Баатар "шөнийн шуламсууд"

75 жилийн өмнө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт сүйрлүүдийн нэг болох дэлхийн II дайн төгсгөл болжээ. 61 орныг хамарч, 2195 хоног үргэлжилсэн энэ дайнд ойролцоогоор 54 сая хүн үхсэн гэсэн статистик тоо бий. Эл тоо жилээс жилд нэмэгдсээр байдаг. Аймшигт сүйрэл, уй гашуу, үхэл хагацал авчирсан энэ аймшигт дайны хуудаснууд шарлан өнөөдөр бидэнд түүх болон л үлджээ. Гэхдээ хэзээ ч мартагдахгүй агуу түүх, агуу ялалт юм.

1941 оны зургадугаар сарын 22. Фашистын Герман эх орон руу нь дайрсан тухай мэдээг тэр үеийн Зөвлөлтийн ард түмэн 22-ны өдрийн 14 цагийн үед мэджээ. Тэр өдрийнхөө 16 цаг гэхэд ЗХУ-ын муж, хот, тосгодын цэргийн комендатурын үүдэнд сайн дураараа фронтод явах хүсэлтэй хүмүүсийн уртаас урт дараалал бий болсон гэдэг. Тэр дараалалд эр бие гүйцсэн залуус, насанд хүрээгүй хөвгүүд, өвгөчүүд байхаас гадна маш олон тооны охид бүсгүйчүүд зогсож байсан нь олны гайхшрал бас бахархлыг төрүүлж байлаа. 1939 онд ЗХУ-ын Дээд Зөвлөл ээлжит хуралдаанаараа анагаахын, тусгай техникийн, биеийн тамирын мэргэжилтэй эмэгтэйчүүдийг армид авах эрхийг Ардын Батлан Хамгаалах Хороо олгох тухай хууль баталсан байдаг. Энэ хуулийн дагуу цэргийн комендатур эх орныхоо төлөө байлдах хүсэлтэй эмэгтэйчүүдийн өргөдлийг авах үүрэгтэй байлаа. 

“Намайг Сокольникийн дүүргийн намын хороонд очиход батганыг хошуу багтах зайгүй байлаа. Тэр олон хүмүүсийн дунд надтай адил охид олон харагдсан. Харин тэдний фронтод явах хүсэл эрмэлзлийг хүлээж аваагүй бололтой бүртгэлийн өрөөнөөс уйлсаар гарч ирнэ. Тэдний араас цэргийн комиссар хэд дахиа гарч ирэн орилсоор байгаад сөөчихсөн хоолойгоор охид бүсгүйчүүдийг хөөх байв” гэж ахмад дайчин ЗХУ-ын баатар нисгэгч Надежда Попова дуртгалдаа бичжээ.

Дайны жилүүдэд фронтод 800 гаруй мянган эмэгтэйчүүд тулалдаж байсан гэсэн тоо баримт байдаг. Тэд мэргэн буудчид, нисэгчид, пулемётчид, тагнуулчид, сувилагчид байв. Энэ үеэр анх удаа ЗХУ-ын Зэвсэгт хүчинд эмэгтэйчүүдийн цэргийн нэгтгэл бий болсон аж. Эмэгтэйчүүдийн мэргэн буучдын тусгай бригад, эмэгтэйчүүдийн усан цэргийн тусгай салаа, бүхэл бүтэн гурван нисэх хороо хүртэл байгуулагджээ. Энэ дундаас хамгийн их дуулиан тарьж, дайсны айдсыг төрүүлсэн нь 46 –р гвардийн нисэх хороо ажээ. Хорооны баг бүрэлдэхүүн нисгэгчдээс авахуулаад техникийн ажилтан хүртлээ бүгд 17-24 насны эмэгтэйчүүд байлаа.

Н.Поповагийн дуртгалаас

“Москвад эмэгтэйчүүдийн нисэх анги бүрдүүлж байгаа сургаар би нийслэл хот руу зүтгэлээ. Аравдугаар ангиа төгсөөд нисэхийн сургуулийг дүүргэсэн намайг фронтод аваач гэсэн хүсэлтийг минь олон удаа буцаасан болохоор бас л хөөгдөөд гарах юм биш байгаа даа хэмээн эмээж байтал “Надежда Попова долоо хоногийн дараа явахад бэлэн байгаарай” гэсэн хариу сонсоод дайны эхний өдрүүдэд Минскийн орчим тулаанд амь үрэгдсэн ахынхаа өшөөг авах цаг ашгүй нэг ирлээ гэж баярлаж билээ. Тэгэхэд би 20 дөнгөж хүрч байлаа”

