Багш, оюутан нэрээр халхавчилсан Нигерийн хар тамхины наймаачдыг шүүж эхэллээ

Монгол Улсад мансууруулах бодис оруулж ирж борлуулдаг Африкийн хар тамхины мафийн гишүүн болох Нигерийн иргэд болон тэднээс хар тамхи авч залууст борлуулдаг байсан эмэгтэйд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж эхэллээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эр, Изичукву Чиома Фавор нарыг баривчлан, эд мөрийн баримт 500-гаад сая төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодисыг нь хураан авч байсан билээ. Тэд манай улсад “Ап лайн” гадаад хэлний сургалтын төв, “Тольт” сургууль, “Рояал” академийн багш, Монголын үндэсний их сургууль (МҮИС)-ийн оюутан халхавчаар амьдарч байсан бөгөөд шалгалтын явцад манай улсын иргэн Ариунзул гэх эмэгтэй Анози Парлингтон Доноос мансууруулах бодис авч борлуулдаг байсан хэмээн буруутгагдан шүүхээр гэм буруутай, эсэхээ тогтоолгохоор болоод буй. 

Нигери иргэд “мөс”-өө Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй Монголыг чиглэсэн хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан гэдэг. Тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Уг нь энэ хэргийг өнгөрсөн долоо хоногт тус шүүх хэлэлцэхээр товлосон ч шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгч нар нь “Төрийн банк”-ны захирлуудад холбогдох хэргийн хуралд оролцсон учраас хойшлуулсан билээ.

Нигерийн иргэдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр 10.00 цагт эхэлсэн бөгөөд сонины дугаар шилжих мөчид завсарлаагүй байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)