Бага насныханд тулгардаг тик эмгэг

Нэг танилын минь 12 настай хүүхэд саяхан эмнэлэгт хэвтэв. Толгой нь хүчтэй өвдсөн учраас ЭХЭМҮТ-д ханджээ. Эмч нар шинж тэмдгийн дагуу хэд хэдэн шинжилгээ хийлгээд, дүүргийнхээ эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэхийг ээжид нь зөвлөсөн гэсэн. Эмч нарын хэлснээр бүх шинжилгээг хийлгэж, харьяаллын дагуух эмнэлэгтээ очиход хүүхдийг нь тик эмгэг туссан гэж оношилжээ. Иргэн У “Тик гэж өвчин байдгийг тэгэхэд л мэдсэн. Эмч нараас уг эмгэгийн талаар тодруулахад олон шалтгаан хэллээ. Ерөнхийдөө мэдрэлийн архаг ядаргаа гэж ойлгосон. Оюуны хэт их ачаалалтай байх, тархины даралт, мэдрэлийн суурь өвчин, амьдралын буруу дадалтай холбоотойгоор үүсдэг юм байна. Манай хүүхэд олон жилийн өмнөөс нүдээ цавчиж, хумсаа мэрдэг зуршилтай болсон. Түүнийг нь өвчин гэж мэдэлгүй, гайгүй болчих биз гээд тоохгүй явсан. Сургуульд оруулахаас өмнө үсгийг нь нүдлүүлж, тоолж сургасан. Уншиж, бичиж сурсан хүүхдэд багш нар хөтөлбөрөөс давсан хичээл хийлгэж, даалгавраар шахдаг юм билээ.

Ингээд хүүхдээ II ангид байхад нь бид гадаад явж, таван жил шахам болоод эх орондоо ирсэн. Энэ хугацаанд хүүхдээ сургуульд явуулан, гадаад хэл сургаж, үеийн найзууд, багш нартайгаа чөлөөтэй харилцдаг болсон.

Энэ бүх ачаалал, биднийг ажилтай хойгуур гэртээ ганцаараа үлдэж, зурагт, компьютероос салдаггүй байсан зэрэг нь өвчнийг улам даамжруулсан байх” гэлээ.

Олон улсад булчин татваганах өвчнийг тик гэх бөгөөд манайх эл нэршлийг нь ашиглаж иржээ. Бүх насныхан өвчилдөг ч сүүлийн жилүүдэд хүүхдүүд тикт түлхүү өртөх болсон гэнэ. Биеийн аль нэг хэсгийг, тэр дундаа нүүр, толгой, хүзүүний булчин өөрийн мэдэлгүй ижил давтамжтайгаар түргэн түргэн агшихыг булчин татваганах буюу тик эмгэг хэмээдэг аж. Тодруулбал, голдуу 3-12 насныхан өртдөг юм байна. Судлаачдын хэлснээр, энэ насныхны 1000 хүүхэд тутмын 52-т нь тикийн шинж тэмдэг илэрч байгаа нь өндөр үзүүлэлт бөгөөд эцэг, эхчүүд, эмч нар анхаарч, санаа тавих асуудал ийнхүү нэгээр нэмэгджээ.

Эл эмгэгийг хөдөлгөөний буюу дуу авианы, түр зуурын болон архаг гэж ангилдаг юм байна. Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д тик эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн олонх нь 6-12 настай гэнэ. Ийм шалтгаантай 12-оос дээш насныхан ч цөөнгүй эмчлүүлдэг болж. Тодруулбал, СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлэгсдийн 15-20 хувийг тиктэй хүүхэд эзлэх болжээ.

Л.ЦЭРЭНДОЛГОР: БУЛЧИН ТАТВАГАНАХ ЭМГЭГТЭЙ ХҮҮХДИЙГ ЗАГНАЖ ОГТ БОЛОХГҮЙ

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Хүүхдэд тохиолддог тик эмгэг юунаас шалтгаалж үүсдэг юм бол?

