Байлдагчийн нас барсан хэрэгтэй холбогдуулан ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Алтантулгын нас барсан хэрэгтэй холбогдуулан ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Уг хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 14.30-16.00 цагийн хооронд болсон. Энэ үед салбарын ахлагч нар цэргийн байранд үзлэг хийсэн. Үзлэгийн явцад эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас олдсон. Ингээд салбарын захирагч цэргүүдийг утсаар ярьсан гэх шалтгаанаар нийт цэргүүдэд арга хэмжээ авах үүргийг салбарын ахлагчид өгчээ. Салбарын ахлагч цэргүүдийн биеийн тамирын талбай дээр гүйлгэж байх үед талийгаачийн дотор нь эвгүйрхэж биеийн байдал нь муудсан байна. Түүнийг орон дээр хэвтүүлж, дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Дараагийн хичээл орох үед талийгаач таталт өгсөн тул багийн эмчийг дуудаж талийгаачийг Зүүнбаянгийн эмнэлэг рүү авч явсан ч эмнэлэг рүү явах замдаа нас барсан” гэжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан ЗХЖШ-ын удирдлагууд тус ангид шалгалт хийх үед зөрчил дутагдал илэрсэн байна. Тухайлбал,

  • - Ангийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул байсан
  • - Салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийн 62 дугаар заалтыг зөрчсөн
  • - Эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн зэрэг цэргийн дүрмийг зөрчсөн хэд хэдэн зөрчил дутагдал илэрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)