А.ХИШИГБАЯР: Тэтгэврийн нэмэлт даатгалын хуульд хамгийн боломжит заалтууд тусгаж, иргэдээс санал авна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяртай Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн талаар ярилцлаа.

-Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан боловсруулж байгаа. Хуулийн үзэл баримтлал юу вэ. Одоогоор хувийн тэтгэврийн сангийн орлогыг сайн дурын үндсэн дээр бүрдүүлнэ гэсэн ойлголттой байна.

-Өндөр орлоготой иргэд шимтгэл төлөх дээд хязгаараас давсан орлогоосоо нэмэлт шимтгэл төлөх замаар ирээдүйд авах тэтгэврийн хэмжээгээ өсгөх сонирхолтой байдаг. Цаашид дундаж орлоготой иргэдийн хувьд өрхийн орлого, цалингаа зөв зохистой зарцуулснаар хувийн тэтгэврийн даатгалын санд хуримтлал үүсгэх боломжтой юм. Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын харилцаа практикт бий болсон. Гэвч тухайлсан хуулийн зохицуулалтгүй байгаа нь хувийн тэтгэврийн санд мөнгөө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсвэл эрсдэлд орохоос сэргийлэх арга замууд тодорхойгүй байгаа.

Мөн эдгээр санд холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл олгоогүй, тогтмол хяналт шалгалт хийдэггүй, засаглалын зохистой байдлыг хангасан, эсэх нь тодорхой бус, үйл ажиллагаа, санхүүгийн тайлан мэдээлэл нь гишүүд, олон нийтэд ил тод бус зэрэг шийдвэрлэвэл зохих асуудал бий. Эдгээр харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул тусдаа хууль тогтоомж боловсруулах шаардлагатай. Иймээс олон улсын туршлагад үндэслэн ахмад настны нийгмийн баталгааг Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээр хангахаас гадна даатгуулагч цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн санд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрх зүйн орчин бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан. Иймд УИХ-ын 2015 оны 53 дугаар тогтоолоор Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг баталсан. 

Эл бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ шинэчлэлийн бодлогод тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөл бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Мөн тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хязгаараас давсан өндөр орлоготой даатгуулагч хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулах нөхцөл бүрдүүлэхээр шинэчлэлийн бодлогын баримт бичигт тусгасан. Бодлогын баримт бичгийн хүрээнд хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан батлууллаа. Хуулийн төслийн зорилго нь Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн төрийн бус өмчид тулгуурлан сайн дурын тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн тэтгэврийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

Түүнчлэн энэ хуулиар хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгагчийн болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүргийг тодорхойлно. Үүнээс гадна тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох харилцааг зохицуулна. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод тодорхойлсон үзэл баримтлал, зарчим, үйл ажиллагаа нь шинээр боловсруулж буй Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төсөлд тусгалаа олж байгаа. Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Санхүүгийн зохицуулах хороо, хувийн тэтгэврийн сан эрхэлж буй зарим байгууллагын болон холбогдох төрийн болон төрийн бус бусад байгууллагын төлөөлөл, судлаачид багтсан ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж байна. Мөн Азийн хөгжлийн банкны төслийн дэмжлэгээр гадаад, дотоодын зөвлөхүүд хуулийн төсөл боловсруулахад хамтран ажиллаж байгаа. Уг хуулийн төсөлд “Хувийн тэтгэврийн нэмэлт даатгал нь гишүүдийн сайн дурын оролцоотойгоор хуримтлал хийх, нэрийн данс хөтлөх, сангийн хөрөнгийн кастодианы болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа,

...Хуулийн төслийн зорилго нь Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн төрийн бус өмчид тулгуурлан сайн дурын тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн тэтгэврийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна...

хувийн хэвшлийн этгээд дангаараа тэтгэвэр олгох болон нэрийн дансанд тэтгэврийн хөрөнгийг мөнгөн хэлбэрээр санхүүжүүлэн төвлөрүүлэх замаар хөрөнгийг бүрдүүлэх зарчимд үндэслэнэ” гэж баримтлах үндсэн зарчмаа тодорхойлсон.

-Тэтгэврийн сангийн шимтгэлийн хувь хэмжээг тогтоох, тооцох талаар хуулийн төсөлд хэрхэн тусгах вэ?

-Тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагааг тэтгэврийн сан болон уг сан бүхий хувийн хэвшлийн урт хугацааны даатгалын компани эрхлэн гүйцэтгэнэ. Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн харилцан тохиролцсон гэрээгээр зохицуулна. Хэрэв ажил олгогч, даатгуулагч хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд шимтгэл төлөх тохиолдолд шимтгэлээ нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан хувийн хэвшлийн тэтгэврийн даатгалын санд шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталж байна.

-Тэтгэврийн сангийн менежментийг хувийн хэвшлийнхнээр хийлгэх үү, эсвэл төр хийх үү?

-Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын сангийн хөрөнгийн менежментийг тэтгэврийн сан болон уг сан бүхий хувийн хэвшлийн урт хугацааны даатгалын компанийн Удирдах зөвлөлийн сонгосон хөрөнгө оруулалтын менежментийн компаниар гүйцэтгүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Харин хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй эрх бүхий этгээд тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн чиг үүрэг хэрэгжүүлэхийг хуулийн төсөлд хориглосон заалтыг одоогоор оруулаад байна.

-Санхүүгийн мэргэжилтнүүд тэтгэврийн сангийн гурван тулгуурт тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж үзэж буй. Энэ талаар хуульд тусгах уу. Тодруулбал, өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн нэг хэсгийг хувийн тэтгэврийн санд хуримтлуулах уу гэж асууж буй юм.

-Одоогийн тэтгэврийн даатгалын тогтолцоог олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжүүлэх зарчим, үйл ажиллагааг шинэчлэлийн бодлогын баримт бичигт тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн иргэн бүрт суурь тэтгэвэр олгох, хоёрдугаарт, шимтгэл төлсөн хугацаа, цалингаас хамааруулан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах, гуравдугаарт, өндөр орлоготой иргэн хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд даатгуулах замаар нэмэгдэл тэтгэвэр авах гэсэн гурван давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Эдгээр зарчим, чиглэлийг нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тусгаж байгаа. Монгол Улсын хувийн тэтгэврийн нэмэлт даатгал гэсэн гурав дахь тогтолцоог хэрэгжүүлэхдээ төрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтэрсэн өндөр орлоготой болон хуулийн нэмэлт даатгалд даатгуулах хүсэлтэй иргэн сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн санд шимтгэл төлж, нэмэгдэл тэтгэвэр авах харилцааг зохицуулах чиглэл баримталсан. Иймээс төрийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хэсгийг хувийн тэтгэврийн санд шилжүүлэх харилцааг зохицуулаагүй байхаар хуулийн төслийг боловсруулсан.

-ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн 2-3 хувилбар боловсруулж, олон нийтийн саналыг авна” гэж ярьсан. Бодлого, аргачлалын олон хувилбараас сонгох нь гэж ойлгосон. Бодлого, аргачлалын ямар хувилбарууд санал болгох вэ?

-Ер нь Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийг анх удаа боловсруулж байгаа. Тиймээс тулгамдсан олон асуудал гарч байна. Гадаадын туршлагыг нарийвчлан судлах, өөрийн орны өвөрмөц онцлог нөхцөлд тохируулан хэрхэн хэрэглэх, “нутагшуулах” гээд олон санал гарлаа. Хувийн тэтгэврийн даатгалыг хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээд эрхлэх, шимтгэлийн хэмжээг гэрээгээр тохирох, тухайн иргэний ажил олгогч хувийн тэтгэврийн даатгалд шимтгэл төлж дэмжих, хөрөнгө оруулалтын менежментийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, даатгуулагчийг эрсдэлд оруулахгүй байх гэх мэт олон санал бий. Мөн шимтгэлийн хөрөнгийг өвлүүлэх, хувийн тэтгэврийн санг эрхэлж буй эрх бүхий байгууллага, түүний хамаарал бүхий этгээд хөрөнгө оруулалтын менежментийн багт ажиллахыг хориглох, иргэдийн төлсөн шимтгэл, тэтгэвэр авагчдад олгох тэтгэврийг татвар ногдох орлогын бүрэлдэхүүнд оруулахгүй байх зэргээс сонгож, хамгийн боломжтой хувилбарыг олон нийтэд танилцуулан санал авахаар зорьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)