Байгалийн хүчин зүйлд иргэдийн болгоомжгүй байдал хүч нэмж байна

Хавар, намрын улиралд ой, хээрийн түймэр гарч, нэлээд хохирол учирдаг. Энэ нь өвөл цас, зун бороо бага орсноос ихэвчлэн шалтгаалдаг. Өнгөрсөн өвөл манай орны нийт нутгаар хур тунадас бага байснаас хөрс хуурайшилттай байгааг албаныхан хэлж буй. Хэдийгээр нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй ч ихэнх нутгаар 0-5, баруун аймгийн зарим нутгаар 20-30 см зузаан цастай байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, одоогоор манай улсын ой, хээрийн бүс нутаг болох Сэлэнгэ, Хэнтийн нуруу, Дорнодын тал нутгаар цасгүй, харин нутгийн баруун, баруун өмнөд хэсэг болох Увс, Ховд, Завхан аймгийн зарим сумд ахиу цастай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан мэдээлсэн. Одоогоор цасгүй байгаа нутгууд ой, хээрийн түймэр хамгийн их гардаг бүс нутаг. 

Олон жилийн дунджаар гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхэн үед нийт нутгийн цасан бүрхүүл хайлж дуусдаг бол энэ жил хоёрдугаар сарын дунд үеэс дулаарч эхэлсэн. Сүүлийн долоо хоногийн байдлаар манай орны нийт нутгаар 1-7 градусаар дулаарсан мэдээлэл бий. Түүнчлэн энэ оны гурав, дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа нь ирэх сард нийт нутгийн цасан бүрхүүл хайлж, ой хээрийн түймэр гарахад түлхэц болохыг албаныхан анхааруулсаар байна. 

Мөн өнгөрсөн оны зургадугаар сараас нийт нутгаар хур бороо элбэг байсан тул өвс өндөр ургаж, өвөл цасгүй байснаас шар өвс их байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэл дагуулж буйг Онцгой байдлын ерөнхий газрын Ой хээрийн түймэртэй тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн С.Галтзул хэллээ.

Манай орон эх газрын хуурайвтар уур амьсгалтай. Цаг уур, орчны шинжилгээний газраас 1940 оноос хойших Монгол орны цаг уурын нөхцөл байдалд судалгаа хийжээ. Энэ хугацаанд хур тунадасны ахиу болон бага үе тус бүр гурван удаа урт хугацаагаар үргэлжилсэн аж. 

Ингэхдээ тэдгээрийн үргэлжлэх хугацаа улам нэмэгдэж, хур тунадасны хэмжээ багассан дүн гарсан байна. Судалгаанаас үзэхэд, 1941-1949 онд хур тунадас татруу байсан бол энэ үзэгдэл 1977-1984 онд мөн ажиглагджээ. Энэ хооронд хур бороо ахиу жил болж өнгөрч байж. Харин 1997-2011 онд мөн хур тунадас татруу үе тохиосон нь 1940 оноос хойш тохиогоогүй үзэгдэл байсан бөгөөд гадаргын хуурайшилт ихээхэн нэмэгджээ.

ХУУРАЙШИЛТААС ШАЛТГААЛЖ ГАДАРГЫН УС УЛАМ БАГАССААР

Дулааны улиралд орсон хур тунадасны зарим нь ууршиж, зарим хэсэг нь гол горхины урсцыг бүрдүүлдэг аж. Харин үлдсэн хэсэг хөрсөндөө үлдэж, нөөц чийгийг бүрдүүлэн ургамлын ургалтад зарцуулагддаг байна. Мөн говь, хээрийн бүсэд хөрсний усны тэжээл болж, гар худгийн усны ундаргын эх үүсвэр болдог гэнэ. 

1984-1996 оны хур тунадас ахиу үед борооны усны газарт үлдэх хэмжээ Хэнтий, Хангай, Хөвсгөлийн ой хөвч бүхий уулархаг нутагт 35-50 мм, говь, хээрийн бүс болон Их нууруудын хотгор орчимд 10-20 мм-ээр нэмэгдсэн байна. 1997-2011 оны хур тунадас татруу үед Хэнтий, Хангай, Хөвсгөлийн ой хөвч бүхий уулархаг нутагт 20-35, бусад бүх нутгаар 5-20, дунджаар 15 мм-ээр буурчээ.

