Багш нарын ур чадвар сургалтын хөтөлбөрийн хурдыг гүйцэхгүй байна

Бүү эмзэглээрэй. Шинэ зууны боловсролын зорилго, чиг хандлагыг багш нарын хуучин цагийн заах арга барил тодорхойлж, чиглүүлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, багш нар сургалтын хөтөлбөрүүдийн дагуу суралцах үйл ажиллагааг зохион байгуулахдаа тогтсон, нэгэн хэвийн арга барилаа тавихгүй “зөрүүдэлсээр” эцэст нь шавь нартаа гологдох болсон нь маргахгүй үнэн. Тэдний “ачаар” сургалтын хөтөлбөрүүдийг өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн хэрэгжүүлж байсангүй. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг “яс барьж” хичээлээ заадаг, бусдын хүүхдийн төлөө амьдралаа зориулж яваа багш олон байх л даа. Гэхдээ шинэчлэлийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хэрнээ ажлаасаа ч “ховхордоггүй”, хоцрогдсон арга барилтай багш нарыг шүүмжлэхгүй байхын арга алга. Өчнөөн жилийн өмнө барьж байсан сургалтын дэвтрээ өнөөгийн багачуудад уншиж, цээжлүүлдэг багш одоо ч байдаг гэхээр харамсалтай, бас ичмээр биз.

Эрдэмтэн, судлаачид боловсролын салбарын хөгжлийг ихэвчлэн 1990 оноос хойш тодорхойлж, ярих “дуртай”. Эл хугацаанд төр, засгаас ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн олонтоо өөрчилсөн. 1998-2014 онд гэхэд уг баримт бичгийг дөрвөн жил тутамд шинэчилснийг тэмдэглэх нь зүйтэй. Алдаа, оноо байсан уу гэвэл тийм. Гэхдээ сургалтын хөтөлбөрийн хурд шинэ зууны хэрэгцээг хангахгүй байгаа гол шалтгааны нэг нь багш нарын ур чадвар хангалтгүйтэй холбоотойг олон судалгаа харуулж байна.

Дэлхийн олон улс танхимын сургалтыг эн тэргүүнд тавихаа больж, зайныхыг чухалчлах болсон. Тэр хэрээр зарим улсад багшийн орон тоо, идэвх буурч, тэднийг тоон технологиор “орлуулж”, хөрөнгө, хүний нөөцийг хэмнэх бодлого баримталж эхэлжээ. Тэгвэл дэлхийн хөгжил “тэнгэрт” тулсан ч багш хэзээ ч хоцрогдохгүй гэдэг үзэлтэй нь ч дээрхээс олон юм. Тодруулбал, багшийн мэдлэг, ур чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэхийг боловсролын бодлогынхоо тэргүүнд “залж”, суралцах үйл ажиллагаанд сурган хүмүүжүүлэгчдийн үүргийг онцгой байхаар хуульчилсан улс цөөнгүй аж. Үүний нэг нь Финланд. Тус улсад багш нарыг өндөр түвшинд бэлддэг учраас нэр хүнд нь ч хамгийн өндөр байдаг гэнэ. Ерөнхий боловсролын түвшинд математик, унших бичиг, байгалийн шинжлэх ухааны мэдлэгээрээ финланд сурагчид дэлхийд тэргүүлдэг юм байна. Нууц нь ердөө энгийн. Багш нар нь ажлын байрандаа өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж, төр, засгаас нь дэмждэг. Тэднийг ажиллуулах шалгуур ч өндөр юм билээ. Наанадаж магистрын зэрэгтэй хүнийг багшлуулдаг. Сонгон шалгаруулалтад хамгийн сайн өрсөлдсөн нь л ажилтай болдог. Түүнчлэн төрийн өмчийн сургуулиудын багш нар нь сургалтын агуулга, заах аргын өндөр мэдлэгтэй, бүгд шахам шинжээч гэдгээр нь олон улсад сайн туршлага болгон ярьдаг.

