Баавгай цагаалсан намар

Цагаан идээний үнэрээр гэрийн ханыг ийнхүү цөмлөж оржээ

Цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулна гэсэн үг байдаг даа. Үүнтэй адил хөвчийн эзэн хүрэн баавгай хүнс тэжээл нь хомстохоор шоргоолжинд бариулахгүй ч түүгээр голоо зогоож, хүчилд нь ходоод гэдсээ түлж, бараг л галзуурдаг юм гэсэн. Ийм баавгайг хорхойтсон хэмээдэг, түүнээс хүн, амьтангүй дөлнө. Уг нь шоргоолж мэтээр хооллодог дорой амьтан биш ээ, баавгай. Хөвч, тайгын гүнд ургадаг самар, төрөл бүрийн жимс, жимсгэнэ, мөөг, ургамлын үндэс гээд хүн ч тэр бүр олж идээд байдаггүй тансаг гэмээр хоолтой амьтан. Баавгайтай нүүр тулсан хүн олон байдаггүй. Хөвч, тайгынхаа аль болох гүнд амьдардаг тул хүнс тэжээлийн огтлолцол багатайгаас тэр. “Баавгай таарвал зугтаж болдоггүй юм гэнэ лээ, нүд рүү хараад байвал хүний улаан нүүрээс айдаг гэсэн. Халз тулчихвал улаан суга руу нь бүлдэг. Өөр газар нь бол буудсан ч нэмэргүй” хэмээн ярих. Тэр хүчирхэг араатантай хэн, хэзээ таарч, улаан суга руу нь бүлж, дийлсэн юм бол, бүү мэд. Бас ойд хонох бол цагариглаж унтдаг юм гэнэ лээ гэх.

Баавгай хүнийг шууд барьчихдаггүй, модоор дарж алдаг. Харин цагариглаад унтаж байвал тийм мод хайсаар өглөө болгодог юм байх. Баавгайны тухай багадаа сонссон яриа гэвэл энэ. Гэнэт яагаад баавгайны тухай ярив гэж үү, “саарал жагсаалт”, санхүүгийн луйвар хийхээр Монгол руу олноороо нэвтэрсэн харийнхан, хангүг үйлчлэгчийн өгзөг, АМНАТ-ийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгохоос өмнө өлсөхийн эрхэд айл ухсан баавгай л бидний амны зугааг гаргаж байсан бус уу. Уг нь энэ араатан хөвчийн эзэн. Эзэн олуулаа биш, түүнийг мартаж болохгүйг сануулах гэсэн хэрэг. Мартаасай гэсэн цөөнгүй хүн (тэдний дунд улстөрч, сайд асан нь ч бий) байгаа тул олон нийт өөр сэдэв рүү анхаарч, баавгай моодноос гарах нь гэж баярлаж суугаа тэдэнд хэрэг хуучирдаггүйг сануулах гэсэн билээ.

АВРАЛ ЭРЖ БУЙ ХӨВЧИЙН БОР

Монголд хүрэн баавгайн дөрвөн популяц бий гэх боловч тэд их цөөхүүлээ. Сүүлийн жилүүдэд тоолсон, эсэхийг нь мэдэхгүй. Аль 1986 оны тооллогын дүн л хаа нэг харагдаж, тэднийг 500-гуулаа гэх юм билээ. Түүнээс хойш энэ амьтныг тоолоогүй байх нь. Одоо хэдүүлээ болсныг хэн ч мэдэхгүй. Хил, гаалийнхан, цагдаагийн ажилтнууд хууль бусаар баавгай агнасан, эд, эрхтнийг нь зарж борлуулахаар авч явсан хүмүүсийг байсхийгээд илрүүлдэг. Өнгөрсөн жил баавгайн найман савар, дөрвөн донти зарж борлуулахаар хадгалж байсан хүмүүсийг цагдаагийнхан саатуулсан. Тэгэхээр дөрвөн баавгай хулгайн анчдын суманд өртжээ. Баригдсан нь л энэ болохоос цаана нь ийм хэрэг хэд гарсныг, ашиг хонжоо хайгчдын золиосонд хэд нь үрэгдсэнийг мэдэхгүй. 2-3 жил өнжиж төллөдөг хөвчийн борын тоо толгой дээрхээс хамаагүй цөөн болсон байж ч мэднэ.