-Шалтгааныг нь хараахан тодорхойлоогүй ч тархинд явагддаг химийн бодисуудын үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үүсдэг гэсэн нийтлэг тайлбар бий. Тикийн хөдөлгөөн хүүхэд бүрт харилцан адилгүй ч ядрах, стресстэх, сэтгэл санаа тогтворгүй болох, түгших үед ихсэх хандлагатай байдаг. 6-7 настай хүүхдүүд өвчлөх нь элбэг. Энэ насны хүүхдүүд сургуульд орж, шинэ орчинд дасан зохицох хэрэгтэй болдог. Тоглож наадах нь хумигдаж, удаан хугацаагаар суун, хичээллэх, өмнөхөөсөө илүү оюуны ачаалал даах, хариуцлагад суралцах зэргээр амьдралынх нь бас нэг шилжилтийн үе тохиодог шүү дээ. Тиймээс сэтгэл санаа нь тогтворгүйтэн, түгшиж, стресстсэнээр тик эмгэгт өртдөг.

-Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Булчин татваганах эмгэгийн үед нүдээ цавчлах, духаа атируулах, нүүр, хамраа үрчийлгэх, хөмсгөө үе үе зангидах, тагнай таших, уруулаа хөхөх, хазлах, мөрөө хавчих, шүдээ ярзайлгах, хий ханиах, нусаа татах, хоолойгоо засах, сонин сонин дуу, авиа гаргах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн өөрийн мэдэлгүй зохимжгүй, хараалын үг хэлэх, хүний хэлснийг давтах, толгойгоо байн байн сэгсрэх, харайж, цовхрох, өөрийгөө цохих нь ч бий. Тиймээс хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт цаг алдалгүй хандаж, эмийн болон сэтгэл заслын эмчилгээг хийлгэх шаардлагатай. Эмчилгээг эрт эхлүүлэх тусам үр дүнтэй.

-Дэлгэцийн дон болон сэтгэц, мэдрэлийн бусад өвчнөөс юугаараа ялгаатай вэ?

-Сэтгэцийн бусад эмгэгээс шинж тэмдгээрээ ялгарна. Хүүхэд булчин татваганаж байгааг өөрөө мэдэрч, түүнээсээ ичиж, санаа зовон, салах оролдлого хийдэг ч оюун санаанаас нь үл хамаардаг тул больж чаддаггүй. Шинж тэмдгүүд аяндаа арилдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд албаар булчингаа татвагануулдаггүй гэсэн үг. Сүүлийн үед бага насныхны дэлгэцийн зохисгүй хэрэглээ тик эмгэг үүсэхэд нөлөөлж байгаа нь ажиглагдсан.

-Урхаг, хүндрэл байх уу?

-14 хоногоос 12 сар хүртэлх хугацаагаар үргэлжлэхийг түр зуурын тик гэж үздэг. Эрт эмчлүүлж, зөв дадал хэвшүүлээгүйгээс, хүүхдийнхээ сэтгэл зүйн хямралыг даван туулахад туслаагүйгээс энэ нь архаг хэлбэрт шилждэг. Ховор тохиолдолд насанд хүрсэн хойно шинж тэмдэг сэдрэх нь бий. Иргэд тик эмгэгийн талаар төдийлөн ойлголтгүй. Тиймээс зарим эцэг, эх тухайн шинж тэмдгийг хүүхэд нь өөрөө үүсгээд байгаа мэт боддог учраас болиулахыг, тэвчихийг шаарддаг. Энэ нь хүүхдэд улам дарамт болж, өвчнийг даамжруулдаг. Хүүхэд булчингаа удирдаж, болиулж чадахгүй байгаагаас урам нь хугарч, сэтгэлээр унан, санаа зовниж, сэтгэл түгших нь бүр нэмэгддэг. Улмаар эдгээр шинж тэмдгээс гадна айдастай, ааш зан, үйлдэл нь түрэмгий болж ч мэднэ.

-Уг өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юу анхаарах вэ?

