Байгальд ээлтэйгээр ноолуур бэлтгэвэл эрэлт их гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар “Хөдөө аж ахуй дахь ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй ноолуур бэлтгэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Үүний хүрээнд “Gucci”, H&M, “Uniqlo” брэнд болон “Kering” группийн төлөөлөгчид мэдээлэл хийсэн юм. 

Дэлхий дахинд ноолуур бэлтгэхдээ байгаль орчинд ээлтэй, тухайн малчин, аж ахуй эрхлэгчдийн амьжиргаанд дэм болсон, хүүхдүүдийг хөдөлмөрлүүлэхээс татгалзсан, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх зэргээр аль болох олон талын эрх ашгийг хамгаалан хөгжүүлэхийг зорьж буй аж. Ингэснээр ноолуур бэлтгэлийн үйл явц илүү ил тод болж, түүхий эдээ дэлхийн зах зээлд өндөр үнээр, тогтвортой арилжих боломж бүрдэх гэнэ. H&M компанийн төлөөлөгч Шерри Гу “Хэрэглэгчид жил ирэх бүр байгальд ээлтэй, амьтны эрхийг үл зөрчсөн байдлаар гарган авсан түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг түлхүү сонгох болсон. Ийм шаардлага хангаагүй үйлдвэрлэгчдийг илт эсэргүүцэж байгаа. Тиймээс бид дэлхийн өнцөг булан бүрээс “зөв” аргаар бэлтгэсэн түүхий эд худалдан авахаар зорьж буй. Монгол Улс ноос, ноолуурын арвин нөөцтэй, түүнийхээ бэлтгэлийн туршлага, арга, ажиллагааг ил тод болговол олон улсын зах зээлд өндөр үнээр худалдан авагч олон бий” гэв. 

Ташрамд дурдахад, манай улс жилд 9400 орчим тонн ноолуур бэлтгэн, дэлхийн зах зээлийн 40 хүртэлх хувийг хангадаг. 2017 онд манайх эл салбараас 980 тэрбум төгрөгийн орлого олсон бол өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, ажлын байрны тоог 1500-гаар нэмэгдүүлсэн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)