Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн/  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийлээ. Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг төсөлд тусгаснаа танилцуулгадаа дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн валютын ханшийн өсөлт нь иргэд, бизнес эрхлэгчдэд тун хүнд тусч байгааг онцлоод Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалсан, валютын ханшийг бодлогоо хэрхэн тодорхойлсон талаар асуулаа. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа, Төв банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална гэсэн байдаг. Энэ зарчмын дагуу ирэх оны мөнгөний бодлогод  ханшийг тогтвортой байлгах зорилт тусгасан гэв. Ингээд байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Байнгын хорооны энэ өдрийн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулга хийв. Тус ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, тогтоолын төсөлтэй холбогдуулан бусад байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудтай нэг бүрчлэн танилцаж, байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Ингээд уг тогтоолын төслийн талаар байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Мөн байнгын хороодын дэмжээгүй 4 саналаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Үүгээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Сайдын мэдээллийг сонсов

Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл сонсов. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулгынхаа эхэнд мэдээлсэн юм. Төмөр замын дотоодын сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд 2013 оноос “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн бөгөөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нийт барилгын 51.84 хувийг, Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техникийн зураг төслийг 100 хувь гүйцэтгэсэн байна.

"Шинэ төмөр зам” төслийг Чингис бондын 200 сая ам.доллар, Хөгжлийн банкны 55 сая ам.долларын санхүүжилтээр 2013 онд эхэлсэн байна. Улсын Их Хурлаас 2014 онд шинээр баригдах төмөр замын Эрдэнэт-Арцсуурь чиглэлийг баталсан. Үүнээс Эрдэнэт овоотын хэсгийн хувийн хөрөнгө оруулагч санал гарган Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2017 оны хоёрдугаар улиралд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Концесс эзэмшигч нь Хөвсгөл аймгийн Овоот нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Австралийн “Аспайр майнинг” компанийн охин компани аж. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ шугамыг барих асуудлыг боловсруулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэв.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийн одоо буй ганц коридор нь “Улаанбаатар төмөр зам” бөгөөд нийт ачаа тээврийн хэмжээнд 10.9 хувийг эзэлж, ачаа тээврийн нийт орлогын 22.8 хувийг бүрдүүлдэг аж. БНХАУ-ОХУ, БНХАУ-Европын орнууд болон эсрэг чиглэлд хийгддэг дамжин өнгөрөх тээвэр нь зүүн буюу ОХУ-БНХАУ-ын Манжуур-Зайбайкальск, баруун буюу Казакстан-БНХАУ-ын Алашанкоу-Достык боомтуудаар дамжсан коридоруудтай харьцуулахад 500-750 орчим км-ээр богино боловч тээврийн болон шилжүүлэн ачилтын тариф бусад коридоруудаас өндөр, хил гааль, хорио цээрийн нэг цонхны үйлчилгээ нэвтрээгүй зэрэг шалтгаануудаас болж дамжин өнгөрөх ачааны хэмжээ бусад коридоруудаас харьцангуй бага байдгийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд танилцуулгадаа дурдлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)