А.Энхтулга: Тэмцээний өмнөх айдас намайг хурцалдаг

Монголын спортын гимнастикийг нэг хэсэг залуучуудын олимпын аварга Г.Эрдэнэболд дэлхийд тахалж, анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болсон. Өдгөө АНУ-д сурч буй түүний орон зайг А.Энхтулга нөхөн, амжилтыг нь үргэлжлүүлж явна. 2015 оноос хойш УАШТ, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс түрүү алдаагүй, бариултай морины төрөлд улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Алтансүхийн Энхтулга гэдэг. 1997 онд төрсөн. Өнгөрсөн жил МУБИС-ийг төгссөн. Гимнастикийн спортоор 13 жил хичээллэж байна.

-Олонх эрэгтэй хүүхэд бөх, боксчин болох сонирхолтой байдаг. Гимнастикийн спорт Таны сонирхлыг юугаараа татав?

-Багадаа их дэггүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Өрөмний өт гэдэг шиг. 2006 онд Цагаан сарын үеэр Ч.Энхтүвшин багш спортын гимнастикаар хичээллэхийг надад зөвлөсөн юм. Түүнээс өмнө эл спортын талаар ямар ч мэдээлэл, мэдлэг надад байгаагүй. Ерөнхий боловсролын сургуульд заадаг шиг хөдөлгөөн, энгийн дасгал хийдэг гэж эндүү бодож явсан юм билээ. Уран сайхны гимнастикаар зөвхөн эмэгтэйчүүд хичээллэдэг. 

Эрчүүд спортын, аэробик, нийтийн гимнастикаар хичээллэх боломжтой. Миний биеийн онцлог спортын гимнастикт илүү тохирно. Тиймээс эл төрлийг сонгосон. Гимнастикийн танхимд анх ороход сайхан сэтгэгдэл төрсөн. Монголын шилдэг тамирчдын бэлтгэл хийж буйг хараад бахархсан, тэдэн шиг болохыг үнэхээр хүсэж билээ. Ч.Энхтүвшин багшид шалгуулаад тэнцэн, Э.Өсөхбаяр дасгалжуулагчийн удирдлагад нэг жил хичээллэсэн. 

Дараа нь талийгаач Д.Ганзориг багшаар таван жил гимнастик заалгасан. Түүнээс хойш бэлтгэлээ Ц.Алтантөгс багшийн удирдлагад хийж байна. Эхний хоёр жил зөв алхах, гүйхээс авхуулаад хөнгөн дасгал, техник сурсан. Тэгж сууриа зөв тавихгүй бол амжилтад хүрэхгүй. Ачаалалтай бэлтгэл хийдэг, бэртэх эрсдэл ихтэйгээрээ спортын гимнастик бусад төрлөөс эрс ялгардаг. Шантарч, больё гэмээр үе зөндөө байсан.

-Хамгийн хэцүү нь аль үе байсан бэ?

-Шилжилтийн насанд үнэхээр хэцүү байсан. 16-18 настайд юм уу даа. Хэр ачаалал тай бэлтгэл хийнэ, бие төдий чинээ задарна. Тиймээс зүгээр нэг энгийн бус, бэлтгэлээ маш ачаалалтай хийх чухал юм билээ. Тэр үед би бэлтгэлээ өдөр бүр 5-7 цаг базаадаг байлаа. Цүнхээ даахгүй шахам ядраад харина. Маргааш бэлтгэлээ яаж хийнэ дээ гээд халгана, шантарна. Тухайн үед багш “Та нар энэ үеийг л шүд зуугаад давчих. Бүхнээ дайчлаад зүтгэвэл хэдхэн сарын дараа тэс өөр болно. Одоо шантарвал хожим харамсахаас өөр юу ч хийж чадахгүй” гэсэн. Тэр үг намайг их хурцалсан.

-Гимнастикаар тууштай хичээл-лэвэл амжилтад хүрнэ гэх итгэлийг юунаас авав?

-Анхны амжилтаасаа. Гимнастикаар зургаан сар хичээллээд байхдаа нэг тэмцээнд оролцон, тусгай байрт шалгарахдаа их урамшсан. Түүнээс хойш манай гэр бүлийнхэн намайг бүр их дэмжих болов. 2012 онд ОХУ-д зохион байгуулсан тэмцээнд оролцсоноо дурсах дуртай. Олон улсын тэмцээнд анх удаа өрсөлдсөн минь тэр. Тус тэмцээнээс турникийн төрөлд мөнгөн медаль аваад магнайгаа хагартал баярлаж билээ. Бэлтгэлээ тууштай хийн, улам хичээвэл түүнээс илүү амжилтад хүрэх нөөцтэйгээ мэдэж, өөртөө бүр их итгэлтэй болсон.