Манайд ч бүх шатанд боловсрол олгох үйл явцыг багшгүйгээр төсөөлөх аргагүй. Одоохондоо аль нэг салбараа техник, технологиор “зодож”, хөгжүүлэх боломж бидэнд үгүй. Тиймээс ядаж боловсролоо сууриас нь өндийлгөе гэвэл багш нарыг чадавхжуулах асуудлыг нэн тэргүүнд тавих нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, сурган хүмүүжүүлэгчдийн хуучны, уйтгартай арга барилыг халж, хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулахгүй бол чанартай, төгс хөтөлбөр боловсруулаад ямар ч нэмэргүй гэсэн үг.

Эдүгээ мөрдөж буй Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг өмнө нь “цөм” хэмээж байсан. 2014 оноос хойш хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн гол зорилго нь “Багш төвтэй тогтолцооноос сурагч төвтэй сургалтад шилжих”. Гэвч боловсролын салбарт 20, 30 жил ажилласан багш нар хүртэл сургалтын хөтөлбөрөө одоо болтол нэгбүрчлэн мөрдөхгүй, баримтлахгүй байгаагаа өөрсдөө ч хэлдэг. Зарим агуулга, төлөвлөгөөг нь хэрэгжүүлж ч чаддаггүй. Эл шалтгаанаа тэд сургалтын шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэх талаар зааж сургаагүйтэй холбон тайлбарладаг. Нэг талаар энэ нь арга ч үгүй юм. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлээд таван жил өнгөрсний дараа буюу 2019 онд л багш нарыг сургалтад анх удаа өргөн хүрээгээр хамруулсан гээд бод. БШУЯ-ныхан ч тухайн үед үүнийгээ бахархан ярьж “Үндэсний хэмжээнд 550 сургагч багш бэлдлээ. Тэд салбарын 40 мянга гаруй багшид сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой сурсан, мэдсэнээ танилцуулах тул цаашид асуудал гарахгүй” хэмээн сурталчилсан. Энэ нь төдийлөн үр дүнд хүрээгүй.

Харин ч орчин цагт багш нарыг тасралтгүй сургах, тэдний хэрэгцээ улам өссөөр байхад салбарын яамныхан сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиож, хэвлүүлснийхээ дараа сая нэг багш нараас санал авдаг. Хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс өмнө бус, мөрдөж эхэлснийхээ дараа тэднийг сургаж, мэргэшүүлдэг нь хачирхалтай. Ийм урвуу тогтолцоотой улс дэлхийд манайхаас өөр байхгүй л болов уу. Сурган хүмүүжүүлэгчдийн өөрсдийгөө хөгжүүлэх, сурах хүсэл, сонирхлыг нэг талаар ачаалал, авдаг цалин, урамшуулал нь “боомилдог” биз ээ. Гэсэн ч энэ мэргэжлийг сонгосон л бол төрийн ажлыг тарамдуулах эрх багшид байхгүй.

Мянганы болон Тогтвортой хөгжлийн зорилт, үзэл баримтлалын талаар сайд, дарга нар, хууль боловсруулагчид эрүүгээ чилтэл ярьдаг. Зорилт бол ирээдүйгээ томоор харж, өөрчлөх төлөвлөгөө боловсруулсан стратегийн чухал баримт бичиг юм. Харин манайд энэ нь ирэх 10, 20 жилийнхээ мөрөөдлийг бичдэг “цаас” болж хувирсан. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл эрх баригчдын амласан Мянганы хөгжлийн зорилтууд бүгд шахам биелээгүй. Үүнийг энд дурдах болсон нь учиртай.

