Багш, шавийн дуэль тэнцээгээр өндөрлөв

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр болсон Европын хөлбөмбөгийн хамгийн онцгой тулаан нь “Лидс”, “Манчестер сити”-гийнх байлаа. Тодруулбал, хоёр багийн дасгалжуулагчдын намтар бүхний сонирхлыг татсан юм.

Өдгөө Х.Гвардьола хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн амжилттай дасгалжуулагчдын нэг бол М.Бьелса XXI зуунд хоёрхон цом хүртсэн нь 2004 оны олимпын наадмын алтан медаль болон өнгөрсөн жилийн Английн чемпионшип дивизионы түрүү юм.

Гэвч дасгалжуулагчийн мэргэжлээр ажиллахаар зэхэж байсан П.Гвардьола 14 жилийн өмнө М.Бьелсагаас “номын дуу” сонсохоор Аргентинд очжээ. “Аль-Ахлы” багт хамт тоглож байсан Г.Батистута түүнийг Марселотой уулзахыг зөвлөсөн аж. Росарио хотоос холгүй орших М.Бьелсагийн ранчод тэд 11 цагийн турш ярилцаж суухдаа дасгалжуулагчийн ажлын нарийн ширийн, хөлбөмбөгийг үзэх үзэл, тактик, статистикийн талаар санаа бодлоо хуваалцаж, маргалдаж, энэ зуураа мах шарж иджээ.

“Чи хөлбөмбөгийн бүхий л муу муухайг өөрөө харсан хүн. Худалч амьтдыг нь ч мэднэ. Хөлбөмбөгт эргэн ирэхийг яагаад хүсэж байгаа юм бэ? Чамд цус тийм их таалагддаг хэрэг үү?” гэж М.Бьелса асуусан байна.

“Надад хөлбөмбөгийн цус хэрэгтэй” хэмээн П.Гвардьола хариулсан аж.

Ярианы оргил хэсэгт Пеп, Марсело хоёр төгс тоглолттой баг ямархуу байх талаар хөнджээ. Энэ талаарх бодол санаагаа хэн хэндээ ойлгуулахын тулд тэд ранчод байсан сандал, ширээг хүртэл нааш цааш нь хөдөлгөн ярилцаж байсан гэдэг. Заримдаа тэр хоёр статистик үзүүлэлтээр пиг чихсэн М.Бьелсагийн компьютерийг ашиглан яриагаа “амттай” болгож байв. Чухам эл ярианы дараа өөрийнх нь хүсэж буй хөлбөмбөг ямар байх ёстой талаарх санаа нь төрсөн гэж Пеп хожим өгүүлжээ. Тэр бол байнгын прессингтэй хөлбөмбөг.

Гэвч тэр өдөр Пепийн ухаарсан хамгийн чухал зүйл нь хөлбөмбөгтэй холбоогүй байсан юм. М.Бьелса өөрийн амжилт, бүтэлгүйтэл, тэр бүхэн амьдралын замд нь хэрхэн нөлөөлсөн талаар түүнд сургамж хайрласан аж.

“Намайг улам сайн болгосон амьдралын мөчүүд минь бүтэлгүйтэлтэй салшгүй холбоотой. Харин намайг сул болгож байсан үе минь амжилттай холбоотой байсан юм. Амжилт хүний шинж чанарыг өөрчилж, бидний эгог тэжээж, биднийг сул дорой болгодог, биднээр хатуу нааддаг юм. Амжилт биднийг улам муу хүн болгож хувиргадаг. Харин бүтэлгүйтэл, алдаа биднийг бүтээж, тэсвэр хатуужил суулгаж, өөртөө итгэх итгэлийг минь авчирдаг. Биднийг гуйвшгүй болгодог юм” хэмээн М.Бьелса өгүүлсэн аж.

П.Гвардьола маргааш өглөө нь зочид буудалдаа ирээд нэгэн найздаа “Хөлбөмбөгийн талаар хэнээс ч илүү мэдэх хүнтэй уулзах шиг боллоо” гэж мессеж бичсэн гэдэг.

Ингээд Пеп Каталонд буцаж ирээд “Барселона”-гийн залуучуудын багийн дасгалжуулагч болсон. Дараа нь үндсэн багийг удирдах болсон бөгөөд түүнээс хойшхийг нь спорт сонирхогчид сайн мэдэх билээ.

М.Бьелса, П.Гвардьола нар өрсөлдөгчийн хувиар хоорондоо дөрвөн удаа таарчээ. Марсело нэгд нь ч ялаагүй аж. Гэхдээ 2011 онд болсон эхний тоглолтод Л.Месси эцсийн мөчид гоол оруулснаар “Барселона” “Атлетико”-той 2:2-ын харьцаатай тэнцэж байв. Тоглолтын дараа Пеп сэтгэл тун хангалуунаар “Энэ тоглолт жинхэнэ хөлбөмбөгийн дуулал байлаа” гэж өгүүлсэн.

Дараа нь М.Бьелсагийн “Атлетико” Испанийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд 0:2-оор, Испанийн цомын финалд 0:3-аар тус тус хожигджээ. Харин өнгөрсөн бямба гарагт хөлбөмбөгийн хоёр сод ухаантан хоорондоо дөрөв дэх удаагаа тулж, багууд нь 1:1-ийн харьцаатай тэнцсэн юм. Харин улирлын эхлэлийг харьцуулвал багш нь шавиасаа илүү амжилттай явна. Доод лигээс орж ирсэн “Лийдс” улирал эхэлснээс хойш хоёр ялж, “Ливерпуль”-д хожигдож, “Сити”-тэй оноо хуваасан нь үнэхээр бахархам үзүүлэлт мөн. Харин Пепийн баг улирлыг тааруухан эхлүүлж, ердөө дөрвөн оноотой 11 дүгээр байрт бичигдэж байна.

П.Гвардьола “Лийдс”-тэй тоглохоос өмнө М.Бьелсагийн талаар “Би түүнтэй тэр бүр уулзаад байдаггүй. Гэхдээ түүнтэй ярилцах аз завшаан олдох бүрт их баярладаг. Марсело бол хөлбөмбөгийн ертөнцөд магадгүй миний хамгийн их хүндэлдэг хүн. Дасгалжуулагчийн хувьд ч, хүний хувьд ч. Өөр хэн ч түүнд дөхөж очихгүй. Дасгалжуулагчийн үнэ цэн хэдэн цомтойгоос нь огт шалтгаалахгүй. Миний багууд олон цом хүртсэн ч тоглолтыг ойлгох болон өөр бусад зүйл дээр би Бьелсагаас хол хоцорсон” хэмээн өгүүлсэн юм.

Бэлтгэсэн: Э.Манлайбаатар 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)