Түүнчлэн олон жилийн турш хур тунадас татруу байхад жижиг гол, горхи, булаг шанд, нуур ширгэж, бэлчээрийн усан хангамжид ноцтой нөлөөлдөг аж. Малчид ус бараадаж нутаг сэлгэн говь, хээрийн бүсэд олон арван гар худаг ширгэснээс болж гүн өрмийн худгийн орчим нүүж очин мал сүрэг олширч байсан. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга Д.Дуламсүрэн “Цаашдаа говь, хээр, хангайн аль ч бүс нутагт уст цэгийн тоог олшруулах нь урт хугацааны гандуу үед бэлчээр ашиглалтыг сайжруулах, хуурайшилт, цөлжилтийг сааруулахад чухал хөшүүрэг болно. Учир нь хур тунадас татруу, гандуу үед гадаргын болон хөрсний ус хомстдогоос болж сүргийн бөөгнөрөл бий болж, тухайн орон нутагт бэлчээрийн даац хэтрэн, улмаар их, бага хэмжээгээр цөлжилт нэмэгддэг” гэлээ.

ГОВИЙН НУТАГ ЗУРГААН ХУВИАР ТЭЛЖЭЭ

Судалгааны хамгийн сүүлчийн хуурайшилттай жил буюу 1997-2011 онд гандуу хээр талын эзлэх талбай буюу говь нутгийн эзлэх талбай нэлээд нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, хуурай говийн шинжтэй нутаг зургаан хувиар хойш түрж нэмэгдсэн бол харьцангуй чийглэг ойт хээрийн эзлэх талбай мөн ижил хувиар хорогдож, хойш түрсэн аж. 

Түүнчлэн уг хур тунадас татруу үед манай орны бэлчээрийн болон газар тариалангийн агро-экосистем ихээхэн доройтож, нийт нутгийн 90 орчим хувьд хуурай, гандуу болсон байна. Сүүлийн жилүүдэд хур борооны хэмжээ 1997-2011 оныхоос нэмэгдсэн ч тунадас ихтэй байсан жилүүдээс харьцангуй бага байгааг мэргэжилтнүүд хэлж буй.

98.6 САЯ.ГА БЭЛЧЭЭР ШАТЖЭЭ

Манай улсад сүүлийн 30 жилд нийт 5468 удаа ой, хээрийн түймэр гарсан мэдээлэл бий. Түймрийн улмаас 11 сая га ой, 96.8 сая га бэлчээр шатаж, 345.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь жилд дунджаар 116 удаа түймэр гарч, 11.1 тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэсэн үг. 2015 онд 354 удаа ой, хээрийн түймэр гарсан нь сүүлийн таван жилийнхээс хамгийн олон нь байжээ. 

Харин хамгийн бага нь өнгөрсөн жилд 77 удаагийн түймэр бүртгэсэн байна. Энэ нь өнгөрсөн жил хур элбэгтэй байсан нь ихээхэн нөлөөлсөн гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн ой, хээрийн түймэр гарахад зөвхөн байгалийн хүчин зүйл нөлөөлдөггүй тэд сануулсаар байгаа юм. Учир нь иргэд аялал зугаалгад явах, самар түүх, мод бэлтгэх гэх мэт шалтгаанаар ой, хээрийн бүсэд явж байхдаа санамсар болгоомжгүйгээсээ гал алдах эрсдэл дагуулж байдаг. Нийт гарсан ой, хээрийн түймрийн 50 орчим хувь нь л байгалийн хүчин зүйлээс шалтгаалдаг гэсэн албан бус тоо байдаг аж. 

Энэ жилийн тухайд дээр дурдсанчлан хуурайшилт ихсэх магадлалтайг мэргэжилтнүүд сануулсаар байгаа. Гэтэл он гарсаар хээрийн түймэр бүртгэгдэж, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид тархалтыг шуурхай зогсоожээ. Энэ сарын 11-нд Дорнод аймгийн Хэрлэн сумд гарсан уг түймрийн улмаас 50 га газар шатсан байна. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн нэгэн айл халуун үнсээ гадаа асгаснаас болж шар өвсний түймэр гарсан талаар нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлсэн. 

Тиймээс байгалийн хүчин зүйлээс шалтгаалж буй хур тунадас багатай, хуурайшилттай байгаа өнөө үед иргэн бүр анхаарал, болгоомжтой байхыг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Мөн манай орны байгалийн экосистем уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр орчин үед бараг нийт нутаг хуурай шинж төлөв рүү орж байгааг Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд хэлж буй. 

Энэ нь экосистемийг эрсдэлд оруулах үндсэн шалтгаан болж буй юм байна. Иймд нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс зайлсхийх арга замыг сонгож хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөлийг судалж, эдийн засаг, нийгмийн хэрэгцээнд зориулж, зохистой ашиглах асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)