НҮБ-аас 2015 онд “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийг баталсны дараа жил нь манай улс ийм үзэл баримтлалтай болсон. Уг хөтөлбөрийн IV зорилтод улс орнуудыг иргэддээ тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, бүх нийтийг насан туршдаа суралцах боломжоор хангахыг “хуульчилсан”. Үүнийг хангаж, биелүүлэхийн тулд Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайланг эхний ээлжид гаргасныг албаныхан хэлсэн. Уг судалгааг өнгөрсөн онд боловсруулж, хэвлүүлсэн бөгөөд боловсролын салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад чухал баримт болжээ.

Боловсролын суурь мэдээллийн тайланд дурдсанаар, Монголын боловсролыг 2006-2015, 2016-2021 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод багш нарыг хөгжүүлэх стратегийг тусгасан аж. Тухайлбал, багшийн ачааллыг тэнцүүлэх, боловсон хүчин бэлдэх тогтолцоог шинэчлэх, ажлын байранд мэргэжил дээшлүүлэхийг дэмжих, мэргэжил, арга зүй, ур чадварыг нь ахиулах шинэ стандарт боловсруулах шаардлагатайг онцолжээ. Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд багш нарыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журам боловсруулан, сургалт, хурал зохион байгуулж, суурь шинэчлэл хийсэн хэмээн албаныхан тайлбарласан байна.

Дэлхий нийтэд бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрийг олон төрөл, аргаар боловсруулж хөгжүүлсээр. Манай ерөнхий боловсролын сургалтын хуучин хөтөлбөрүүд дийлэнхдээ судлагдахуун, онолд суурилсан. Харин одоо мөрдөж буй нь тухайн шинжлэх ухааны агуулгыг бус, эцсийн үр дүн болох хүүхдийн чадварыг томьёолсноороо арай дээр болсон гэдэг. Энэ нь XXI зууны боловсролын зайлшгүй мөрдөх ёстой хүүхэд төвтэй сургалтын нэг арга барил юм. Гэвч багш нарын цөөнгүй нь нөгөөх л онолын мэдлэгт суурилсан хичээл, даалгавраар хүүхдүүдийг “бөмбөгдөж”, ур чадварыг бус, цээжилсэн мэдлэгийг шалгаж, үнэлсэн хэвээр.

Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй нийт багшийн 36 хувь нь 30-39, 35.5 хувь нь 40-59 насных гэдгийг Боловсролын суурь мэдээллийн тайланд дурджээ. Гурван багш тутмын нэг нь 40-ээс дээш настай, 13.2 хувь нь магистр, 0.1 хувь нь л доктор зэрэгтэй байна. Олон улсын жишгээр багшлахад дэндүү гологдохоор боловсролтой цөөнгүй хүн Монголд насаараа ажиллаж, нийгмийг соён гэгээрүүлж, хүүхдүүдийг хүмүүжүүлдэг гэхээр харамсалтай. Багшлах эрх олгох шалгуур нь дэндүү “намхан”, мэргэжил дээшлүүлдэг институтийг нь эрх баригчид олон удаа татан буулгасан. Эдгээрээс болж манайд чадвартай боловсон хүчин бэлдэх үйл ажиллагаа үе үе тасалдаж иржээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуульд нэг, тав, 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарыг мэргэшүүлэх үндсэн сургалтын зардлыг төсвөөс жил бүр танасаар байгаа аж.

Энэ байдлаараа бид “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийн IV зорилтыг хэрэгжүүлэх нь юу л бол. Ирэх арван жилд боловсролын салбарт зарцуулах төсөв гурав дахин нэмэгдэж, ажиллах багшийн тоо 50 мянгыг давна гэсэн таамаг бий. Үүнийг бодолцон боловсон хүчин бэлдэхгүй бол ирээдүйд нэг багшид ногдох хүүхдийн тоо өнөөгийн түвшинтэй ижил байхыг судлаачид анхааруулсан. Мөн мэдлэг, ур чадвартай, өсөх ирээдүйтэй, мэргэжилдээ эзэн болсон “жинхэнэ” багш л дэлхийн иргэнийг бүтээнэ гэснийг дурдах нь зүйтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)