Байгууллагынхаа эзэмшил газрыг завшсан хэрэгт БХТН-ийн удирдлагыг шалгаж эхлэв

Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлжээ. Хэдэн жилийн өмнөөс л түүнийг эд хөрөнгө завшсан байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байсан ч тухайн үед хууль хяналтын байгууллагынхан уг асуудлыг хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн. Харин саяхнаас цагдаа, прокурорын байгууллагынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм байна.

Бидэнд олдсон мэдээллээр БХТН-ийн төв зөвлөлийн дарга Д.Дашзэвэгийг эрх бүхий албан тушаалтнуудтайгаа нийлж, хуурамч тамга, тэмдэг ашиглан БХЯ-ны харьяанд байсан тус нийгэмлэгийн газар, барилга, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хамаарал бүхий хүмүүстээ шилжүүлэн завшсан байж болзошгүй гэж буруутгаж буй аж. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сурталчилгаагаа явуулж буй “Дэлгэрэх хотхон”-ы барилга барьсан газар нь дээрх нийгэмлэгийн эзэмшлийнх байсан гэнэ. Ажилчин, албан хаагчдаа орон сууцжуулах, хөнгөлөлттэй үнээр олгох нэрээр Хан-Уул дүүргийн III хороо буюу БХТН-ийн урд талд байрладаг 1.2 га газрыг хүргэн болон дүүгийнхээ хамтран байгуулсан “Хиллфорт” компанид шилжүүлэн барилга бариулж, хүүхдүүдийнхээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн нэр дээр таван тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 78 орон сууц үнэгүй авсан гэх үндэслэлээр түүнийг шалгаж эхэлснийг тус нийгэмлэгийн болон хууль хяналтын байгууллагын эх сурвалж хэлж байна.

Бэлтгэсэн: Д.Дайчин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)