх, дүрд хувирах чадвар, найруулгын арга ухаан шинэ шатанд гарсныг түүний 1965 онд үзэгчдэд хүргэсэн “Шинэ байшинд” жүжиг нь харуулсан билээ. Энэ жүжгэндээ дүр бүрийн өвөрмөц ертөнцийг ялгаатайгаар харуулахыг зорьж ажилласан бөгөөд жүжигчид ч дүрийн дотоод мөн чанарыг гаргахын тулд сэтгэхүйн зөрчил дээр тулгуурлан эрэл хайгуул хийсний үрээр орчин цагийн хүний гоо сайхан, оюуны ертөнцийг тов тодорхой нээж үзүүлсэн байдаг. Үүгээрээ энэ жүжиг нь Монголын драмын мэргэжлийн театрын түүхэнд шинэчлэл хийсэн юм. Түүний олон бүтээл дундаас бид “Би эндээс явахгүй” жүжгийг нь онцгойлон сонгож, үзэгчдэд хүргэх гэж байна. Тухайн цаг үед болж буй үйл явдал, хүмүүсийн аливаад хандах хандлагыг маш сайн дүрсэлсэн. Энэ бол нийгмийн драм. Э.Оюун гуай өнгөрсөн зууны хагаст гэр бүлийн харилцаа, үнэт зүйлийн талаар хөндөж бичиж байжээ. Өдгөө ч энэ асуудал хөндөгдсөн хэвээр. Хар өнгө байж гэмээнэ хүн цагаан өнгөний онцгойг мэдэрнэ. Зовж байж жаргалынхаа үнэ цэнийг ухаарна. Хүн алдаж, унаж байж амьдралынхаа мөн чанар, үнэт зүйлийг ойлгодог. Эл жүжигт энэ тухай л өгүүлнэ. Хэлбэр, агуулгын зөрчилд автсан өнөөгийн нийгмийн үзэгчдэд энэ жүжиг ихийг ухааруулах болов уу гэсэндээ хүргэх гэж байна” хэмээв. 

Тов хийсэн амьдралтай Дорлиг эмчийн гэрт жүжгийн эхний үзэгдэл өрнөнө. Түүний гэргий Дулмаа чемоданд хувцас эвхэн нааш цааш холхино. Ийн явах зуураа “Навчтай модыг найгуулсан намрын хонгор салхи уу даа” хэмээн аяархан дуулна. Дорлиг гаднаас орж ирэн, эхнэрээ хэсэг ажсанаа араас нь тэвэрнэ. Дөч эргэм насны, ажил амьдрал нь тогтсон энэ гэр бүлийг хэн ч харсан нэгнээ хуурч зүрхлэхгүй  гэмээр. Эл жүжгийн гол дүр буюу Дорлиг эмчийн дүрд УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх тоглох ажээ. Театрын урлагт дурлагчид түүнийг У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромеогийн дүрийг анхлан бүтээснээр нь танина. Тэрбээр оноогдсон дүрийнхээ тухай “Дорлиг бол төдийгөөс өдий хүртэл байсаар л буй дүр. Харин ч өнөө цагт Дорлигийн тоо нэмэгдэж буй мэт санагддаг. Гэр бүл, жинхэнэ хайрынхаа үнэ цэнийг дутуу үнэлж, илүүд шунаснаар байнд ч үгүй, банзанд ч үгүй болж хоцордог олон жишээ нийгэмд бий. Жинхэнэ хайр, гэр бүлийнхээ үнэ цэнийг даанч хожуу, өчнөөн хүний амьдрал, хувь заяагаар тоглосныхоо дараа ухаардаг. Ингэж төөрөлдөлгүй, гэр бүлээ хамгаалах боломж бий шүү гэдгийг эл жүжгээр харуулна” хэмээв. 

Жүжгийн удаах үзэгдэлд Дорлиг эмч Шанхай хотод томилолтоор явж буй тухай өгүүлнэ. Түүний энэ удаагийн ажилд Сэржмаа хэмээх бүсгүй ихээхэн тусалсан аж. Эндээс тэдний адармаат харилцаа эхэлнэ. Сэржмаагийн дүрд жүжигчин Б.Одончимэг тоглоно. Харин Дорлигийн гэргий Дулмаагийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин, Г.Ибсений “Нора” жүжгийн Норагийн дүрээр хүмүүст танигдсан Н.Баярмаа тоглоно. Жүжигчин Н.Баярмаа “Дулмаа бол өнөөгийн нийгэмд буй маш олон эхнэрийн төлөөлөл. Хүн бүрийн дотор бурхан, чөтгөр оршдог гэдэг шиг жүжгийн дүр бүхэн онцлогтой. “Би эндээс явахгүй” жүжгийг тоглохоор болж, зохиолын уншлага эхлэхэд л надад Дулмаагийн дүрийг л оноогоосой гэж нууцхан хүсэж байлаа. Эл дүр өмнө тоглосон дүрүүдээс илүү онцлог, намайг өөрөөр задлах учир их олзуурхаж буй” гэсэн бол Б.Одончимэг “Гэр бүл үймүүлэгч үү, эсвэл үнэхээр хэн нэгэнд сэтгэл алдарсан бүсгүй юү гэдгийг ялгаж харуулахыг хүсэж байна. Нууц амрагийг шүүмжлэхээс илүү нийгэмд байр сууриа олчихсон, тогтсон амьдралтай эр яагаад өөр бүсгүйд сэтгэл алдарч, хазайх болов гэдгийг тунгаагаасай. Гэр бүлүүд нууц амраг гэх гуравдагч этгээдийг амьдралдаа оруулахгүйн тулд яах ёстой, хэн хэн нь гэр бүлийн үнэт зүйлээ хадгалж, сэтгэл хангалуун байлгахад хичээх хэрэгтэй. Үүнийг л эл жүжгээр үзэгчдэд ойлгуулж, мессеж өгөх гэсэн юм” хэмээлээ. Жүжгийн ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг ажиллаж, хөгжмийг Б.Цацрал бичиж буй бөгөөд мөн З.Түмэнжаргалын үг, Х.Билэгжаргалын ая, дуучин Г.Эрдэнэтунгалагийн дуулснаар олны хүртээл болсон “Дуулж л явахаас даа” дууг жүжигт ашиглаж буй гэнэ. 

