А.САРУУЛ: Хамгийн гол нь уйгагүй оролдлого, зүтгэл чухал юм билээ

Монголд анх удаа гоо сайхан, эмчилгээний зориулалттай “Beau¬ty ice” брэндийн бүтээгдэхүүн гаргасан А.Саруултай ярилцлаа. Тэрбээр 2016 онд “Lotus skin care” компаниа байгуулсан бөгөөд өдгөө гоо сайхны мөсөн бигнүүрээр олон нийтэд тодорхой хэмжээнд танигдаад буй.

-Хүн төрөлхтөн эртнээс мөсийг эрүүл мэнд, гоо сайхны эмчилгээний зориулалтаар хэрэглэж иржээ. Харин Монголд гоо сайхны зориулалтаар мөс үйлдвэрлэн, борлуулж эхэлсэн анхдагч нь та байх. Энэ санаагаа хэрхэн олов?

-Эрүүл бие, гэрэлтсэн, сайхан арьс, үстэй, үзэсгэлэнтэй байхыг хүсдэггүй, үүнд анхаардаггүй охид, эмэгтэйчүүд бараг үгүй болов уу. Би эмзэг, хэт мэдрэмтгий арьстай тул ямар бүтээгдэхүүн хэрэглэвэл зохимжтойг судлан, олон янзын тос, чийгшүүлэгч хэрэглэж үзсэн. Ингээд мөсөөр нүүрээ арчиж үзэхэд үр дүн нь богинохон хугацаанд мэдрэгдсэн тул илүү боловсронгуй болгон, янз бүрийн жимстэй хольсон ус хөлдөөн хэрэглэх болсон. Ойр тойрныхондоо ч хэрэглүүлж, сэтгэгдлийг нь сонслоо. Хүмүүс ам сайтай байсан учраас зарж борлуулах санаа төрсөн. Миний мэдэхээр Монголд гэлтгүй Япон, БНСУ, БНХАУ-д үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, гоо сайхан, арьсны эмчилгээний зориулалттай мөс байдаггүй юм билээ.

-Хэзээнээс бэлэн бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргасан бэ?

-2016 оноос сонирхсон цөөн хүнд хүргэж эхэлсэн. Эрэлт нь нэмэгдсэн учраас зориулалтын тоног төхөөрөмжтэй, жижигхэн үйлдвэртэй боллоо. Арьс арчилгааны зориулалттай нэрмэл ус гарган, олон аминдэмтэй, жимс, ногоон цайтай гэхчлэн долоон нэр, төрлийн бүтээгдэхүүн бэлтгэсэн. Үүнийгээ тасалгааны хэмд 24 цаг гэсэхгүйгээр тооцон зузаан, вакум савлагаатай ч болголоо. Ингээд эхний хоёр жилдээ дан хүргэлтээр борлуулдаг байснаа өнгөрсөн оноос дэлгүүр, худалдааны төвүүдээр зарж байна.

-Хүмүүс гэртээ төрөл бүрийн найрлагатай ус хөлдөөж, хэрэглэдэг шүү дээ. Танай бүтээгдэхүүн түүнээс ямар ялгаатай, давуу талтай вэ?

-Гэрийн нөхцөлд хөлдөөсөн болон үйлдвэрийн аргаар боловсруулсан мөсний ялгаа асар их. Бид зүгээр л буцалгасан ус хөлдөөдөггүй. Тусгай тоног төхөөрөмжөөс гадна манайх мэргэжлийн технологичтой. Өөрөөр хэлбэл, манай бүтээгдэхүүн гоо сайхан, эмчилгээний мэргэжлийн түвшнийх гэсэн үг. Бүсгүйчүүд маань гэртээ буцалгасан, ширгээсэн ус хөлдөөдөг бол үйлдвэрийн мөс нь нэрмэл гэдгээрээ онцлог, давуу талтай. Эдгээрийн найрлага ондоо шүү дээ. Гэрийн нөхцөлд бэлтгэн, хөлдөөсөн усаар нүүр, биеэ арчлахад гардаг үр дүнгээс үйлдвэрийнх нь харьцангуй илүү өгөөжтэйг хэрэглэж үзсэн хүмүүс мэднэ дээ. Арьсны эд, эсийн түвшинд нөлөөлдөг учраас ялгаатай гэсэн үг. Түүнчлэн бид мөсний найрлагад жимс, аминдэм, ногоон цайг зохих тунгаар хольдгоороо онцлог.