-Одоогоор гаргаад буй амжилтаасаа сонирхуулна уу?

-Би дотоодын тэмцээнд 2008, олон улсынхад 2012 оноос хойш оролцож байна. УАШТ-ээс 2011 оноос медаль хүртэж эхэлсэн. 2015 оноос хойш УАШТ, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс түрүү алдаагүй. Бариултай морины төрөлд улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. ОХУ-д болсон тэмцээнүүдийн олон медальтай. Өнгөрсөн жил хойд хөршид болсон тэмцээнээс долоон алтан медаль хүртсэн. Азийн наадам, оюутны дэлхийн наадам, өсвөр үеийн Азийн АШТ-д тус бүр нэг удаа өрсөлдлөө.

-Оюутны дэлхийн наадамд оролцохынхоо өмнө улаан бурхан туссан гэж дуулсан. Тэмцээнээс өмнө формдоо орж амжсан уу?

-Улаан бурхан тусаад хагас сар шахам эмчлүүлсэн. Долоохон хоног бэлтгэл хийгээд л тэмцээнд оролцсон юм. Хэчнээн хичээсэн ч формдоо орж амжаагүй. “Тааруу амжилт гаргавал яана” гэж их санаа зовсон. Бэлтгэл тааруу байсан болохоор арай хөнгөн үзүүлбэрээр өрсөлдсөн.

-Спортын эрэгтэй гимнастикч зургаан төрөл болон нийлбэрээр долоон медаль хүртэх боломжтой. Түрүүн та Орост болсон тэмцээнээс долоон алтан медаль авсан гэсэн. Түүнээс өөр тэмцээнд хэдэн удаа тийм амжилт гаргав?

-Энэ жил УАШТ-ий бүх төрөлд болон нийлбэрээр түрүүлж, долоон алтан медалиар энгэрээ мялаасан. Түүнээс сарын өмнө болсон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс зургаан алт, нэг хүрэл медаль авсан. Өнгөрсөн жил УАШТ-ээс таван алт, нэг мөнгө, ОХУ-д зохион байгуулсан Сибирийн цомоос зургаан алтан медаль хүртлээ. Монголд надтай эн тэнцүү өрсөлддөг зургаан гимнастикч бий. Тэднээс хамгийн ахмад нь би.

-Спортын гимнастикаар хичээллэж буй тамирчин бэртэх эрсдэл их. Та хүнд бэртэж байсан уу?

-Хүнд, хөнгөн нь л гэхээс олон удаа бэртсээн. Ихэвчлэн хөл, гарын зөөлөн эд бэртдэг. Хуруу тулахад л санасан амжилтаа гаргаж чадахгүй. 2015 онд өвдөгний мөгөөрс бэртэн, нэлээд удаан эмчлүүлсэн. Жил шахам уйгагүй хичээн байж формдоо орсон шүү. Тэгж байхдаа гимнастикаар үргэлжлүүлэн хичээллэх үү, болих уу гэж их эргэлзсэн. Тийм хүнд байдалд байхдаа ирээдүйд дасгалжуулагч болж, олон шилдэг гимнастикч бэлтгэх талаар бодож билээ. Тэгээд МУБИС-т эрүүл мэнд, биеийн тамирын боловсролын чиглэлээр сурсан. Хичээл, бэлтгэлээ зохицуулах, хослуулах үнэхээр хэцүү.

-Олонх гимнастикч насанд хүрэхээрээ спортоо орхидог. Та ч бас тэгэх, эсэх талаар бодож, эргэлзсэн юм байна. МУБИС-д дасгалжуулагчаар бус өөр чиглэлээр сурсан тань сонирхол татлаа. Яагаад тэгж шийдсэн юм бэ?

-Шавь нараа амжилтад хүрэхэд бие, физиологийнх нь онцлогийг сайн мэддэг байх шаардлагатай. Тиймээс эрүүл мэнд, биеийн тамирын боловсролын чиглэлээр сурсан. Тэгсэн нь өнөөгийн амжилт их нөлөөлж байна. Гимнастикаар 3-4 жил тууштай хичээллэснийхээ дараа дахин сурах юм уу дасгалжуулагч хийх бодолтой.

-Бэртлээ сэдрээх вий гэх айдас тамирчинд хүнд цохилт болдог гэсэн. Та бэртэхээс хэр их айдаг вэ?

