Багш, эмч нар орон нутгийн нэмэгдлээ алдахаас эмээж байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлж, олон нийтийн оролцоог хангахын тулд орон нутагт бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санал авахаар УИХ-ын Тамгын газраас томилогдсон долоо дахь баг наймдугаар сарын 14–27-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж байгаа билээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр /наймдугаар сарын 24/ Орхон аймагт ажлаа эхэлсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, Улсын Их Хурлын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан Б.Гандулам, Г.Нарантуяа, С.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.

Үдээс өмнө Орхон аймгийн Жаргалант сумын Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд, гурван багийн Засаг дарга нар зэрэг 30 орчим хүн оролцлоо.Төсөл хэлэлцүүлэгч баг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд багцалсан зургаансэдвийг тэдэнд дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Харин үдээс хойш сумын Соёл-мэдээллийн төвд болсон нийт иргэдийн хэлэлцүүлэгт 150 орчим хүн оролцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ.  Энэ хэлэлцүүлэгт мөн Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир оролцсон бөгөөд тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хэсгийг ахалж байгаа  юм.

Тус сумын хэмжээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахиа хэлэлцэж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатар үг хэлэхдээ “Монголын өнөөгийн нийгэм Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеийнхээс нийгэм, эдийн засаг, улстөрийн хувьд ихээхэн өөрчлөгдсөнөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, улстөрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай чиглэлээр нийгмийн хөгжлийн шаардлагаар урган гарсан зургаан сэдвийн хүрээнд өөрчлөлт оруулж буй”-г тайлбарлалаа.

Үүний дараа Улсын Их Хурлын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах удаа дараагийн санаачилга хэрхэн гарч байсан, эдгээр өөрчлөлт ямар үе шат дамжин хянан боловсруулагдаж ирснийг танилцуулав. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд нэг удаа, 1940, 1960 оны хуулиудад тус бүр 16 удаа, харин 1992 оны Үндсэн хуульд мөн нэг удаа, нийт дөрвөн Үндсэн хуульд 34 удаа өөрчлөлт оруулж байжээ. Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онд Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан бөгөөд өнөөгийн байдлаар УИХ-ын Тамгын газар долоон төсөл хүргүүлээд байгааг тэрбээр дурдсан юм.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “...эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төр бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ  асууж байж шийдвэрлэнэ” хэмээн тусгасан байдаг. Мөн Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 9-нд баталсан бөгөөд уг хуульд зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан байна. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар иргэдийн түүнд итгэх итгэл, Үндсэн хуулийн хууль ёсны байдал улам нэмэгдэх учиртай аж.  

Иймд Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтээр хэлэлцүүлж байгаагүй, ялангуяа 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийнхээ оролцоог хангаагүйгээс олон нийтийн нэрлэснээр “дордуулсан долоон өөрчлөлт” болсон байна. Ийнхүү үе үеийн парламент дамжин яригдаж, олон удаагийн тандалт судалгаа хийсний эцэст хоёр үе шаттайгаар зохион байгуулсан Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад Орхон аймгаас 30 гаруй хүн оролцсоныг Э.Түвшинжаргал дарга яриандаа тэмдэглэсэн юм.

Иргэдийн хамгийн гол санаа зовж байсан зүйл бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсноор аймгийн статусаас хотод шилжвэл эмч, багш, цагдаа зэрэг төрийн ажилтнуудад 3-5 жилд олгодог нэмэгдлүүд байхгүй болно гэдэг асуудал байв. Ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Бямбасүрэн энэ талаар  эмзэглэж байгаагаа илэрхийлэхэд Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир багш нартай холбоотой асуудал дээр тэдэнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд “Ирэх есдүгээр сард багш нар таван жилийн нэмэгдлээ авах ёстой. Эрдэнэт урьдын адил хотын статустай болж, Жаргалант болон  багууд хороо болно, тэгэхээр энэ нэмэгдэл байхгүй болох ч саяхан багш нарын нийгмийн баталгааг хангах, орлогыг нь бууруулахгүй байхад анхаарч, хуулинд тодорхой заалт оруулсан тул одоо авч байгаа нэмэгдлийг нь өөр заалтаар оруулж өгнө” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)