Шөнийн шуламсууд

Шилэгдсэн охид бүсгүйчүүдийг Саратов мужийн Энгельс хотод нисэхийн сургалтад явуулжээ. Дайнаас өмнө нисэгч болохын тулд гурван жил суралцдаг байсан бол эдгээр бүсгүйчүүдэд ердөө зургаан сарын л хугацаа өгч. 1942 оны тавдугаар сарын 27-нд 46-р хороо 115 хүний бүрэлдэхүүнтэй фронтод ирээд, зургадугаар сарын 12 гэхэд анхныхаа байлдааны даалгаварт гарсан байна. Нисэгч охид У-2 гэдэг жижигхэн сургалтын онгоцоор нисдэг байв. Ямар ч төмөр хуяггүй, зузаан фанераар хийсэн эл онгоцыг богинохон хугацаанд зөвхөн бөмбөгдөх зориулалттай болгон зарим эд ангийг өөрчилсөн аж. Онгорхой кабинтай, ердөө 300-400 кг жин дааж, 400-500 метрийн өндөрт нисэж, цагт 120 км хурдлах хүчин чадалтай эл онгоцыг бараг том калибрын буугаар оноод унагаж болох ч охид өөрсдийн хөлөгтөө дуртай байлаа. Хөнгөн, маневр сайтай, гол нь дуу багатай У-2 онгоцоо тэд “тэнгэрээр чимээгүй явагч” гэж нэрлэжээ. Онгоц бага жин даадаг тул нисгэгч охид илүү нэгч болов  бөмбөгтэй нисэхийн тулд шүхэр хүртэл авдаггүй байв. Биеэ хамгаалах зориулалттай ТТ маркийн гар буунаас өөр зүйл тэдэнд байдаггүй аж. Байлдааны даалгавраас онгоцны далавч нь салбархай цаас шиг болон ирэх нь цөөнгүй байвч техник охид дор нь нөхөөд тавьчихдаг байж “Дайны үеийн У-2 онгоцны далавч нөхөөстэй хөнжил шиг харагддаг байж билээ” гэж ахмад дайчид дурсан инээлдэг аж. Онгорхой кабинтай тул өвөл хөдөлж чадахгүй болтлоо даарч бээрсэн нисгэгчид арай гэж казармдаа эргэж ирдэг байв. Тэднийг дулаацаж бусад охид кабинаас нь дамжлан гаргадаг байлаа. Тиймээс 46-р хорооны бүх нисгэгч бүсгүйчүүд улаан хацартайн учир энэ аж.

Энэ бяцхан онгоц турьхан нисгэгч хүүхнүүдийн хамт дайснуудад маш их хохирол учруулдаж байжээ. Дайны эхний жилүүдэд Германы нисэх хүчнийхэн У-2 онгоцыг “оросын техникийн ололт “русфанер” (орос фанер)” гэж шоолдог байсан бол 46-р хороог фронтод ирснээс хойш дайсны штабад “оросын агаарын мухар шумуулын хүчин” гэдэг нэр томъё гарч ирэх болсон аж. (мухар шумуул гэж аминд аюултай жижигхэн нисдэг шавьжийг хэлнэ). “Тэр онгоцнууд бидний фронтын амьдралыг үнэхээр там болгож байсан. Бид окопондоо ч, зуухандаа ч том, жижиг ялгаагүй ямар ч гал түлэх боломжгүй байв. Хэрэв гал гаргах л юм бол тэр дороо У-2 гарч ирээд биднийг бөмбөгдөж орхино. Харин жолооны ард хүүхнүүд суудгийг мэдээд тэднийг “шөнийн шуламсууд” гэж нэрлэх болсон юм” хэмээн вермахтын ахмад дайчин дурссан байдаг. У-2 ердөө 400-500 метрийн өндөрт нисдэг тул бүсгүйчүүд дандаа шөнийн цагаар даалгаварт гардаг байж. Тиймээс “шөнийн” гэсэн тодотгол авсан ийн учиртай. У-2-г өдөр калибраар онож буудахад амархан байдаг бол дуу багтай, хэтэрхий доогуур тэгээд маневр сайтай эл онгоцыг шөнө дөлөөр устгахад бараг боломжгүй байжээ. Нисэгч охид шөнөдөө 8-9 удаа даалгаварт гаран нисдэг байлаа. Их давшилтын үеэр түүнээс ч их нислэг хийдэг байж.