Өлсөхийн эрхэнд цагаалж явсан баавгайг иргэд машинаараа хөөж, зургийг нь авч, нийгмийн сүлжээнд тавьсан юм

Баавгай хэрмэл амьдралтай, тодорхой нутаг дэвсгэр эзэмшин тэндээ эзэн суудаггүй. Идэш тэжээл хаана байна тэнд л явж байдаг. Хөвч хангай тэр чигээрээ түүний эзэмшил тул тоолж тогтооход бэрхшээлтэй гэх. Тарга тэвээрэг сайн авч, идэш хоол нь элбэг байх юм бол арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл ичихгүй. Энэ бүхэн нь тааруу бол хуримтлуулсан жаахан өөхөө тэнэж явсаар хайлуулахгүйгээ мэднэ, эртхэн унтаад өгнө. Тарга тэвээрэг аваагүй бол идэш хайж, таарсан болгоныг онгичиж, идэж болох бүхнээр хооллоно. Том том бул чулууг ховх татаж, доор нь байгаа шавж хорхойг хүртэл самардана. Ийм үедээ таарсан ямар ч том амьтныг тасар татдаг юм гэсэн. Ногтмол (нас бие гүйцсэн, хоёр соёо нь хамар дээрээ зөрөх хэмжээнд болтлоо ургасан бодон. Ийм бодонг дийлэх амьтан үгүй гэж анчид ярьдаг) бодонгийн хоншоорыг шүдлэн буюу түүнээс хамаагүй жижиг баавгай тас базаж алчихаад тэврээд явж байхтай нь таарсан гэж ахмад анчин нэгэн ярихыг сонсож л байлаа. Тэр баавгайг хөөж, унагасан бодонг нь дөрвүүлээ өргөөд даагаагүй гэдэг. Тийм л хүчтэй, аймшигтай араатан. Аймшигтай гэснээс баавгай шиг хүчтэй гэж хүмүүс ярьдаг даа. Түүний хүчийг үзэхээр шийдсэн буриад анчин тээр жил ийн өгүүлж билээ.

-Нэг гахай гөрөөлөх зөвшөөрөл авчихаад хөвч рүүгээ орлоо. Ганц зөвшөөрөлдөө гайгүй шиг юм унагачих санаатай, гахайн сүрэг хаагуур байгааг мэдэхээр үе үе явах. Нэг өдөр ууланд явж байтал чулуу унах, мод тас няс хийн хугарах чимээ сонсогддог юм байна. Чимээ гарсан зүг рүү дурандвал нөгөө уулын энгэрийн том хар модны ёроолын хонгилыг баавгай ухаж байх юм. Ичээгээ бэлдэж байгаа нь тэр. Тэгээд яах вэ дээ, арваннэгдүгээр сарын сүүлчээр зөвшөөрлийн ганцыгаа унагахаар хоёр нөхөртэйгөө явж байгаад нөгөө баавгай ичсэн модны доохнуур өнгөрдөг юм байна. Энэ модны ёроолын хонгилд баавгай ичсэн байгаа гээд нөгөө хоёртоо хэлчихгүй юү. Нэг нь “Баавгайн ичээ хэр гүн байдаг, ер нь хэр бөх унтдаг юм бол. Гурвуулаа шалгах уу гээд болдоггүй. Тэгээд дөрөв, таван метр урт шургааг авч, нэг үзүүрээс нь гурвуулаа барьж байгаад ичээ рүү нь оруулаад түлхээд байлаа. Нөгөө шургаагийн бараг тал нь орж байж зөөлөн юманд хүрэв. Хэд хүчтэй ёвортол хүр хийх шиг болоод бид гурвыг модтой юутай нь хамт гурав, дөрвөн метр газар шидчихэж билээ. Гэтэл дунд зэргийн баавгай гараад ирдэг юм байна. Дагуулж явсан хоёр нохойд маань жаахан ээрэгдэж байгаад ичээ рүүгээ орчихсон. Нохойтой яваагүй бол бид гурвыг барих байсан байх.

