Баавгайн тоо толгой өссөн нь хүнд халдах шалтгаан болсон уу

Баавгайн тоо толгой өссөн нь эл амьтан ОХУ-ын Өвөр Байгал, Алс Дорнодод хүнд халдах шалтгаан болжээ. ТАСС агентлаг агнуурзүйч, анчин, эрх баригчдын төлөөллөөс асуухад 2010 онд тус улсад баавгайг өвөл агнахад тавьсан хориг эл амьтны тоо толгой тогтвортой өсөхөд нөлөөлсөн бөгөөд одоо уг шийдвэрийг цуцалбал аюул багасна гэж үзсэн байна. Энэ жил Алс Дорнод, Өвөр Байгалд баавгай хүнд халдсан тохиолдол олширч, найман хүн амь эрсдэж, хэдэн арван хүн шархаджээ. Мөн өлсгөлөн араатан айлын муур, нохойг ч тас татаж, хашаа, саравч, зөгийн үүр лүү ноцсон гэнэ. Хабаровскийн хязгаарт л гэхэд сүүлийн 10 жилд хүрэн болон Хималайн баавгай хоёр дахин олон болж, 21600-д хүрсэн байна. 

Красноярскийн хязгаарт уг үзүүлэлт гурав дахин өсөж, 17 мянга болсныг Сибирийн улсын их сургуулийн Ангийн нөөц баялаг, дархан цаазтай газрын асуудал хариуцсан салбарын эрхлэгч Александр Савченко мэдээлжээ. Үүний сацуу Өвөр Байгалын Байгаль орчны яамнаас мэдээлснээр зам харилцаа өргөжиж, ашигт малтмалын орд газар эзэмших, мод бэлтгэх зэргээр зэрлэг амьтдын идээшдэг газарт хүний сөрөг нөлөө ихэссэн. Мөн ойн түймэр, самар түүх, хууль зөрчин барьсаар загас эрс цөөрчээ. Тэрчлэн орчин үеийн хот, тосгодын дагуул болсон хогийн олон цэг баавгайг хүн рүү татаж буй. Краснояркийн анчин Александр Багаевын үзэж буйгаар баавгай олшроогүй, харин хүн баавгайн амьдрах орчинд хэт ойртсон нь амьтны халдлагад өртөхөд хүргэсэн аж. “Эмэгчин баавгай бамбарууштайгаа явсан, эсвэл өлсгөлөн байсан гэсэн онцгой тохиолдолд л хүнд халдана” гэж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн хэлтсийн Амьтны экологийн хүрээлэнгийн орлогч захирал Юрий Литвинов тэмдэглэжээ.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)