Багахангайд алт олборлохыг зогсооно

Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаа байдлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн Нийслэлийн удирдлагуудад танилцуулсан байна.

 Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Өндөртолгойн тахилгатай овооны баруун урд хэсэгт хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж нуранги үүсгэсэн байна. Тус дүүрэгт хууль бусаар алт олборлох зорилгоор өдөрт дунджаар 25-30 орчим хүн цугларч байгаа аж. Дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 тоот захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулж, нөхөн сэргээх зөвшөөрлөөр иргэдээс цугларсан 10,2 сая төгрөгийг дүүргийн хот тохижилтын алба ОНӨААТҮГ, Илч-Орд НӨҮГ-т шилжүүлж, энэ сараас нөхөн сэргээлт эхлэх гэрээ байгуулжээ. Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр дээрх газрын алтны нөөцийг тогтоолгохоор Ашигт малтмалын газарт хандсан байна. Энэхүү хууль бусаар олборлолт хийж буй үйл ажиллагааг бүрэн зогсоож, хуульд нийцүүлэн нөхөн сэргээлт хийх, нөөц тогтоолгох, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)