Н.Поповагийн дуртгалаас:

“Варшавын төлөөх тулааны үеэр би шөнөдөө 16 байлдааны нислэг хийж байлаа. Үүрээр дуусаад казармдаа эргэж ирэхдээ кабинаасаа ч гарах тэнхэлгүй тэндээ нам унтаад өгдөгсөн”

Баатарлаг үйлс нисгэгчдээс төдийгүй техникийн ажилчин бүсгүйчүүдээс ч гарч байлаа. Тэд суманд оногдож цоорсон онгоцнуудыг нөхөөд зогсохгүй, асар хүнд бөмбөгнүүдийг онгоцны далавчнаас зүүдэг байв. Дайсны амьд хүчийг бөмбөгдөх даалгавар авсан тохиолдол 25 кг жинтэй бөмбөгийг зүүдэг бол стратегийн чухал объектууд дээрээс 100 кг жинтэй бөмбөг унагадаг байж. Энэ их хүнд жинг турьхан биетэй хоёрхон бүсгүй гүйцэтгэдэг байлаа. Өвлийн хүйтэнд энэ ажлыг бээлийтэй хийхэд хүндрэлтэй тул техникч охид нүцгэн гараараа ажилдаг байв. Арьс нь хүйтэн төмөрт наалдан улаан нялга гартай л явдаг байж.

Н.Поповагийн дуртгалаас:

“Би ус уух тавилантай хүн гэж өөрийгөө боддог. Новороссийск орчим манай онгоц дайсны гэрэлд оногдон, суман мөндөрт цохиулсан юм. Казармдаа ирээд хартал дайсны миномет хөөрхий онгоцыг маань шанаган шүүр шиг болгочихсон байсан.Том жижиг 42 сумны нүх гарсан байлаа. Манай техникч охид 10 цагийн дотор онгоцыг маань байлдааны бэлэн байдалд эргээд оруулсан юм даа ”

ЗХУ-ын баатар нисгэгч Надежда Попова нөхөр ЗХУ-ын баатар нисгэгч Семён Харламовын хамт 

Надежда Попова 1942 оны давдугаар сараас эхлээд дайн дуустал 852 байлдааны нислэг хийжээ. Энэ бол дээд амжилт биш. Түүний дайчин нөхөд болох Антонина Худякова тэнгэрт 926 удаа, Мария Смирнова 950 удаа, Раиса Аронова 960 удаа, Евгения Жигуленко 968 удаа дүүлсэн бол Ирина Сереброва 1004 байлдааны нислэг хийж дээд амжилтыг тогтоосон байна. Фронтод тулалдаж байсан нэг ч эрэгтэй нисгэгч “шөнийн шуламсууд”-ын үзүүлтэд ойртоо ч гүй аж. Хамгийн дээд амжилт үзүүлсэн ЗХУ-ын гурван удаагийн баатрууд Иван Кожедуб, Александр Покрышкин нар гэхэд л 330, 650 нислэг тус тус хийсэн байдаг. “Шөнийн шуламсууд” Кавказ, Крым, Белорусси,Польшийн чөлөөлөх тулалдаанд оролцож нийт 23,5 мянган байлдааны нислэг хийж, 3 сая кг бөмбөг дайснууд дээр хаяжээ. 23 “шөнийн шулам ” ЗХУ-ын баатар болсон байдаг. Уншигч та “Тулалдаанд зөвхөн хууччуул ниснэ” гэдэг киног мэднэ дээ. Эл киноны зөвлөхөөр ЗХУ баатар нисэх хүчний генерал Семен Харламов ажиллажээ. Тэрбээр тэртээх 1944 оны хавар фронтын шугам дээр Надежда Поповатай хэрхэн таницаж, хожим гэрлэсэн тухайгаа тус киноны найруулагч В.Быковт ярьсан гэдэг. Ингээд Евгения Симоновагийн  бүтээсэн Маша, түүний дурлалт залуугийн дүрийг найруулагч Надежда Поповагийн нөхрийн ярианаас сэдэвлэн нэмж оруулжээ. Кино уран бүтээлчид үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөхийн тулд дурлалт хосыг нас бардгаар харуулсан бол амьдрал дээр ЗХУ-ын баатар Надеждаа Попова дайныг эсэн мэнд дуусгаад, нутагтаа эргэж ирсэн аж. Дайн дуусахад тэрбээр 24 настай байжээ. “2013 оны долдугаар сарын 6-нд ЗХУ-ын баатар, гарамгай нисгэгч, гвардийн хошууч ахмад дайчин, хамгийн сүүлийн баатар “шөнийн шулам” Надежда Попова 91 насандаа мөнх бусыг үзүүллээ” гэж Оросын ганцхан мэдээллийн агентлаг уламжилсан байдаг. Хэрэв түүний оронд хэн нэгэн жүжигчин, рок дуучин хар тамхи хэтрүүлснээс болж хамаагүй үхсэн бол бүх л телевизийн сувгууд хэдэн өдөр хашхичиж, сонин сэтгүүлүүд түүнийг ямар их авьяастан байсныг дэврүүлэн бичих байсан биз.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)