Бага насны хүүхэд хүчирхийлсэн хүнд цаазын ял оноох тухай хуулийн төслийг боловсруулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр Төрийн ордонд “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Манай улсын нийт хүн амын 36,2 хувийг хүүхэд эзэлдэг. Энэ оны эхний 11 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төвд 160137 дуудлага иржээ. Үүнээс дийлэнх хувийг зөвлөгөө мэдээлэл хүссэн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлсэн байна. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн төрсөн эцэг, эх 88 хувь, хойд эцэг, эх 10 хувь, үл таних этгээд 2 хувь байгаа. Иймд хүүхдийг аливаа хүчирхийллээс ангид байлгахад гэр бүлийн орчин хамгийн чухал байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир танилцууллаа.

Шинэчлэгдсэн Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд 14-16 хүртэл насны хүн уг хуулийн тусгай ангид заасан 12 төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр тусгасан байдаг. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ялаар шийтгэгдэх өсвөр насны хүүхдийн тоо хоёр дахин багассан байна. 2018 онд 127 өсвөр насны хүүхэд хорих ялаар шийтгүүлснээс дийлэнх нь хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Өсвөр насны хоригдлын гэмт хэрэг үйлдэх болсон гол шалтгаан нөхцлийг судалж үзэхэд эцэг эхийн хараа хяналтгүй байдал, сурч боловсрох эрхээр хязгаарлагдсан, хагас бүтэн өнчин, хойт эцэг эхийн дарамтад орсон, нийгмийн ядуурал, ажилгүйдэл зэрэг болох нь тогтоогдсон байна. Хорих ялаар шийтгүүлсэн ч өсвөр насны хоригдлыг ерөнхий боловсролын сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад хамруулдаг ч нийгэмшүүлэх, тэднийг эерэгээр хүлээж авах орчин нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ дутагдалтай байдгийг ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамир хэлсэн. 2018 оны байдлаар тус байгууллагын дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургуульд 69 хүүхэд суралцсан байна. Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад ял эдэлж байсан өсвөр насны 6 хоригдол өгснөөс 4 нь улсын болон хувийн их дээд сургуульд 50-100 хувийг тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа аж.

Харин хүүхэд, өсвөр насныхны дунд хоол боловсруулах тогтолцоо, шээс бэлгийн тогтолцоо, арьс ба арьсан доорх эслэгийн өвчлөлүүд тэргүүлэх болжээ. 0-19 насны хүүхдүүдийн нас баралтад гэмтэл, хордлого, гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын өвчлөл зонхилсон хэвээр байна. Эрүүл мэндийн яамнаас 2016 онд хийсэн судалгаагаар 20 хүртэлх насны охидын үр хөндөлт нэмэгдэж, аймгуудын ихэнх нь улсын дундажаас дээгүүр, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар нэмэгдэх хандлагатай байна гэсэн үзүүлэлт гарчээ. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй, сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлууд нэмэгдэж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд А, Д аминдэмийн дутагдал, шүдний цоорол харанга дэлдэж байгаа бол 14-18 насныхны дунд архи, тамхины хэрэглээ огцом ихэссэн байна. Энэ насандаа хүүхдүүд ганцаардал, бухимдал, нойргүйдэлд өртөж, амиа хорлох тухай бодож төлөвлөх хандлагатай болж байгааг Дэлхийн сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаагаар тогтоосон байна. Иймд ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйчдийг ажиллуулах, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах шаардлага үүсч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Хүүхдийг олдмол хөгжлийн бэрхшээлтэй болгож, нас баралтын тоог нэмэгдүүлж байгаа нэг хүчин зүйл нь зам тээврийн осол юм. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгт нийт 361481 хүүхэд байдгаас 59 хувь нь буюу 213996 нь бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцдог. Зам тээврийн осолд дийлэнхдээ 8-14 насныхан өртдөг бөгөөд 2016 онд 50, 2017 онд 56, 2018 оны эхний 10 сарын байдлаар 36 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Хүүхдийг аюулгүй орчинд байлгахад сургуулийн гадна орчны тохижилт хамгийн чухал бөгөөд 2017 онд 16 сургуулийн гадна талбайг 850 сая орчим төгрөгөөр засаж тохижуулсан байна. Түүнчлэн хүүхэд хохирсон гэмт хэргийн 68,3 хувь нь гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж, жилд дундажаар 1500-2000 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Үүнээс хүүхэд хохирсон гэмт хэргийн 62 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ. Улсын хэмжээнд 2000 гаруй хяналтын камер байдаг нь хангалтгүй бөгөөд хүүхэд төдийгүй иргэдийг гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалахад камержуулалт хамгийн чухал болохыг ЦЕГ-ын Урьдчилаг сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хүүхэд хамгаалагч”, “Өсвөрийн сэргийлэгч” төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон үндэсний контентуудыг бэлтгэн хүүхдийг аливаа гэмт халдлагаас хамгаалах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж хоёр удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг хийж, эхнээсээ үр дүнгээ өгч байна. Үүний нэг жишээ нь хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг дахин байгуулсан. Мөн Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хүүхэд хамгаалагч” төслийг эхлүүлээд байна. Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан олон нийтийн шаардлага, эсэргүүцэл маш өндөр байна. 2017 онд 0-7 насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн сэтгэл сэртхийлгэм, аймшигт хэргүүд нийгмийг цочроож байна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлох явдал өссөн. Иргэд дорвитой арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлгээс олон чухал санаа гарлаа. Бүгд нэгдсэн нэг ойлголттой болж, нэг зүг рүү харж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно” хэмээн онцлов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)