Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын чадвар, ажлын үр дүн зэргээс хамаарсан цалин, урамшууллын тогтолцоог бий болгоно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 36 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Боловсролын талаарх баримтлах бодлого"-д “...боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах нөхцөл орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-д "Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ" гэж, 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “3.3.11.Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно.” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл болсон гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.

Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Гэвч одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж буй багшийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ нь багш хүн өөрөө хөгжих таатай боломжийг төдийлөн бүрдүүлээгүй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөрөө үнэлүүлэх зохистой системийг бүрдүүлж чадахгүй байгаа юм байна.

Иймд дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн  боловсролын багц хуулийн үндсэн зарчим, Багшийн хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зарим нэр томьёог оновчтой болгох, багшийн оролцоо, хувь хүний хөгжил болон боловсролын хөгжил, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх заалтууд уг хуулийн төсөлд тусгагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)