Бие гүйцэхээрээ 400 илүү кг татдаг амьтнаас ийм зэргийн хүч гаралгүй ч яах вэ. Хөвчийн бор байгаль дээр догшин ч хүнд дасамтгай, амархан гаршдаг гэдэг. Эхээсээ төөрсөн бамбаруушийг олж, үхрийн сүүгээр угжиж байгаад жилийн дараа байгальд нь тавихад явж өгөхгүй эргэж хургасаар байсан төдийгүй гэрийнх нь ойролцоо ирчихээд нохойноос айж, хэдэн өдөр гэрийг тойрч орилсон гэдэг юм. Зэрлэг байгальдаа 20-30 насалдаг бол хүний гарт ирсэн баавгай 40 илүү жил амьдарсан гэхээр урт настай амьтан. Тарвага, чоно арьс, махнаасаа, буга эвэрнээсээ, гахай жирээнээсээ, үнэг үснээсээ болж хулгайн анчдын суманд өртдөг. Харин баавгай савар, донтиноосоо болж олзонд шунагчдын золиос болдог аж. Хөөрхий бамбаруушийг нь орилуулж байгаад эхийг буудах болсон шалтгаан нь бидний мунхаг бурангуй заншилтай холбоотой. Тулгар эх өвдөх, мэндлэх хүүхэд төвдөхөд эвшийн савраар хэвлийг нь маажвал эх, үр хоёр зовлонгүй салдаг гэдэгт одоо болтол итгэсээр яваа ард түмэн шүү дээ, бид. Тиймээс бие биеэсээ баавгайн савар сурна. Эрэлт байгааг мэдсэн хүйтэн сэтгэлтнүүд буугаа аваад ой руу орохоос яах вэ. Худалдан авагч бэлэн байгаа хойно. Хээлтэй эвш ичээндээ унтаж байхдаа “ёо” ч гэлгүй төллөдөг гэнэ. Тиймээс түүнтэй адил бараг унтаагаараа амаржих гэсэн эмэгтэйчүүд, эцэг, эх нь саврын эрэлд гарч, ямар ч үнээр хамаагүй авах зар тараадаг нь хөөрхий эвшийг сумны бай болгодог аж. Хэрмэл борын амийг авч буй бас нэг зүйл нь донти буюу цөс нь. Дорнын уламжлалт анагаах ухааны танд өргөн ашигладаг гэх баавгайн цөсийг авах гэсэн шуналтан өчнөөн. Хил давуулж наймаалах гэсэн нь ч цөөнгүй. Олны үгэнд итгэсэн нэгэн чинээлэг эр хулгайн анчдад их мөнгө амлаж, хамт явж баавгай унагаж л дээ. Тэгээд цөсийг нь авч, шүдэнзний толгойноос томгүй ганцхан дуслыг усаар даруулж уугаад газар дээрээ нас барсан тухай анчид ярьдаг юм. Хөвч, тайгын чимэг болсон ийм нэг сүрлэг амьтан хүмүүсээс аврал эрж буйг нь бид анзаарахгүй байгаа юм биш үү. Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад баавгайг оруулсан ч хулгайн анчдын үйлдлээс үзвэл энэ хамгаалалт нэг их үйлчлэхгүй байгаа бололтой юм.

“ХООЛОО БУЛААЛГАСАН БААВГАЙ ШИГ ӨРӨВДӨЛТЭЙ АМЬТАН ҮГҮЙ”

(Анчны яриа)

-Тээр жил манай нутагт намар баавгай цагаалдаг (идэш тэжээл муутай жил өлссөн баавгай хөвчөөсөө гарч, хоол хайн тэнүүчлэхийг хэлдэг) юм байна. Хорхойтсон баавгай энд тэнд явж байна, мал, амьтан барьчихаж гэнэ гэсэн яриа үе үе сонсогдох боллоо. Тэр намар баавгайн гол идэш болсон самар, жимс бараг ургаагүй шахам. Ургасан жаахныг нь баавгайнаас өрсөөд хүмүүс түүчихэж. Өлсгөлөн амьтан ичдэггүй юм билээ, өвлийн дунд сар хүртэл уул, хадар тэнэсэн дээ. Цас орж, хүйтэрчихээд байхад хүртэл явж харагдсан. Сүүлдээ үхсэн баавгай таарах болов. Өлбөрч, хөлдөж үхсэн нь олон. Цасан дээгүүр явж, тавхайдаа наалдсан цас, мөсийг зулгаасаар байгаад арьсаа хуулчихдаг. Зулгаахгүй бол халтираад явж чаддаггүй юм байна л даа. Нүцгэн тавхайтай амьтан хэр хол явах вэ, тэгээд хэвтэртээ хөлдөж үхдэг юм билээ. Өлсгөлөн баавгай сүүлдээ багыгаа барьж, нэгнийхээ сэг зэмээр өл залгаж байж хавартаа золгосон доо. Хоолоо хүнд булаалгасан баавгай шиг өрөвдөлтэй амьтан би өөр хараагүй.

1980-аад онд Хэнтий, Төв аймгийн зарим нутагт баавгай хорхойтсон тухай өвгөн анчны ярьсан нь энэ.

ХООЛЫГ НЬ БУЛААЖ, ХОРООХ ТУШААЛ

Хуулиар хамгаалсан амьтныхаа амийг хороох шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргасан нь сар шахамын өмнөх явдал. Аялал жуулчлал хөгжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, тоо толгойг нь тэнцвэржүүлэх зорилгоор агнуурын зөвшөөрөл өгдөг нь байдаг л зүйл. Харин “Аминд чинь аюул учруулбал алаарай” гэсэн зөвлөмж, зөвшөөрөл өгсөн нь анхных байж магадгүй. Зөнгөөрөө яваа амьтныг үргээж цочоохгүй, айлгаж, гэмтээхгүй бол хүнд халдах нь бараг үгүй. Албан ёсны тоо, баримтаас үзвэл 1988 онд манай орны Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт баавгайн идэш хоол муу байснаас хорхойтож, хүн, амьтанд халдсан 100 гаруй тохиолдлыг бүртгэжээ. Тэглээ гээд буудаж хороох “ял” ногдуулж байгаагүй юм билээ. Түүнээс хойш баавгай хорхойтох нь харьцангуй бага байсан бололтой юм. Олз хайн ой, хөвчөөр явж байсан ганц хоёр хүн баавгайтай таарч, бариулсан, гэмтсэн хэрэг явдал гарч байсан аж.