-Хамгийн дарамттай зүйлүүдийн нэг нь. Тухайн дасгалаа бүрэн сурчихсан үед өөртөө итгэлтэй өрсөлддөг. Дутуу сурсан, анх удаа хийж буй үед бэртчих вий гэж айдаг, сандардаг. Гэхдээ тэгэх нь надад давуу тал болдог. Тэмцээний өмнөх айдас намайг хурцалдаг, улам хичээх эрч хүч өгдөг. Сандарсан үедээ тухайн дасгалынхаа дэс дарааллыг нэг бүрчлэн бодож, төсөөлдөг. Тэгэхээр тайвширч, төвлөрдөг.

-Эл спортын аль төрөлд нь илүү дуртай вэ. Онцолж бэлтгэл хийдэг төрөл бий юү?

-Спортын гимнастик дотроо эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн дөрвөн хэрэглэлтэй. Би бүгдийг нь буюу чөлөөт хөдөлгөөн, бариултай морь, цагаригт дүүжин, харайлт, савлуур, турникийн төрлөөр хичээллэдэг. Бүгдийг нь эсвэл аль нэгийг нь дагнах боломжтой. Залуучуудын олимпын аварга Г.Эрдэнэболд ах харайлт, цагаригт дүүжин, чөлөөт хөдөлгөөнд илүү сайн байсан. Түүнийгээ хөгжүүлсээр харайлтын төрөлд олимпын аварга болсон шүү дээ. 

Зургуулангаар нь хичээллэдэг нь миний давуу тал. Багаасаа бүх төрөлд өөрийгөө жигд хөгжүүлсэн гэх үү дээ. Би турник, бариултай моринд илүү дуртай. Миний хувьд хийхэд хамгийн хэцүү нь цагаригт дүүжин. Асар их тэсрэлт, хурд, хүч шаарддаг төрөл. Цаашид аль нэг төрлөөр дагнах бодол байхгүй. Хэрвээ аль нэгийг нь дагнавал зургаан төрлөөр тууштай хичээллэсэн 13 жилийн хөдөлмөр минь салхинд хийснэ шүү дээ.

-Бэлтгэлээ долоо хоногт хэдэн удаа хийдэг вэ?

-Өдөр бүр 4-6 цаг базаадаг.

-Монголын гимнастикчид 1980 оны олимпод хэрэглэсэн техник, хэрэгсэл дээр бэлтгэлээ хийдэг. Эх орондоо ийм хэрэгслээр бэлтгэл хийчихээд гадаадын дэвжээнд орчин үеийнх дээр өрсөлдөхөд ялгаа гардаг уу?

-Гаралгүй яах вэ. Орчин үеийнх нь өөр шүү дээ. Монголд тэмцээнд оролцох, бэлтгэл хийхээс арай өөр техникээр өрсөлдөх шаардлага гардаг. Үүний улмаас тэмцээний үеэр алдаа гаргах, бэлтгэл дээр хийснээ давтахгүй, ахиулахгүй байх энүүхэнд. Тиймээс бид олон улсын тэмцээнд оролцохоосоо өмнө нь тухайн газрын техник, хэрэгсэл дээр бэлтгэл хийдэг. Бидний дасан зохицох чадварыг бусад орныхон гайхдаг. Нэг юм уу хоёр өдөр хийгээд л дасчихдаг.

-Монголдоо байнга хийгээд тогтчихсон техник, хэв маягаа ганц нэгхэн хоногийн дотор орчин үеийн хэрэгсэлд тохируулан өөрчлөх амаргүй байх.

-Тийм ээ. Заримдаа өөрчилснөө амжилттай гүйцэтгэдэг, алдаа гаргах нь ч бий. Цаг үеэ элээсэн, хуучин техник, хэрэгсэл дээр бэлтгэл хийдэг нь үнэн ч тэглээ гээд бид бууж өгч болохгүй. Ийм л орчинд Г.Эрдэнэболд ах бэлтгэлээ базаагаад олимпын аварга болсон. Бид яагаад чадахгүй гэж.

-Манай улс гимнастикийн ганцхан танхимтай. Бэлтгэлийн талбай, хэрэгсэл хангалттай хүрдэг үү?

-Хаа хаанаа хүрэлцдэггүй. Ганцхан танхимд уран сайхан, спорт, аэробикийн гимнастикийн бүх тамирчин бэлтгэл хийдэг. Дахин нэг юм уу хоёр танхимтай болчихвол тамирчдын амжилт эрс ахина, хичээ лэгсдийн тоо ч өснө.

