Байгалийн “алдааг” БИД ЗАСАХ ҮҮРЭГТЭЙ

Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүрт ширхэг будаа тогтоохтой эн тэнцүү аз. Нийгмийн хатуу жишигт зохицон амьдрахад үүнээс ч илүү “аз” хэрэгтэй. Өөрсдөөсөө өөр бүхэн рүү татагдах, аль эсвэл үзэн ядах гэсэн хоёрхон сонголт байгаа мэт. “Амьдралынх нь түүхийг мэдэх хүнийг үзэн ядаж чаддаггүй” гэж хэн нэгэн хэлсэн байдаг юм билээ. Бид өөрсдийн амьдралд тохиолдож байсан, байгаа уй гашуу, хүнд хэцүүд живэн живэн, бусдыг мартдаг. Хүн бүр л өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн үнэнтэй, өөрийн гэсэн зовлонтой. Тиймээс хэн нэгнийг шүүн, шинжихээсээ өмнө түүхийг нь сонсоорой. Юм бүхэнд шалтгаан бий.

Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд огтлолцол гэж үгүй, энэ хоёр эрс тэсийн бэлгэ тэмдэг гэдэг ойлголт ташаа юм. Үнэн хэрэгтээ бид бие физиологийн хувьд маш адилхан, тиймээс ч жирэмслэлтийн эхний саруудад урагт хүйсийн ялгаа байдаггүй. Хоёр хүйсийг ялгадаг эрхтэн бүр адилхан эсээс бий болдогт учир байгаа юм. Жишээлбэл, үтрээний уруул даавар ихтэй үед урган, эр бэлэг эрхтний хуухнаг болдог бол умай нь дутуу ургасан шодой юм байна. Өөрөөр хэлбэл, тулгуур гэж тодорхойлогддог, ХХ хромсомтой эм хүйсийн эрхтнүүд биологийн өөрчлөлтөд орж, эр бие бий болдог гэсэн үг. Эр хүйсийн хувьд ХУ хромсомтой, У нь эр генийг агуулдаг учраас дээр дурдсан өөрчлөлтүүдийг идэвхжүүлдэг. У хромсом байгаа эсэхээс шалтгаалан хүүхдийн хүйс тодорхойлогддог. Уг хромсом биед орж ирснээр дааврын ялгарал огцом ихэсдэг юм байна.

Байгаль эх алдаа гаргадаггүй гэдэг эндүүрэл. Ойролцоогоор эрүүл мэндийн 24 нөхцөл байдлаас болж хүний хүйс хоёрдмол, аль эсвэл мэдэгдэхгүй байх боломжтой. Эдгээр шалтгааныг disorders of sexual development буюу бэлгийн хөгжлийн эмгэг гэж нэрлэдэг. 4000-5000 эмэгтэй тутмын нэг нь сав, умайн хүзүү, аль эсвэл үтрээний дээд хэсэггүй төрдөг нь үүний нэг жишээ юм. Мөн шинэ төрсөн 600 эрэгтэй хүүхэд бүрийн нэг нь ХУ биш, ХХУ хромсомтой байдаг юм байна. Илүү Х-тэй эрчүүд хангалттай даавар үйлдвэрлэж чаддаггүйгээс гадна ясны сийрэгжилт, үргүйдэл гэсэн зовлонтой нүүр тулдаг. Нөгөөтэйгүүр зарим эмэгтэй дутуу Х-тэй төрснөөр хүүхэдтэй болж чаддаггүй аж. Харахад дотор гаднаасаа эрэгтэй юм шиг мөртлөө умайтай байх ч тохиолдол байдаг гэнэ. Ерөнхийдөө Лондон, Нью-Йорк гэх мэт хүн ам ихтэй хотод ойролцоогоор 10.000-аад эрэгтэй ямар нэгэн бэлгийн хөгжлийн эмгэгтэй төрдөг нь хэр түгээмэл тохиолдол вэ гэдгийг харуулж байна.