Тэгвэл энэ намар Сэлэнгэ, Хэнтий аймагт баавгай хорхойтож, айлын гэр орон сүйтгээд зогсохгүй хоёр ч хүний аминд хүрэв. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойт гэх газарт уурхайн сахиулаар сууж асан айлд халдаж, гэрийн эзнийг хүүгийнх нь хамт барьсан тухай мэдээлэл олныг цочирдуулсан. Хорхойтсон баавгай айлын гэр орон эвдсэн тохиолдол хэд хэд бүртгэгдэв. Тэр бүү хэл нийслэлийн ногоон бүсэд ирсэн мөр, энэ тэр нь байна гэж мэдээлсэн. 1988 оных шиг олноороо хорхойтож, түйвээгээгүй ч олныг болгоомжлоход хүргэлээ. Сүүлийн хоёр, гурван жилд бороо оройтож, зуншлага тааруу байсан. Суурин суудаг хотын бид оройтож ирсэн зуныг ямар ч асуудалгүй, нэг их анзаараагүй өнгөөрсөн. Хөдөөнийхөнд бол ган болсноос ялгаагүй байсан тухай бид сонирхоогүй ч байж мэднэ. Орой ургасан, шим багатай өвс идсэн мал өөхөн тарга авч чадалгүй өвөлтэй золгосон. Хүн, малгүй зутарсан. Энэ байдал зэрлэг амьтдад ч таатай байгаагүй нь мэдээж. Хялганат талын чимэг болсон зээрийн сүрэг хойд хөршийн нутаг руу олноороо нүүв. Хойд, урд хөршийн нутаг руу нүүсэн зээрийн сүрэг бараг эргэж ирдэггүй гэх. Тэнд өвс ногоо сахлаг болоод үлдээд байгаа юм биш. Тогоо тослоод дуусдаг юм байх.

Энэ намар баавгай цагаалж, хүнд халдсаныг идэш тэжээл хомс байсантай холбон тайлбарлаж байна лээ, учир мэдэх хүмүүс. Уржнан жил Сэлэнгэ, Хэнтий аймагт баавгайн голлох хүнс болсон самар боломжийн хэмжээнд ургажээ. Самрын болц арваннэгдүгээр сар гарч байж гүйцдэг, энэ үед модноосоо амархан унадаг юм байна. Гэтэл манай эрх бүхий яамнаас “Энэ жил самрын болц сайн, эрт гүйцэхээр байна” гэсэн болчимгүй мэдээлэл гаргаснаас болж, зөшөөрөлтэй, зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд, иргэд ой руу ханцуй шамлан оржээ. Нэгнээсээ өрсөн, аль болох ахиуг түүх гэсэн хүмүүс хөвчийн гүнд нэвтэрч, хаана л самар байна тэр бүгдийг цөлмөж, түүгээр гол идэшээ хийдэг зэрлэг гахай, баавгай, хэрэмд бараг юу ч үлдээгээгүй гэх. Байдлыг газар дээр нь явж үзсэн нутгийн хүний яриагаар бол самарчид гэх болсон шуналтнууд хушин ойг бараг эргүүлээд хаячихсан байсан гэнэ. Болц нь гүйцээгүй, давирхай нь хатаагүй самрыг нь түүхийн тулд хушийг салбартал нь мунаар балбаж, унагасан, нүцгэн болтол нь мөчрийг нь хугалсныг хараад нүд халтирахаар байсан аж. Хуш мод үр жимсээ дөрвөн жилд нэг удаа өгдөг. Ингэхдээ нэг хэсэг газрын самар энэ жил ургасан байхад өөр газарт өнжиж байдаг байгалийн зохилдлоготой. Амьтад ч түүнд нь зохицож нүүдэг. Байгалийн энэ зохидлогыг алдагдуулж, үр өгөөжийг нь зохистой ашиглаагүйгээс хүнс тэжээлийн хомстол бий болж, эцэст нь хүн, амьтан нүүр тулж бие биеэ эрсдэлд оруулах болсны тод жишээ баавгай цагаалсан энэ намар болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)