-Булчин татваганах эмгэг нэгэнт үүссэн бол хүүхдийг загнаж огт болохгүй. Дээр хэлсэнчлэн боль, болохгүй, битгий гэж загнах тусам өвчнийг улам хүндрүүлнэ. Тиймээс харсан ч анзаараагүй юм шиг байгаарай. Нэн тэргүүнд тикийг бууруулдаг хүчин зүйлсийг олж мэдэх хэрэгтэй. Тухайлбал, амраах, дасгал, хөдөлгөөн хийлгэх анхаарал нь ямар нэгэн зүйлд төвлөрөхөд тикийн давтамж буурч байвал тэрхүү хүчин зүйлс, орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Мөн хаана, ямар орчинд, сэтгэл хөдлөлийн үед тикийн давтамж ихсэж байгааг анзаарч, тийм нөхцөлд оруулахаас сэргийлээрэй. Хүүхэд өвчний шинж тэмдгээс ичдэг учраас олон хүний анхаарлаас аль болох холдуулах, эмгэгийнх нь талаар ярихгүй байх нь үр дүнтэй. Түүнчлэн хүүхэдтэйгээ хамт тайвшруулах дасгал хийх, сайн унтуулах, тоглуулж, баясгах зэргээр эерэг уур амьсгал бүрдүүлэх нь чухал. Мөн урлаг, спортоор хичээллүүлэн, сонирхлыг нь дэмжих, цэвэр агаарт гаргаж, ууланд алхах гэм мэт стресс тайлах аргад сургах хэрэгтэй. Зурагт, компьютер, гар утсаар тоглох цагийг хязгаарлах нь өвчнөөс сэргийлэхэд тустай гэж ярилаа.

Тик эмгэг 14 хоногоос 12 сар үргэлжилбэл зовуурь, шинж тэмдгийг 5-7 хоног эмчлээд бүрэн арилгах боломжгүй гэнэ. Тиймээс зохих аминдэмийг зааврын дагуу нэмэлтээр уулгах, Л.Цэрэндолгор эмчийн зөвлөсөн аргуудыг хэрэгжүүлэхдээ багш, эцэг, эхчүүд хамтарснаар хүүхдээ айдас, түгшүүрээс нь ангижруулах бүрэн боломжтой аж. Уг өвчний шалтгааныг тогтоогоогүй ч тархины эмгэг, гэмтэл, менингитийн дараа, угаарын хордлого, сэтгэцэд нөлөөт эмийн гажиг, “цагаан хорхойтох”, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын ургацаг, ханиад, томуу, нүдний өвчний үед идэвхжих хандлагатайг судлаачид илрүүлжээ. Ихэнхдээ тикийн шинж тэмдэг нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд хэт хөдөлгөөнтөх хам шинж, анхаарал төвлөрөхөө болих зэргээр бие даасан өвчин болж ужгирч, зовуурь нэмэгддэг байна. Гэтэл насанд хүрэгсдийн цөөнгүй нь “Хүүхэд стресстэнэ гэж юу байдаг юм” гэсэн буруу хандлагатай байдгийг эмч нар хэлсэн.

Тик нь эрэгтэй хүүхдэд түлхүү тохиолддог байна. 2013 оны тавдугаар сард олон улсад хэвлэгдсэн Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, статистикийн гарын авлагын тавдугаар дэвтэр (DSM-5)-т тикийг Турет (Tourette)-ийн хам шинж буюу мэдрэлийн эсийн хөгжлийн эмгэгт хамаатуулсныг зарлажээ. Энэ төрлийн хам шинж нь ихэвчлэн ген, хромосомын гажгаас үүдэлтэй аж. Тикийн шалтгааныг тодорхой болон тодорхойгүй, түр зуурын, архаг гэж ангилдгийг гадаадын эрүүл мэнд, шинжлэх ухааны сэтгүүлүүдэд дурдсан байна. Эрдэмтэн, судлаачид уг эмгэгийн үед хүлээх нь цорын ганц эмчилгээ байж ч мэднэ гэжээ. Дэлхийд 7-12 насны таван хүүхэд тутмын нэгт тикийн хөдөлгөөн, шинж тэмдэг ямар нэг байдлаар илэрдэг байна. Шилжилтээс үүссэн тик эмгэг дор хаяж дөрвөн долоо хоног, архаг нь ихдээ л 12 сар үргэлжилдэг бөгөөд дунджаар 90 хоногийн тууштай эмчилгээ хийдэг. Харин манайд уг эмгэг олон жилээр үргэлжлэх нь цөөнгүй бөгөөд эмнэлэгт олон хоног хэвтүүлэх боломж хомс байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)