Үйл явдал цааш хөвөрч, өөр бүсгүйд сэтгэл алдран, хоёр бүсгүйн дунд сонголт хийж чадахгүй тээнэгэлзэх Дорлиг, эр нөхрөө алдаж буй эхнэр, хэдийгээр нууц амраг боловч чин зүрхнээсээ хүнд хайртай болсон Сэржмаа бүсгүйн дундах үл ойлголцол, ширүүхэн үзэгдлүүд өрнөнө. Эл жүжигт хайр, аз жаргал, айдас гээд хүмүүний бүхий л мэдрэмжийг хөндөхийг эрмэлзжээ. “Амраглал ахуйн хэлбэртээ орох цагт бидний хайр унтарч эхэлдэг. Бага багаар, тун тунгаар хайр дутагдсаар нэгэн цагт хэн нэгний нүднээс гэрэлтэх хайр өөр дээр нь тусах үед дахин дурлана. Дурлал биднийг өөрийн эрхгүй татдаг. Харин хайранд бид аяндаа л уусчихдаг. Бид хайрлаж амьдрах боловч дурлал биднийг хэзээ цочроож, хэзээ сэрээхийг хорьж үл чадна. Учир нь дурлал хамгаас хүчтэй нь. Ахуйн хайр дэндүү дорой. Иймд нууцхан амраглал үгүй болчихвол хайр яахин агуу гэгдэх билээ” гэх нэгэн байхад “Амьдрал дардан шулуун байдаггүй гэж ярьдаг мөртлөө өчүүхэн саад, бэрхшээлийг давж чадахгүй зөрчилдөж, эцэстээ өөрийгөө өмгөөлөх өчүүхэн сэтгэлтэй л хоцордог. Тохиолдож буй бэрхшээлийг хэн хэрхэн даван туулж байгаагаар нь үнэлж дүгнэж болно. Хоорондын үл ойлголцлоо ярилцаж шийдвэрлэх чадвартай байх ёстой бөгөөд хэрэв ингэж л чадахгүй бол сэтгэлийн дарамт шаналал, өөрийгөө илэрхийлэх боломж, хүн хэмээн ойлгож баярлах, гомдох цагт түшиж тулах нэгнийг амьдралдаа шууд хүлээн авдаг” гэж сэтгэлзүйчид дүгнэсэн нь бий. Найруулагч Н.Наранбаатар “Социалист нийгмийн үед амрагийн элдэв явдалтай хүмүүс хэл аманд өртөж, өсөж дэвжих замд нь “бул хар чулуу” тээглэн, ажил, албан тушаалаасаа буудаг байж. Өөрөөр хэлбэл, нийгмийн ёс суртахуун ямар нэгэн хэмжээгээр гэр бүлийн харилцаанд нөлөө үзүүлдэг байв. Социализмд байсан ёс суртахуун 1990-ээд оноос арчигдаж, гэр бүлд үзүүлж байсан сайн, муу ёс суртахууны нөлөөлөл алга болжээ. Хий хоосон орон зайд хүмүүс ёс суртахууны ямар нэгэн баримжаагүй болж, өөрийн эрхгүй дур зоргоороо загнах л үлдсэн. Үүний гол баталгаа нь тухайн үед олон гэр бүл салж, ил тодоор нууц амрагтай болж эхэлсэн явдал. Үүнийг л эл жүжгээр харуулж, үзэгчдэдээ ухаарал хайрлах гэсэн юм” хэмээлээ. 

“Би эндээс явахгүй” жүжгээс дээр өгүүлсэнчлэн гэр бүлийн харилцаа, тэр дундаа өрөөлөөс хайр гуйн, “хулгайлж” буй хорьж болдоггүй, хаалгаа нээгээд оруулж болдоггүй нууц амраг, гэр бүлээ хамгаалж үлдэх гэсэн эхнэр, “манан”-д төөрсөн нөхрийн ээдрээт харилцааны талаар үзэж, нэгийг тунгаагаарай.

Продюсер: Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу 

Зохиолч: Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун

Ерөнхий найруулагч: Төрийн шагналт Н.Наранбаатар

Хөгжмийн зохиолч: Б.Цацрал 

Ерөнхий зураач: Т.Ганхуяг

Дорлиг: О.Гэрэлсүх

Дулмаа: Н.Баярмаа, Б.Одгэрэл

Сэржмаа: Б.Одончимэг

Жамц: Д.Баттөмөр

Дэжид: Ц.Баясгалан

Цэвэг: Г.Амгаланбаатар

Осор: Р.Адъяабаатар

Цэндмаа: Г.Номуун

Должин: Ж.Оюундарь

Пүрэв: Г.Алтангэрэл

Лхамжав: Ж.Пүрэвдорж

Батаа:  Ц.Жаргалсайхан 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)