Байгалийн гамшгийг сэрэмжлүүлэх боломжгүй хэвээр

Орчин үеийн сэрэмжлүүлэх системүүд чичирхийллийг сайн мэдээлдэг хэрнээ газар хүчтэй хөдлөхийг мэддэггүй гэсэн дүгнэлтийг АНУ-ын Геологийн албаны эрдэмтэд шинэ судалгаандаа үндэслэн хийжээ. Тэд Калифорни муж улсын нутаг дэвсгэрээр дамжин Номхон далайн эргийг дайран өнгөрдөг Сан-Андреас хагаралын дагуух газар хөдлөлийн загварыг гаргасан байна. Ойрын 30 жил тэнд газар 6.5 болон түүнээс дээш хүчтэй хөдөлнө.

Айсуй гамшгийн тухай хүн амд урьдчилан анхааруулбал цаг хожно. Гэвч калифорничуудад чичирхийллээс илүү мэдээлэл өгөх боломж одоогоор алга. “Чичирхийллийг л мэдээлэхээс биш, газар хүчтэй хөдлөхийг бид мэдэх боломжгүй. Бага зэргийн чичирхийллүүд тэгсхийгээд намжих нь олонтоо байдаг” гэж судалгаанд оролцогчдын нэг Сара Минсон ВВС-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Газар хөдлөхийг урьдчилан анхааруулах системийг Мексик болон Японд олон жил ашиглаж буй. Өдгөө түүнтэй төстэй “Shake alert” системийг Хойд Америкийн баруун эрэгт бүтээж байна.

Газар хөдлөлт дэлхийн царцаст үүссэн гэмтэл хийгээд тектоник хавтангийн хил дагуух хавиралтын улмаас үүсдэг. “Гэхдээ хөдөлгөөн хагарлын нийт уртын дагуу үүсдэггүй. Харин голомтоосоо эхлээд цаас урагддаг шиг хагарлын бусад уртын дагуу үргэлжилдэг” гэж судалгаанд оролцоогүй, газар хөдлөлт судлаач Люси Жонс ярьжээ.

Хүч нь хоёр шаттайгаар тархдаг. Газар хөдлөлтийн эхний долгион маш хүчтэй байна. Хоёр дахь нь арай сул давлагаа үүсэж, газар дайвалзах маягаар хүмүүст мэдрэгддэг.

Газар хөдлөлтийн физикийн тухай ойлголт байдаггүй нь байгалийн энэ гамшигт мэдрэмтгий бүх улсад урьдчилан анхааруулах цогц систем өнөө болтол байхгүй байгаа шалтгаануудын нэг аж. Калифорни, Японд хүмүүс тектоник хагаралтай зэрэгцэн аж төрж буй учир анхааруулга секунд тутам үнэтэй. Энэ хоёр бүс нутагт хамгийн түргэн томьёоллоор газар хөдлөлийн хүчийг тодорхойлж, түгшүүрийн дохио өгч байна.

Нөгөө талаар, Мексикийн нийслэл нь тектоник хавтангийн хамгийн ойрын түлхэлцлээс 300 км зайтай оршдог. Энэ нь геологичдод анхааруулгыг арай илүү хугацаагаар өгөх боломж олгодог. Хоёр дахь чичиргээ таван баллаас давбал Мехикод түгшүүрийн дохио хангинадаг.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард SASMEX гэдэг урьдчилан анхааруулах систем нэг сард хоёр дахь удаагаа газар хөдлөхийг мэдэрч амжаагүй. Ер нь бол систем доод тал нь нэг минутын өмнө анхааруулга өгдөг. Энэ удаа 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт хотод ердийнхөөс хамаагүй ойр эхэлжээ.

Түгшүүрийн дуутай бараг л зэрэг газар хөдөлж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ ирээдүйд сэрэмжлүүлгийг 8-10 секундийн өмнө өгөх боломжтой, SAS­MEX-ийн шинэ хувилбарыг туршсан аж.

2011 онд газар 9.0 баллын хүчтэй хөдөлсний дараа урьдчилан мэдээлэх системээ сайжруулах талаар япончууд ч ажиллаж байгаа. Доктор Митсүюки Хошибагийн боловсруулсан PLUM систем нь ирээдүйд газар хөдлөхийн өмнө дуугардаг түгшүүрийн дохиог цөөрүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)