-“Beauty ice” бүтээгдэхүүнийг хот, хөдөөгүй борлуулдаг болсон гэсэн. Танай үйлдвэр хэчнээн ажлын байр бий болгосон бэ?

-Том үйлдвэр, компанийн хажууд манайх өчүүхэн жижигхэн мэт боловч би боломжийнхоо хэрээр ажлын байр бий болгон, өргөжүүлж яваа гарааны бизнес эрхлэгч. Манайх технологич, нягтлан бодогч, хүргэлтийн ажилчин зэрэг найман хүнтэй. Өнгөрсөн жилээс Улаанбаатарт том, жижиг 40 гаруй дэлгүүр, орон нутагт 20 орчим гэрээт борлуулагчаар дамжуулж худалддаг болсон. Байнгын үйлчлүүлэгч ч цөөнгүй бий. Манай бүтээгдэхүүнийг бүх насныхан, эрчүүд ч хэрэглэдэг. Нөгөөтээгүүр, үнийн хувьд боломжийн.

-Залуучууд янз бүрийн санаа сэдэж, бизнес болгохыг зорьдог. Зарим нь Монголд бизнес хийхэд бэрхшээлтэй, их хөрөнгө оруулалт, дэвшилт технологи шаардлагатай гэдэг. Ямар ч сайхан санаа тэгсхийгээд замхраад, үр дүнд хүрэхгүй мартагдах нь бий.

-Зарим бизнесийг эхлүүлэхэд заавал их мөнгө, нарийн технологи шаардлагагүй шүү дээ. Санаа, шийдлээ олчихвол сайн төлөвлөөд эхлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь уйгагүй оролдлого, зүтгэл чухал. Жижиг бизнес эхлэхэд шантрах үе гардгийг би биеэр мэдэрсэн учраас ингэж зоригтой “зөвлөгөө” өгч байгаа юм. Би шантраад орхимоор үетэй тулгарч л байсан. Хэрэв тэр үед больчихсон бол өнөөдрийн амжилтаа амсаж чадахгүй байлаа. Амжилтаа голж болохгүй.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би “Улаанбаатар” их сургуулийг эрхзүйч, хуульч мэргэлжээр төгссөн. Зам, тээврийн хөгжлийн яаманд нэг хэсэг ажиллаж байхдаа “Beauty ice” бүтээгдэхүүнийнхээ санааг хөгжүүлж эхэлсэн. Ингээд хувийн бизнесээ хөгжүүлэхээр ажлаасаа гарсан.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цаг бараг гардаггүй юм. Бүтээгдэхүүнээ улам сайжруулж, хөгжүүлэх тал дээр үргэлж толгойгоо “гашилгах” болсон. Савлагааны чанар, үзэмж, хэрэглээ талдаа бүтээгдэхүүн маань ямар байвал эвтэйхэн бол, орц найрлагаа хэрхэн сайжруулбал үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэх вэ гэх мэтээр байнга эрэлхийлдэг. Дэлхий дахинд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ямар дэвшил гарч, шинээр юу хийж буйг түлхүү сонирхдог. Гэхдээ мэдээж залуу хүний хувьд найз нөхөдтэйгөө ярьж суух, ном унших цаг гаргахыг хичээдэг.

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач.

-Иргэн баян бол улс баян гэдэг дээ. Монгол хүн чадах чинээгээрээ хувийн болон өрхийн орлогоо өсгөн, ажлын байр бий болгож, хангалуун амьдрал, хөгжингүй ирээдүйг цогцлооход анхаарах хэрэгтэй болов уу. Улс орон, иргэн аль нь ч санхүүгийн бэрхшээлээс гарч чадвал эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин зэрэг бүхий л салбараа тэгш хөгжүүлэх боломжтой гэж боддог. Хүн өөрөө санаж, сэдэж, хичээвэл бага гэлтгүй нэмэлт орлоготой болох боломж байдаг гэж боддог. Манай бизнесийн нэг онцлог нь бүтээгдэхүүн хадгалалт. Өөрөөр хэлбэл, хадгалах нөхцөл, горим чухал. Тиймээс бид бүтээгдэхүүнээ хадгалах хөргөгчийн асуудалтай байнга тулгардаг. Ирэх долдугаар сар гэхэд энэ тал дээр тулгарч байсан зарим асуудлыг шийдэж, сүлжээгээ өргөтгөхөөр төлөвлөсөн. Товчхондоо, үйлдвэрлэлээ нэг шат ахиулж, өргөжүүлнэ гэсэн үг.