Байгал нуурын түвшин буурч буйд хүмүүс буруутай


ОХУ-ын Буриад улс, Эрхүү мужийн оршин суугчид жил бүрийн есдүгээр сард Байгал нуурын өдрийг тусгайлан тэмдэглэж, хосгүй нуураа хамгаалахын чухал гэдэгт олны анхаарлыг хандуулдаг. Өдгөө Байгал нуурт нэн түрүүнд тулгамдсан ямар асуудлууд байдаг, байгаль орчны тогтолцоог нь сайжруулах талаар яагаад эртнээс хөндөж буй тухай “Байгалын Буриадын бүс нутгийн салбар” олон нийтийн байгууллагын захирал, экологич Наталья Тумуреева ТАСС агентлагт ярьжээ.

НУУРЫН ХҮРЭЭ ХУМИГДСААР

Сүүлийн жилүүдэд Байгал нуурын усны түвшин хамгийн их анхаарал татаж байгааг экологич тэмдэглэв. 2014 онд усны түвшин нь түгшүүр зарлахаар эрчимтэй буурсан бол дараа жилийнх нь өвөл харагдах байдалд нь өөрчлөлт оржээ. Тодруулбал, зүүн буюу Буриадын эргээрх тогтоол уснууд ширгэж, баруун эргийнх нь 230 мянган оршин суугчтай Ангарск хотын усан хангамжид хүндрэл үүссэн байна.

Нуурын усны түвшин саяхныг хүртэл бага байв. Өнгөрсөн сарын дундуур Эрхүүгийн Ус, цаг уур, хүрээлэн буй орчны хяналтын газрын мэдээлснээр ноднин өвөл их цастай, зун ахиу бороотой байсны ачаар цутгадаг голын ус олон жилийн дунджид хүрэхээр нэмэгджээ. “Наймдугаар сарын 31-ний байдлаар нуурын усны дундаж түвшин 456.6 метрт хүрч, 96 см-ээр нэмэгдсэн байв. Өнгөрсөн жил ердөө 37 см-ээр дээшилжээ. Өөрөөр хэлбэл, эрс өөрчлөлт болж, нуурын ус судлал, усны аж ахуйн байдал сайжирсан байна. Гэсэн ч энэ он дундаж устайд тооцогдоно” гэж мэдээлэлд дурджээ.

Мөн эл нуурын байгалийн үзэгдлүүд мөчлөгтэй байдгийг дээрх мэдээлэлд дурдсан бөгөөд ойрын ирээдүйд усны түвшин буурч, бүр ширгэж болзошгүй гэсэн хувилбарыг тэмдэглэжээ. Үүнийг бодит байдалд нийцэхгүй хэмээн Н.Тумуреева эрс няцаав. “Байгалийн бүх зүйл мөчлөгтэй. Гэхдээ мөчлөгт нь одоо хүн нөлөөлдөг болсныг тооцох хэрэгтэй” гэж тэрбээр тэмдэглэсэн байна. 1899-1905, 1920-1929, 1976-1982 онд ус багатай үе байсан ч тэдгээрт одоогийнх шиг хүний нөлөө байгаагүйг экологич санууллаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХЯНАЛТ БАЙХГҮЙ

Шинжлэх ухааны үндэслэлтэй байнгын хяналт байдаггүй нь Байгал нуурын хувь заяаны талаар тодорхой таамаг дэвшүүлэхэд тээг болдог гэнэ. “Усны түвшин буурсан талаарх чанартай хийгээд системтэй хяналт байдаггүй. Янз бүрийн байгууллага судалгаа явуулдаг ч тэдгээр нь оновчтой бус. Үүний сацуу байгууллага хоорондын уялдаа байдаггүй” гэж Н.Тумуреева тэмдэглэжээ.

Усны ургамал ихсэж байгаа нь Байгал нуурын хүрээлэн буй орчны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэж зарим эрдэмтэн үзэж байна. Тийм ургамал хэзээнээс бий болсон, өнгөрсөн жилүүдийнхээс үнэхээр ихэссэн, бас аюултай, эсэх талаар баттай баримт мэдээлэл алга. “Ул суурьтай судалгаа, хяналт байхгүй. Харьцуулах зүйл ч үгүй” гэж Н.Тумуреева тайлбарлав. Түүний хэлснээр Байгал нуурын судалгааг төрөөс санхүүжүүлдэггүйгээс эрдэм шинжилгээний ажил хийдэггүй, туршлага хуримтлуулдаггүй, шинэ боловсон хүчинтэй ч болдоггүй гэнэ.

БОХИРДОЛ

Өөр нэг асуудал нь нуурын экологийн бохирдлын түвшин нэмэгдсээр байна. Энэ жил Байгал нуурын өдрөөр бохир ус хяналтгүй цутгадаг, эргэн тойронд нь хогийн цэг үүссэн асуудлыг хөнджээ. “Хогны асуудлыг шийдэхийн тулд төр жижиг бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хэрэгтэй. Буриадын Жидинск дүүрэгт жишээлбэл, нэг залуу хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрийн төхөөрөмж худалдаж авсан ч алдагдалд оржээ. Учир нь түүхий эдийг нь хүлээн авах, бэлэн бүтээгдэхүүнийг борлуулах тогтолцоо байхгүйтэй холбоотой. Түүнд эрх баригчид л туслах ёстой” гэж экологич үзэж байна.

“Жуулчдыг журамд оруулж, хариуцлага тооцно гэсэн нутгийн эрх баригчдын бодлого буруу. Энэ нь өөрөө компьютер ширтчихээд хүүхдэд ном уншихын ач тусын талаар ярихтай адил. Улс нь юу ч хийхгүй байж иргэдээ гэнэт ёс журамтай болохыг шаардах нь утгагүй. Үүний оронд хогоо ялгаж, дахин боловсруулж сургах нь хялбар” гэж экологич эмэгтэй ярилаа.

ХӨРШҮҮДИЙН АЮУЛ

Байгалд хамгийн тулгамдсан бас нэг аюул нь нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөнд хөрш Монгол Улс усан цахилгаан станц барьж болзошгүй асуудал юм. Тус улс эрчим хүчний хомсдолтой учир уул уурхайн аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд тийм станцтай болох хэрэгтэй байгаа аж.

Саяхан Монгол Улс уул уурхайн аж үйлдвэрийн дэд бүтцээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулах төслийн Бүс нутгийн экологийн дүгнэлтээ танилцуулсан. Энэ төслийн хүрээнд усан цахилгаан станц барих юм. “Уг дүгнэлтийг сонирхогч талуудын тайлбар цуглуулахдаа зөрчилтэй хийсэн. Зөвлөгөөг дүрэм журмын дагуу хийгээгүй. Мөн усан цахилгааны станцаас өөр ямар сонголт байж болохыг тусгаагүй байсан” гэж Н.Тумуреева мэдээллээ. Үүнтэй холбогдуулан “Байгалын Буриадын бүс нутгийн салбар” тухайлбал, Дэлхийн банканд Монголд санхүүжилт өгөх нь алдаа болохыг тусгасан захидал илгээжээ.

НУУРЫН ТУХАЙ

Дэлхийн өвийн жагсаалтад 1996 онд орсон Байгал нь дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг усны томоохон нөөц (дэлхийн нөөцийн 20 хувь) нуур юм. Мөн дэлхийн байгалийн өвийн хамгийн том объектуудын нэг аж. Зөвхөн ус нь төдийгүй хүрээлэн буй ой, намаг, ургамал, амьтны аймаг, байгалийн ер бусын тогтоц нь онцгой үнэ цэнтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)