Багийн спортыг шинэ шатанд гаргасан “Үндэсний лиг”

Сагсан бөмбөгийн 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн плэй-офф үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн, сонирхолтой тоглолтоор дүүрэн үргэлжилж байна. Өмнө нь “Үндэсний цом” байсан тус тэмцээн 2017 онд цар хүрээгээ тэлж, лиг болон зохиогдож байгаа нь энэ. “Үндэсний лиг”-т 12 аймгийн тамирчид хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс плэй-оффын зүүн бүсэд Эрдэнэт, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай, баруун бүсэд Архангай, Ховд, Хөвсгөл, Баянхонгор аймгийн сагсчид шалгарсан юм.

Аваргын цом өргөхийн төлөө өрсөлдөж буй найман баг Эрдэнэт, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт аялан тоглосноороо энэ тэмцээн онцлогтой. Монголд багийн спортын төрлөөр лигийн олон тэмцээн болдог ч ингэж орон нутагт зохиож, спорт сонирхогчдыг баярлуулж байсан нь үгүй.

Багууд нэг хотоос нөгөө рүү аялан тоглож, хөгжөөн дэмжигчдээ баярлуулдаг нь мэргэжлийн лигийн жишиг. NBA-гийн багууд бусад багийнхаа харьяалагддаг хотод зочлон тоглож, хожил, хожигдлын торгон мөчөө хөгжөөн дэмжигчтэйгээ хуваалцдагийг бид цэнхэр дэлгэцээр л хардаг.

Харин “Үндэсний лиг” хасагдах шатны зарим тоглолтоо хөдөө орон нутагт хийж, аймгийнханд өөр өөрсдийн дэмждэг багийнхаа тоглолтыг дэргэдээс нь үзэх боломж олгосон нь Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ шатанд гаргасан алхам байлаа. Манай сагсан бөмбөгийн багууд спортод элэгтэй хувь хүн, томоохон байгууллага, компанийн дэмжлэгээр л тэмцээнд оролцдог.

Өнөөх байгууллага, хувь хүн нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй болбол тухайн баг тарахаас өөр аргагүй байдалд ордог нь гашуун үнэн. Хэрэв аймгууд тогтмол сагсан бөмбөгийн шигшээ багтай байж, лигийн тэмцээнд оролцдог болчихвол тамирчдын амжилт, ур чадвар илүү хурдан ахих нь мэдээж.

“Үндэсний лиг”-т урлаг, спортын одод төрж өссөн аймгийнхаа багт тоглож буй нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байна. Өчигдөр хоёр тоглолт болсноос Хөвсгөл аймгийн “Хөвсгөл нэг үе” баг Ховдын “Ховд алтайн аргаль”-ийг 102:97, Сүхбаатар аймгийн баг Сүхбаатарын сагсчдыг 106:105-аар тус тус хожлоо. Одоогоор лигийг Эрдэнэтийн залуус ганц ч хожигдоогүй амжилтаар тэргүүлж байна.

Мөн “Үндэсний лиг”-ийн хүрээнд зохиож буй Бүх оддын тоглолт Спортын төв ордонд өнөөдөр эхэллээ.

Хөгжөөн дэмжигчдийн үзэх хамгийн дуртай эл тоглолтын баруун бүсийг төлөөлж Ховд аймгаас улсын харцага Н.Батзаяа, “Люмино” хамтлагийн дуучин Бажи, Хөвсгөлөөс дуучин Найдандорж, Увсаас улсын аварга С.Мөнхбат, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Завханаас улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, дуучин Жавхлантөгс, Архангайгаас улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Б.Амарзаяа, Баянхонгороос улсын начин Ж.Чулуунбат тэргүүтэй алдартан оролцох бол зүүн бүсийнхэн Эрдэнэтээс жүжигчин Батзаяа, Өвөрхангайгаас улсын арслан Д.Ганхуяг, ОУХМ Д.Төмөрхүлэг, Дундговиос гавьяат тамирчин С.Мияарагчаа, улсын начин Даш, жүжигчин Ууганбаяр, Төв аймгаас гавьяат тамирчин Г.Мандахнаран нарыг бүрэлдэхүүндээ нэгтгэжээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх Бүх оддын тоглолтын үеэр “Үндэсний лиг”-ийн шигшээ, АНУ, БНАСАУ-ын легионеруудын тоглолт болон цагарган дээрээс довтлох, холын зайнаас шидэх тэмцээн болно. Холын зайнаас шидэх тэмцээнд БНАСАУ-аас Ким Чоль Мёнг, Ким Чон Ил, Чой Рю Ри, АНУ-аас Б.Моррис, А.Браун нар манай Э.Цэвэлдорж, Ц.Азбаяр, Б.Батзолбоо тэргүүтэй шилдэгтэй өрсөлдөнө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)