А.Хаянхярваа, Ш.Алтангэрэл нарыг хариуцлага хүлээхийг АТГ-аас шаардав

Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа байгууллагын хэд хэдэн удирдах албан тушаалтнуудын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт хэд хэдэн зөрчлүүд илэрчээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг мэдүүлээгүй бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан “Дөлгөөн барс” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бусдад шилжүүлсэн боловч тус компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар гүйцэтгэж, бусдад хэлбэрийн төдий шилжүүлж байжээ.

    Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь эд хөрөнгөө мэдүүлээгүй гэх бөгөөд "Солид контентс", "Аква Монгол" ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийн шинжтэй буй юм.

    Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаар Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт албан тушаалтны цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Гэвч энэ нь АТГ-аас хянан шалгаж тогтоосон зөрчлийн дагуу хариуцлагыг тооцоогүй бөгөөд сахилгын шийтгэлийг бууруулж ногдуулсан гэв.

    Иймд АТГ-аас зөрчил гаргасан дээрх хоёр албан тушаалтанд хуульд заасан үндэслэлийн дагуу хариуцлага тооцуулахыг шаардаж, Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хугацаатай албан бичиг хүргүүлсэн ажээ.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (1)