“Баатар” Б.Базаррагчаа

Монголын дэлгэцийн урлагт 1985 оноос хойш ажилласан Гавьяат жүжигчин Б.Базаррагчаагийн гэрэл зургийн цомгоор аялъя. Тэрбээр офицер байхдаа “Бид мартахгүй” кинонд тоглосноор уран бүтээлийн гараагаа эхэлж, “Монгол кино” үйлдвэрийн босгыг давсан юм. 1997 онд хилийн дээс алхаж, уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн ч 2014 оноос кинонд дахин тоглож буй. “Бид мартахгүй” киноны Аюуш, “Мандах нарны туяа”-гийн Д.Сүхбаатар, “Ирж яваа цаг”- ийн Готов зэрэг сэтгэлд хоногшсон дүрээр нь үзэгчид түүнийг андахгүй.

Балчир үе

Тэрбээр 10 хүүхэдтэй айлын дундах нь. Зургаан настайдаа хоёр дүүгийн хамт эл зургийг авхуулжээ.

Сурагч нас

Б.Базаррагчаа “Би наймдугаар анги төгсөтлөө нийслэлийн 23 дугаар сургуульд суралцаад, 52 дугаар сургуулийг дүүргэсэн. Энэ зураг есдүгээр ангид орох үеийнх” гэлээ.

“Цагаан дуганы гэгээ” кинонд жанжин Д.Сүхбаатарын дүрийг бүтээв.

Офицер Б.Базаррагчаа

Тэрбээр 1985 он хүртэл Иргэний хамгаалалтын 122 дугаар ангийн офицер байжээ. Тэр жил Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин найруулагчийн “Бид мартахгүй” киноны дүрийн сонгон шалгаруулалтад тэнцсэнээр түүний уран бүтээлийн замнал эхэлсэн юм.

“Цэц магнай” кинонд тоглож байхдаа

“Би их азтай, Х.Дамдин найруулагчийн түүхэн уран бүтээлүүдэд тоглосон. Мөн “Монгол кино” үйлдвэрээс эрийн гурван наадмын “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кино бүтээсэн нь одоо ч үзэгчдийн дуртай уран бүтээл хэвээр. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ж.Бунтар “Цэц магнай” киноныхоо Төмөрсүх мэргэний дүрийг надад оноосон” гэж Б.Базаррагчаа дурсамжаа хуваалцав.

“Ирж яваа цаг” киноны зургийн талбайд

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар найруулагчийн олны хүртээл болгосон “Ирж яваа цаг” киноны Готов түүний тоглосон хоёр дахь дүр аж.

“Мандах нарны туяа” киноны хэсэг

“Жанжны дүрд тоглохоор болж, түүний тухай баримт цуглуулж, “Өглөө” кинонд Д.Сүхбаатарын дүрийг бүтээсэн Ц.Дашнамжил гуайтай уулзаж зөвлөгөө авах гэтэл Х.Дамдин найруулагч “Чи хэнтэй ч битгий уулз. Түүний тухай өөр кино битгий үз. Базаррагчаа яг өөрийнхөөрөө жанжны дүрийг гаргаасай гэж би хүсэж байна. Чи одоохондоо туршлага муутай тул бусдыг дуурайчихаж магадгүй гэж билээ” хэмээн тэрбээр дурссан.

Монгол, Хятадын хамтарсан “Сүүн цагаан өргөө” уран сайхны киног Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин 1990 онд найруулжээ. Тус киноны гол дүрийг Б.Базаррагчаа, Өвөр Монголын жүжигчин Г.Алиа нар бүтээсэн билээ.

Л.Аюуш баатрын дүрд

Б.Базаррагчаа “Д.Дожоодорж гуайн “Аюуш” туужаас сэдэвлэсэн “Бид мартахгүй” киноны гол дүрд тоглох завшаан олдсон нь миний амьдралыг урлаг руу нэгмөсөн эргүүлсэн. Л.Аюуш баатрын дүрд тоглохдоо залуу байсан болоод ч тэр үү, дүрийнхээ тухай нарийн ширийн юм бодоогүй. Киноны гол дүрд тоглоно гээд л хөөрч явлаа. Киноны зургийг авч, нэг мэдэхэд л дуусчихсан. Офицер байсан болохоор цэргийн сэдэвт кинонд тоглоход ойр байсан. Эргээд бодох нь ээ, би тоглох ёстой гол дүрүүдээ бүтээчихсэн юм билээ” хэмээлээ.

1993 он, гэргийтэйгээ хамт

Б.Базаррагчаагийн гэргий С.Сарангэрэл Украины Харьковт жүжигчний мэргэжил эзэмшиж, Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байсан уран бүтээлч. Өдгөө “Сити” дээд сургуульд багшилдаг. Тэд хүү, охинтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)