Байр суурь

МАН-ын бүлгийн гишүүд сонгуулийн тогтолцооны талаарх саналаа өөрчилж, дүүрэг, аймаг бүрийг нэг тойрогт тооцож, өрсөлдөх нь зүйтэй гэж үзсэнээ уржигдар мэдэгдсэн. Одоогоор тойрог болон мандатын тоо хэд байх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ нийслэл болон аймаг тус бүрийг нэг тойрогт тооцож, цөөн хүн амтай зарим дүүргийг нэгтгэх гэнэ. АН-ын зөвлөлийнхөн МАН-ынхны дүрмээр “тоглоход” бэлэн гэдгээ илэрхийлээд буй. МАН-ын бүлгийн зарим гишүүн, ШИНЭН-ынхны энэ талаарх байр суурийг сонирхлоо.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: Иргэд шууд сонгох эрхээ эдлэх боломж бүрдэнэ

Ерөнхийдөө 26 том тойрогт хуваагдаж, нэр дэвших болов уу гэж харж байна. 21 аймаг тус бүр нэг тойрог гэж ойлгож болно. Харин нийслэлийн есөн дүүргийг хүн амынх нь тооноос хамаараад хувааж магадгүй. Нэг аймагт гурван мандат олговол нэг намынхан хөтлөлцөөд явахаас аргагүй болно, ингэхээр шинэ, эсвэл бие дааж нэр дэвшигчдэд боломж олдохгүй мэтээр ярьж байна. Тийм зүйл байхгүй. Нас, хүйс, мэдлэг, туршлагаасаа хамаараад бүгд л нэг хуульд захирагдаж, ижил гараанаас өрсөлдөх ёстой. Хэн нэгэн нь туршлагагүй гээд давуу эрхтэй байж болохгүй биз дээ. 50+26 том, жижиг хосолсон мажоритар тогтолцоогоор явбал хаалгаар гарч явсан нэр дэвшигч тооноор орж ирэх байсан. Өөрөөр хэлбэл, иргэдээс санал аваагүй нэр дэвшигч намын нэрийн ард нуугдаж, УИХ-д суудалтай болно гэсэн үг. Харин энэ тогтолцоогоор гишүүдийн нэрийг дугуйлах учраас ийм зүйл байхгүй. Ингэснээр иргэд шууд сонгох эрхээ эдлэх боломж бүрдэнэ. Хууль батлах явцад үүнийг нарийвчлан хэлэлцэх байх. Нэр дэвшигчийг иргэд шууд сонгох эрхтэй гэх Үндсэн хуульд заасан зарчмаараа сонгууль зохион байгуулах гэж байгаа нь л давуу тал. Дутагдалтай тал нь намын гишүүд хоорондоо үл ойлголцох явдал. Гэхдээ энэ бол чухал ач холбогдолтой, том зүйл биш. Намын дотоод зохион байгуулалт, хувь хүний зан араншин, эв нэгдэлтэй холбоотой асуудал. Нэр дэвшигчдэд адилхан хугацаанд, ижил гараанаас өрсөлдөх боломж бүрдүүлэх нь чухал.

Д.ДАМБА-ОЧИР: Өмнөх алдаагаа давтахгүй байх нь зүйтэй

50+26 гэдэг тогтолцоогоор сонгууль зохион байгуулбал Үндсэн хууль зөрчих байсан учраас би хувьдаа зөвшөөрөөгүй. Одоо хүн амынх нь тооноос хамааран мандатын тоо аймагт бүрт харилцан адилгүй байхаар зохицуулж, сонгууль зохион байгуулах бололтой. Сонгуульд нам ялах нь чухал байдаг. Гэтэл энэ тогтолцоогоор явахад намын гишүүд хоорондоо маргалдах нөхцөл үүсдэг сөрөг талтай. Ер нь сонгуульд хамтарч оролцсон нэр дэвшигч нар амжилтад хүрдэг. Тиймээс энэ удаа намын эрх ашгаа бодоод хөтлөлцөөд явах нь зөв. Сөрөг тал нь өрсөлдөгч намтайгаа тохиролцох нөхцөл үүсдэг. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарахаар үүнийг зохицуулж болох байх. 2012 оны сонгуулиар АН-ынхан төрийн эрхийг барьж байсан учраас хотод мандатын тоог их олгосон. Түүнчлэн Хэнтий аймаг 57 000 хүн амтай байхад гурав, Сүхбаатар аймагт 52 000 хүн оршин суудаг байхад ганцхан мандаттай байсан. Энэ алдаагаа давтахгүй байх шаардлагатай. Гурван мандаттай аймагт иргэд гурван хүний нэр дугуйлна. Илүүг дугуйлахгүй. МАН-аас гурван хүн нэр дэвшиж, хоёр нь олонхын саналыг авсан гэж бодъё. Үлдсэн нэг нэр дэвшигч нөгөө хоёртоо чирэгдэж, УИХ-д сууна гэсэн ойлголт байхгүй.

Ж.БАТЗАНДАН: Томсгосон тойрогт хуваахыг дэмжиж байна

МАН-ынхны дэвшүүлсэн санал одоогийн тогтолцооноос арай дээр. Намыг бус, хүний нэр дугуйлах нь зөв гэж харж байгаа. Тойрог хэт жижиг байх нь төсвийн хөрөнгийг 76 хувааж, үргүй зарцуулах шалтгаан болдог. Тиймээс томсгосон тойрогт хуваахыг дэмжиж байгаа. Саналын хуудсыг “хар машин”-аар болон гараар тоолно. Хэрэв санал хураалтын тоо зөрвөл гараар тоолсныг нь л хүчинтэйд тооцох тухай саналыг бид дэвшүүлж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)