-Залуучуудын олимпын аварга Г.Эрдэнэболд Монголын спортын гимнастикийг нэг хэсэг дэлхийд тахалсан. Түүнийг зодог тайлснаас хойш бүх ачаа Таны нуруунд байгаа. Энэ нь заримдаа дарамт болох юм уу?

-Ер нь дарамттай шүү. Үргэлж амжилт гарган, залуу тамирчдад үлгэрлэхийг, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгахыг хүсдэг. Заримдаа “Хэрвээ тэгж чадахгүй бол яах вэ” гэж санаа зовно. Түүнээсээ болж алдаа гаргасан нь цөөнгүй. Хоёр жилийн өмнө спортын сэтгэлзүйчээс зөвлөгөө авснаас хойш тэгэхээ больсоон.

-Эл спортоор хичээллэснээр Таны амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ?

-Мэдээж амьдралын хэв маяг. Үүний сацуу эл спорт намайг хүмүүжүүлсэн. Өмнө нь би эрхлэхээс өөр юм мэдэхгүй дураараа хүүхэд байв. Гимнастикч болсноосоо хойш тэгэхээ больсон.

-Монгол Улс гимнастикийн шигшээ баггүй. Таныг ивээн тэтгэж, дэмждэг байгууллага бий юү?

-Байхгүй. “Намайг ивээн тэтгэн, дэмжинэ үү” гэж байгууллагуудад хандахад нааштай хариу өгдөггүй. “Манайд орон тоо алга” гээд татгалздаг. Уг нь гимнастик олимпын төрлийн спорт шүү дээ.

-Тэгэхээр Та бэлтгэл хийх, тэмцээнд оролцох зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Хувиасаа гаргадаг. Санхүүгийн хүндрэлийн улмаас жилд олон улсын нэг юм уу хоёр л тэмцээнд өрсөлддөг. Намайг үргэлж дэмждэг Монголын гимнастикийн холбоо, аав, ээж, гэр бүлийнхэндээ, гимнастикийн бүх багшдаа, Ц.Алтантөгс дасгалжуулагчдаа, найзууддаа баярлаж явдаг.

-Өнөөгийн залуусыг ямар байгаасай гэж боддог бол?

-Ямар нэгэн зүйл эхлүүлбэл заавал дуусгадаг, үр дүнг нь үздэг байгаасай. Оюутан болж, ганцхан жил сурангуутаа сургуулиа, мэргэжлээ сольдог залуу цөөнгүй. Тэд зорилгоо зөв тодорхойлоогүй, өөрийгөө олоогүй байгаагийнх нь илрэл байх. “Би хэн бэ, юу хийж чадах вэ. Юу хийхдээ жаргалтай байна вэ” гэж бодож, эргэцүүлээд нэг үзээсэй.

-Ямар хүнийг эх оронч гэх вэ. Би монгол хүн гэж цээжээ дэлдэн, гудамжаар дээл өмсөж яваа бүхэн эх оронч мөн үү?

-Харьцангүй ойлголт болов уу. Хүн бүрийн бодол өөр байх. Монгол бичгээ сурахаас, хэн нэгэн гудамжинд хог хаялаа гэхэд түүнийг нь түүхээс эх оронч үзэл эхэлнэ. Уртын ганц ч болтугай дуу суран, үр хойчдоо өвлүүлж үлдээвэл, бусад орноос хэчнээн их мөнгө амласан ч иргэншлээ солихгүй байвал тэр жинхэнэ эх оронч хүн.

-Спортын гимнастикийн Азийн АШТ Монголд энэ сард болно. Манай улсад анх удаа зохион байгуулах тэмцээнд Та ямар зорилготой оролцох вэ?

-Гимнастикийн спорт хэмжигдэхүүнтэй тул барагцаалах боломжтой. Дэлхийд алдартай Хятад, Япон, БНСУ-ын тамирчидтай өрсөлдөн, медаль хүртэх амаргүй. Ер нь дэлхийн аваргын дайтай, чансаатай тэмцээн болох нь тодорхой. Харайлтын төрөлд медаль авч, нийлбэрээр эхний аравт багтах зорилготой. Миний ойрын зорилго олимпын эрх авах. Энэ жил болох ДАШТ, ирэх онд зохион байгуулах олимпын эрх олгох тэмцээнээс “Токио-2020”-ыг зорих “тийз”-ээ захиалахаар төлөвлөсөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)