Бэлгийн хөгжлийн эмгэгийн хамгийн ховор илрэл нь эрэгтэй, эмэгтэй шинж холимог төрсөн хүүхдүүд байдаг. Үүний жишээ нь нэг өндгөвч, нэг төмсөгтэй хүн буюу эрэгтэй, эмэгтэй бэлэг эрхтний аль алинтай нь юм уу, холимог эрхтэнтэй төрөх магадлалтай. Холимог гэдэг нь шодой болтол ургаж чадаагүй умайг хэлнэ. Умай гэхэд дэндүү том, шодой гэхэд дэндүү жижиг учраас хүүхдийг өлгийдөж авсан аав ээж, эмч нар түүнийг аль хүйсэнд харьяалуулахыг мэддэггүй. Энэ тохиолдолд хүүхдийн хүйсийг тогтоохын тулд ХХ, ХУ хромсомын аль нь вэ гэдгийг тодорхойлж өндгөвч, төмсөгний аль нь байгааг хардаг. Мөн үйлдвэрлэж байгаа дааврыг нь шинжиж, хэвлийд нь сав байгаа эсэхээс шалтгаалан, том болсных нь дараа бэлэг эрхтэн нь ямар дүр төрхтэй болохыг таах оролдлого хийдэг. Харамсалтай нь, эдгээр шинжилгээний хариу нь голдуу тодорхойгүй гардаг. Дээр дурдсан шиг төмсөг, өндгөвчний аль алинтай нь төрөх тохиолдол ч бий. овоол

Хүүхдэдээ аль хүйсийг оноохоо эцэг эх нь хэрхэн шийдэх вэ. Тэдний өр зүрхний шаналлыг бид тааж мэдэх аргагүй. Хүү гээд шийдтэл охин байх ёстой байсан бол яана. Том болоод ухаан санаа нь “би эмэгтэй” гэж “хашгирна”. Шийдлээ гэхэд хэдхэн сартай хумсын чинээ үр нь хэдэн арван хагалгаанд орж байж аль нэг хүйстэнд харьяалагдана. Тэглээ гээд тэд хэзээ ч нийгмийн ойлголтоор “бүрэн” эмэгтэй юм уу, эрэгтэй болж чадахгүй. Гаднах үзэмжийн хувьд ч, бие физиологийн хувьд ч нэг л “өөр” байна. Өвчин шаналлаа хэлж мэдэхгүй, зогсооч гэж орилж чадахгүй насандаа олон арван хагалгаанд орсон хүмүүсийн ихэнх нь хэзээ ч бэлгийн харилцаанаас бүрэн таашаал авч чаддаггүй. Мэдрэх чадвартай эд эсийнх нь ихэнх хувийг гаргуунд гаргадаг юм.

Үр хүүхэд нь ухаан орж, шийдвэр гаргах чадвартай болохыг нь хүлээх боломжийг нийгэм өгдөггүй. Та биднээс болж зүрх зүсэм энэ хэцүү шийдвэрийг дэндүү эрт гаргахад хүрдэг. Хүүхдээ нийгмээс гадуурхагдаж, тарчлагдсан амьдралаар битгий амьдраасай гэсэндээ тэр шүү дээ. Том болсон хойно буруу шийдвэр гаргасан гэж ээж аавыгаа буруутгах үезөндөө тохиолддог гэнэ лээ.

Манин гэж бидний нүд үзүүрлэдэг хүмүүсийн түүх энэ буй за. Тэд гермафродит гэсэн нийтлэг нэр доор амьдардаг. Тэд бидний л нэгэн адил байгалийн “бүтээгдэхүүн”. Хүн ээж аавыгаа сонгодоггүй шиг бэлгийн хөгжлийн эмгэгтэй төрөх хүсэлтэй хорвоод ирдэггүй нь ойлгомжтой. Өргөст тор шиг нийгмийн хатуу шалгуурыг хүн бүр даван гардаггүй. Хайр энэрлээр бус, уур хилэнгээр зүрхийг нь дүүргэх нийгэм тэднийг харгис хүн болгодог атлаа эргүүлээд тэднийг гоочилно. Гэхдээ бурхан чамд дааж чадах ачааг чинь л өгдөг гэдэг шиг өргөст нийгэмд шархалсан ч хатуурч “тав тогтох”-ын оронд уян зөөлөн үлдсэн хүмүүс байгалийн алдаа бус, бэлэг ч байж болох юм.

Манай улсад бэлгийн хөгжлийн эмгэгтэй төрсөн хэдэн хүн байдгийг мэдэх гэж эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд рүү хандаад бид амжилт олсонгүй. Энэ тухай ярилцахад хэцүү ч төрөлхийн гажигтай хүүхдүүд гэж бүгдийг нь нэгтгээд хаяж болохгүй шүү дээ. Жилд 1200-1500 төрөлхийн гажигтай хүүхэд төрдөгт хоол боловсруулах, түнх, зүрхний эмгэг зонхилдог аж. Харин үлдсэн нь тоо хэмжээгээрээ их биш учраас “бусад” гэсэн харьяаллын сүүдэрт үлдэнэ. “Бусдын” дуу хоолой болсноор нийгэм, бид өөрсдөө эрүүлжиж, илааршина.

Балдоржийн НАНДИНТҮШИГ, НОМИНТҮШИГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)